Цагдаагийнхан эмнэлгийн гадна бэлэн байдалд шилжлээ

-ХУРАНДАА НАРЫГ “УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ” РҮҮ АЧИХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЦАГДААГИЙНХАН БИЕЛҮҮЛЭХЭЭР ЦУГЛАСАН ГЭВ-

Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхийлөгч дуудаж уулзсаны дараа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна 50 шахам цагдаа очсон юм. Үймээний хэргээр шүүгдэх гэж байгаа генерал, хурандаа нарын эмчлүүлж буй эмнэлэгт цагдаагийнхан ийн очсон сургаар ар гэрийнхэн, тэднийг дэмжигчид ч цугласан юм. Хэвлэлийнхэн дунд “Өнөөх хурандаа нарыг чинь барьж хорих гэнэ” гэсэн мэдээлэл тарж амжив. Харин энэ тухай шүүгдэгчдийн өмгөөлөгчид сонсоогүй байв. Цагдаагийнхан одоо л шүүхийн шийдвэр биелүүлж, экс дарга нараа шорон руу ачих нь гэх мэдээллийн дагуу өчигдөр 19.00 цагт очиход эмнэлгийн хашаанд цагдаа, хурандаа нарын ар гэрийнхэн талцчихсан зогсоцгоож байлаа. Дэд ахлагч голдуу цолтой цагдаа нар өвчтөн хүлээн авах хаалганы хоёр талаар эгнэн зогсчээ. Мөн дэслэгч, ахлах дэслэгч цолтой цагдаагийн алба хаагчид эмнэлгийн ойролцоо гурав, дөрвөөрөө бүлэг болон байдлыг ажигласан шиг зогсоцгооно. Харин хурандаа нарын ар гэрийнхнээс хоёр эмэгтэй хүлээн авахын хаалгыг таглан, цагдаа нарыг ойртуулахгүй элдвээр хэлцгээж байсан юм. Тэр хоёрыг бусад нь дэмжин үе үе ихээхэн шуугиан дэгдээнэ.

hurandaa-tsagdaaАр гэрийнхэн цагдаа нарт “Та нар дарга нарыгаа бариад явахаас ичээч. Та нараас болж цагдаагийн нэр хүнд уначихлаа. Шударга ёсны төлөө нэг удаа тушаал биелүүлэхгүй байж болно шүү дээ. Тэгээ гээд ажлаасаа л халагдана биз” гэх мэтээр цагдаа нар руу дайрна. Мөн “Эхлээд биднийг аваачаад хорьчих. Сэхээнд байгаа хүнээ та нарт өгч алуулахгүй. Тэр Элбэгдорж өөрөө ирээд авна биз. Амьд байгаа цагтаа та нарыг энэ эмнэлэг рүү оруулахгүй” гэцгээнэ. Цагдаа нарын нэг хүлээн авах тасгийн хаалга руу дөхөх төдийд ар гэрийнхэн нэг дуугаар “Болиочээ та нар”, “Ичээч” гэх мэтээр орилолдох юм. Хариуд нь цагдаагийнхан ганхийн дуугүй бээвийж зогсох аж.

Ар гэрийнхэн цагдаа нараас гадна сурвалжлага хийж байсан сэтгүүлчдийг элдвээр хэлж, хөөж байв. Тэдний хэлж байгаагаар сэтгүүлчид үнэнийг бичдэггүй, хүний мууд дурлаж яваа гэнэ.

hurandaa-tsagdaaСүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс гадна өчигдөр 19.15 цагт XI хороолол орчим, байрнуудын дунд гурван суудлын тэрэг, нэг фургонтой цагдаа нар байраа эзэлцгээсэн байлаа. Тэд “Яах гэж бэлэн байдалд байгаагаа мэдэхгүй байна. Дээрээс тушаал өгөхийг хүлээж байна. Ямар тушаал өгөхийг мэдэхгүй юм” гэцгээж байсан юм. Цагдаагийн алба хаагчид яах учраа мэдэхгүй хоорондоо хөзөр тоглох зэргээр цагийг өнгөрөөж байлаа.

Цагдаагийнхан эмнэлгийн ойролцоо тодорхойгүй бэлэн байдалд байх зуурт хурандаа нарт дусал тариа хийж байгаа сураг сонсогдов. “Дуслыг нь дуусахаар ачих юм гэнэ лээ” гэх яриа ч эмнэлгийн гадна өрнөж байлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Итгэл 21.00 цагийн орчимд савтай хоол барьж эмнэлэг рүү орсон юм. Гарч ирэхдээ “Би шавийгаа эргэж явна. Таслан сэргийлэх арга хэмжээ авах юм бол бид яахав дээ” гэснээс өөрийг хэлсэнгүй. Тэр үеэр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо цагдаагийн машин нэмэгдсээр байсан юм. Замын хоёр талаар цагдаагийн машинууд эгнэж, цагдаа нар ойролцоо нь хөлхөлдөж байв.

hurandaa-tsagdaahurandaa-tsagdaa

Ийн 22.00 цаг хүртэл эмнэлгийн гадна яах гэж байгаа нь үл мэдэгдэх цагдаа нар байсаар байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр хурандаа нарыг “Урьдчилан хорих төв” рүү ачих шүүхийн шийдвэр гарсан гэнэ. Харин цагдаагийнхан шүүхийн шийдвэрийг хэзээ биелүүлэх, ойролцоо бэлэн байдалд байгаа цагдаа нар хэрхэх нь тодорхойгүй хэвээр байсан юм. 23.10 цагийн үед ачлагын машин эмнэлгийн хаалганд тулан зогслоо. Энэ үед цагдаагийн дарга нарын ар гэр болоод дэмжигчид болох 30 гаруй хүмүүс “Цагдаа улс төрийн золиос биш, биднийг алаад энэ дөрвийг авч яв” хэмээн уйлалдан дайрав. Мөн нялх хүүхдээ тэвэрсэн эхчүүд хүртэл нэмэгдэн ирж байлаа.

Ц.ӨРНӨХ Н.МӨНХЗУЛ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих