Хурандаа нарыг эмнэлэгт нь “хорино”
Долдугаар сарын 1 -ний үймээний хэрэгт холбогдсон тухайн үеийн цагдаагийн удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарыг шүүх хурал энэ сарын 14-нд болох байсан ч шүүх бүрэлдэхүүн татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч ирээгүй учир түүний хэргийг тусгаарлаж шийдэхээр болсон ч өмгөөлөгч бүгд эсэргүүцсэн юм. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг цагдан хорих шийдвэр гаргав. Эл шийдвэрийг эсэргүүцэж шүүгдэгч нарын өмгөөлөгчид Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хандсан.
Цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих шийдвэр гарснаас хойш нийгэмд багагүй дуулиан дэгдээд байгаа. Тодруулбал, цагдаагийн экс дарга нарыг хорих шийдвэрийг зарим иргэд, тэдний ар гэрийнхэн хийгээд мэргэжил нэгт нөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хохирогчид болон шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байхад цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ нь хууль бус хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүх баасан гаригт цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг авч хэлэлцэж, захирамжид өөрчлөлт оруулсан ч цагдан хорих шийдвэрийг нь хэвээр үлдээсэн байна.
Уг захирамжид Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй цагдаагийн экс дарга нарыг Сүхбаатар дүүргийн цагдаа нараар харгалзуулахаар тусгажээ. Одоогоор тэднийг хэдий хугацаанд цагдан хорих нь тодорхойгүй байгаа бөгөөд өмгөөлөгчдийнх нь хэлж буйгаар тэднийг дараагийн шүүх хурал хүртэл хорих бололтой. Гэхдээ тэднийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт шүүх хурал болтол цагдаагийн хяналт дор эмчилгээ хийлгэхээр болсон байна. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь хууль зүйн үндэстэй байвал, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөөд, шүүх хурлын товыг зарлах аж. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй дээрх нэр бүхий гурван хүний биеийн байдал сайнгүй байгаа гэнэ. Хошууч генерал Ч.Амарболдын эхнэрээс биеийн байдлын талаар тодруулахад “Даралт нь буурахгүй гэнэт өсөөд байгаа. Мөн сахар нь их буюу 18-20 хувьд байгаа. Энэ бол хүнд байна гэсэн үг. Олон жил цагдаагийн байгууллагад эрүүл мэндээ умартан ажилласан. Одоо энэ өвчин нь сэдэрч байна. Нөхрийн маань биеийн байдал дээрдээгүй учир би байнга сахиж, хоол цайг нь зөөж байна” хэмээсэн юм.
ӨМГӨӨЛӨГЧИД ДАРААГИЙН ШАТАНД ГОМДОЛ ГАРГАХАА МЭДЭГДЛЭЭ
Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгчээс хурандаа нарын цагдан хорих шийдвэрээ хэвээр үлдээснээ мэдэгдсэний дараа шүүгдэгчдийн өмгөөлөгчид хэвлэлийн хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн зүгээс эл шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатанд гомдол гаргана гэдгээ мэдэгдлээ. Учир нь цагдан хорих шийдвэр гаргах болсон үндэслэлийг буруутгаж байгаа бөгөөд хэргийн оролцогч нарын зүгээс татгалзсан хууль бус бүрэлдэхүүн тэрхүү тогтоолыг гаргасан гэж үзэж буй юм. Шүүгчдэгчдийн зүгээс өмгөөлөгч өвдсөн, гадаадад явсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулж ирсэн нь шүүн таслан үйл ажиллагааг тасалдуулах үйлдэл гэж үзэж цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ нь хууль ёсны эрхээ эдэлсэн өмгөөлөгчдийг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа хэрэг гэж үзэж байна. Өмгөөлөгч нь шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсоор байтал үйлчлүүлэгчийг нь дарамтлах, цагдан хорих явдал хавтгайрч байгаа гэж мэдэгдлээ. Дээрх хэрэгт шүүгдэж буй цагдаагийн хурандаа нарыг цагдан хорих шийдвэрийн талаар Монголын шүүгчдийн холбоо төрийн бус байгууллагаас гаргасан мэдэгдэлд бас шүүмжлэлтэй хандлаа. Цагдан хорих тухай тогтоолын талаар гаргасан гомдлыг албан ёсоор хэлэлцээгүй байхад тэрхүү тогтоолын зорилго,” үндэслэлийн талаар шүүгчдийн холбоо зөвтгөсөн шинжтэй мэдэгдэл гаргаж байгаа үйлдэл нь энэ хэргийн талаар гарах эцсийн шийдвэр нь урьдчилан төлөвлөгдсөн гэж харагдуулахуйц үйл явдал гэж О.Алтангэрэл нарын өмгөөлөгчид мэдээллээ.
