МОНГОЛД сураггүй алга болсон Америк эр амиа алджээ
Манай сонины энэ сарын 14-ний өдрийн дугаарт Америк бизнесмэн Монголд сураггүй болсон тухай мэдээлсэн билээ.
АНУ-ын Нью-Жерси мужийн Моунт Олив хэмээх жижиг хотын сонинд хэвлэлээс эх сурвалжилж авсан мэдээллээр тус хотын уугуул, хотын ахлах сургуулийг 1985 онд төгсөгч Жон Мартин Кийн хамгийн сүүлд Монгол улсын Дархан хотоос энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр цахим захидал илгээснээсээ хойш сураггүй болсон юм. Мэдээллийн мөрөөр сурвалжлахад Жон Мартин Кийн бусдын гарт хорлогдон амь насаа алдсаныг тогтоосон байна.
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай холбогдоход “АНУ-ын иргэн Жон Мартин Кийн Монголд амь насаа алдсан нь үнэн. Бид түүний гэр бүлийнхэнтэй холбоо тогтоон ажиллаж байна. Консулын зөвлөгөө өгч байгаа. Үүнээс илүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх байх” гэсэн юм.
ЦЕГ-аас энэ хэргийн талаар тодруулахад “Улсын мөрдөн байцаах газрын Эрүүгийн цагдаа 6-р хэсгийн алба хаагчид эрэн сурвалжилж, энэ сарын 13-ны өдөр уг гэмт хэргийг илрүүлсэн. АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Ж.Баттуул гэх эмэгтэй Төв аймгийн Эрдэнэ суманд аваачин, галт зэвсэг ашиглан амь насыг нь хохироосныг тогтоон, сэжигтнээр татан цагдан хориод байна.
Талийгаач энэ оны нэгдүгээр сарын 5-нд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаар Монгол Улсын хил нэвтэрсэн байсан. Гуравдугаар сарын 1-нд Интерполоос түүнийг ор сураггүй алга болсон учир эрэн сурвалжлуулах тухай тоот ирүүлсэний дагуу Эрүүгийн цагдаагийн газраас ажиллагаа эхлүүлсэн байсан. Америкийн иргэний ээж Интерполд хүсэлт тавьсан бололтой” гэсэн мэдээллийг өглөө.
Моунт Олив хотын сонинд гарсан сүүлийн мэдээлэлд “Жон Мартин Кийн Монголд алагдсан бөгөөд хүн амины хэрэгт түүнтэй үерхэж байсан монгол бүсгүйг сэжиглэж байна.
Монголд суугаа АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч Жоны ээж, хатагтай Маргарет Кин руу утасдаж, түүний хүү нас барсан болохыг мэдэгджээ. 70 настай хатагтай Кийны ярьснаар, Жоныг Тайваньд багшилж, мөн Монголд бизнес эхлүүлэхийн тулд мөнгө олохоор ажиллаж байх үед нь түүнтэй үерхэж байсан эмэгтэйг аллагад сэжиглэж байгаа юм байна. Тэрбээр мөн Элчингийнхэн хүүгийнх нь шарилыг авчрах талаар илүү тодорхой мэдээлэл өгнө гэсэн гэв. Хүү нь МакГуире дэхь Агаарын цэргийн баазад өөрийг нь нутаглуулахыг хүсч байсан тухай хатагтай Кийн дурсан ярилаа.
Агаарын цэргийн хүчинд алба хааж байгаад чөлөөнд гарсан 45 настай Жон Мартин Кийн өнгөрсөн оны эцэс хүртэл буюу Монголоос бизнесийн санал хүлээн авах хүртлээ эхнэр, хүүхдийн хамт Тайваньд амьдарч байжээ. Тэрбээр ээждээ нэгдүгээр сарын 6-ны өдөр Дархан хот руу явахынхаа өмнө цахим шуудангаар захидал илгээснээсээ хойш сураг чимээгүй алга болжээ” гэж бичсэн байна.
Н.Гантуяа
URL: