Оюутнууд 10 цагт хичээлдээ явж өглөөний түгжрэлийг багасгах гэнэ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Уг хурлаар дүүргийн Засаг дарга нар хөрөнгө оруулалтын ажлын тайлангаа тавихын зэрэгцээ замын түгжрэлийг багасгах зорилгоор оюутан сурагчдын хичээлийн цагт өөрчлөлт оруулж байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын ачааллыг багасгах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хууль зүйн дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухааны яам хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас төв зам болон ачаалал ихтэй хэсэг дагуу байрлах ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн цагт өөрчлөлт оруулж байгаагаа дуулгалаа. Тухайлбал, Энхтайвны гүүр, 120 мянгатын замын ачааллыг бууруулах үүднээс Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээл өглөө 08.40-д эхэлдэг байсныг 10.00 цагаас болгож өөрчилжээ. Шинжлэх ухаан технологийн их сургуульд 16 мянган оюутан суралцдаг. Бусад их, дээд сургуулийн оюутны тоог гаргавал төрийн ордонг тойрсон их, дээд сургуульд нийт 30 мянган оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудын хичээлийг ч мөн 10.00 цагаас эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр оюутан сурагчдын хичээл эхлэх цаг төрийн болон төрийн бус байгууллагын ажил эхлэх цагтай зөрж буй юм. Энэ шийдвэрийг сургуулийн захирал болон удирдлагуудтай зөвлөлдөж гаргасан байна.

Мөн Улаанбаатар хотын томоохон худалдааны байгууллагын удирдлагуудтай ирэх долоо хоногт уулзаж цагийн зөрүүг хэрхэн гаргах талаар хэлэлцэхээр болжээ. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногоос гаргаж мөрдөж эхлэхээр болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 5-наас буюу сурагчдын амралт дуусах үеэр хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах гэнэ.

БАГАНУУР ДҮҮРЭГТ ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ

Шуурхай хуралдаанаар дүүргүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг танилцуулж байгаа билээ. Энэ удаад Багануур дүүрэг ажлаа танилцуулав. 2008 онд Багануур дүүрэгт 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан бол 2012 онд 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил өрнөх гэнэ. Бүх дүүрэгт усан бассейн бүхий спорт цогцолбор барих ажил өрнөж буй. Энэ ажил мөн Багануур дүүрэгт хийгдэж эхэлжээ. Хорооны нэг цэгийн үйлчилгээг бий болгох, хот тохижилт, парк шинэчлэлт, хороодод тохижилтын авто машины шинэчлэлт хийхээр төлөвлөжээ. Одоогоор нийт 3,2 тэрбум төгрөгөөр зургаан бүтээн байгуулалтын ажил өрнөхөд бэлэн болсон байна. Үүнд жижиг, дунд үйлдвэрийн төв, 850 хүний суудалтай соёлын ордон, Боулингийн төв байгуулах ажлаас гадна Багануур дүүргийн зам засварын ажил эхлэх шатандаа явж байгаа гэж мэдээллээ.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Сэтгэгдэл бичих