ХУРАНДАА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХАЛУУН СЭДЭВ ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарыг шүүх хурал өнгөрөгч лхагва гаригт сүр дуулиантай болсон. Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг шүүгдэгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн шүүхийн байрны гадаа жагссан цагдаа нар Ч.Амарболд нарыг хоривол ажил хаялт зарлаж, тэмцэл хийнэ” гэсэн юм. Хамгийн халуун сэдэв хэвээр байгаа эл хэргийн эргэн тойронд болсон үйл явдлын талаар хэвлэл болон олон нийт янз бүрээр байр сууриа илэрхийлж байгаа билээ. Тиймээс зарим хүнээс “Цагдаа нар, шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх эрхтэй юу. Цагдаа нар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх үү” гэсэн асуултад хариулт авсан юм.
Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай: ЦАГДАА НАР АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН
-Шалгуулж байгаа албан хаагчид болон ар гэрийнхнийх нь зүгээс эрүүгийн хуулийн зүйлчлэлээр бурууттаж байгаа талаар санал, хүсэлт тавьж байгаа. Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн байцаалт, прокурор, шүүхийнхэнд зүйлчлэлтэй холбоотой асуудлыг судалж үзэх талаар хүсэлт тавьж байна. Шүүхийн байрны гадна байсан цагдаа нарын хувьд шүүх хуралдааны дэгийг сахиулах, шүүх бүрэлдэхүүн болон шүүгдэгчдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байсан. “Шүүх үйл ажиллагааг тасалдуулахад оролцсон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж мэдээлж байгаа нь үндэслэлгүй. Мөн үзэл бодлоо илэрхийлэхээр очсон. Цагдаагийн албан хаагчид ажил хаяхыг хуулиар хориглосон байдаг. Одоогийн байдлаар цагдаагийн бие бүрэлдэхүүний хэмжээнд “Ажил хаясан. Ажил хаяна. Тэмцэл хийнэ” гэсэн мэдээлэл байхгүй байна.
Хууль зуй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: ЦЭРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭР ЗҮЙЛЧИЛЖ БОЛОХГҮЙ
-Шүүн таслах ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яам хөндлөнгийн дүгнэлт хийх эрх байхгүй. Цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхний зүгээс шалгагдаж байгаа цагдаагийн албан хаагч нарт хууль, эрх зүйн туслалцаа өгөх хүсэлт гаргасан байдаг. Албан тушаалтнуудыг цэргийн гэмт хэргээр зүйлчлэн яллаж байгаа. Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг цэргийн гэмт хэргээр зүйлчилж, ял шийтгэхгүй гэсэн хуулийн заалт бий. Ийм хууль зүйн орчин 2008 оны хоёрдугаар сард байхгүй болсон. Долоодугаар сарын 1-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн удирдлагууд нийтийг хамарсан эмх замбараагүй үйлдлийг таслан зогсоохдоо галт зэвсэг хэрэглэх тушаал огт өгөөгүй, буу тавьж олгоогүй.
О.УУГАНЖАРГАЛ
URL: