“Wikileaks”-ын дэлгэх дараагийн баримт Швейцарийн банкны материал

Швейцарийн нэгэн иргэн “Wikileaks” сайтад улсынхаа банкны талаарх нууц баримт бичиг, тэмдэглэлүүдийг дамжуулсан тухай мэдээлжээ. Рудольф Элмер хэмээх Швейцарийн банкинд ажилладаг тэрбээр Лондонд болсон хэвлэлийн хурлын үеэр тус сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид нууц баримтууд бүхий хоёр диск өгсөн байна. Түүний хариуд Ассанж баримтуудыг нягталж үзээд, сайтдаа нийтлэхээ амласан гэнэ. Харин дискэн дээр дурдагдсан болон холбоотой хүмүүсийн нэрийг нийтлэхгүй аж. Элмерийн хэлснээр тэдгээр дискэн дээр 2000 орчим үйлчлүүлэгчийн тэмдэглэл буй. Гэсэн ч тэдний болон удирдлагуудын нэрсийг илчлэхгүй хэмээсэн байна. Тэрбээр өөрийгөө идэвхтэн, шинэчлэгч болон банкны ажилтан хэмээн тодорхойлсон аж. Мөн “Би банкны ажилтны хувьд хэрвээ ямар нэгэн болохгүй зүйл ажиглагдвал ил гаргах эрхтэй гэж бодож байна” хэмээсэн байна. Мөн тэрбээр “Миний мэдэж буйг олон нийт мэдэх хэрэгтэй. Учир нь манай банкны систем нийгмийг гажуудуулж, мөнгө урсгаж байна. Гэсэн ч энэ үйл ажиллагааг шат шатны хууль хяналтын байгуулага нуун дарагдуулдаг” хэмээсэн байна. Элмерийг улсын банкны нууцлалыг дэлгэсэн болон ажиллаж байсан газартаа заналхийлэл үзүүлсэн хэмээн буруутгажээ. Тиймээс шүүх түүнд зөвхөн нууцлал дэлгээд зогсохгүй мөнгө нэхсэн, тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн хэмээн найман сар шоронд хорих болон 2000 франк буюу 2,083 долларын торгууль ноогдуулах саналтай байгаа гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих