Шаргачингийн үлгэр /Дууль/
Цагаан зээрийн сүрэг бэлчиж явтал
Санаат муут анчны тэнэсэн суманд
Сүүгээ үрдээ хөхүүлэх эх зээр өртжээ
Хүзүүнд нь туссан сумны шарх
Хөдлөхөд нь хөндүүртэй хэцүү байвч
Хундан улаан цусаа дуслуулан тэрбээр
Хөл сөгдөхийн өмнө үгээ хэлжээ
Шархадсан шаргачин янзагтаа
Шалавхан зугт гэж хэллээ
Хөх дэлэнгээ тастаж өгөөд
Хөөж тууж явуулжээ
Хөөрхий өнчин янзага
Хөлийн хурдаар зугатаж
Хөмөөлт ногоон хөндийд
Хөхөө хөхсөөр хонож гэнэ
Уураг цагаан сүү нь дуусахгүй
Ундрах юм гэнэ
Урсах нулимс шиг
Бөмбөрөх юм гэнэ
Хөмөөл таана идээд
Хөнгөхөн нь аргагүй гүйнэ
Хөл туурайгий нь илээд
Хөтөлж дагуулж явах юм гэнэ
Хөөрхий янзага
Хөхөө хөхсөөр
Хүч тэжээл авч
Хурдан томорсон гэнэ
Гурван өдрийн дотор
Гур шиг өссөн гэнэ
Гучин өртөө газрыг
Гуниггүй туулж гэнэ
Үргэн хулжсан сүргээ хайж
Өдөр шөнөгүй явав гэнэ
Өргөн талыг туулж
Өөг сөхөөгүй хатирав гэнэ
Гурван өдөр гурван шөнө яваад
Гуулингийн талд ирэв
Үй олон сүргийнхээ барааг
Үзэж хараад уйлав
Сүргээ харсан янзага
Сүүдэртээ цочин эргэтэл
Ачит эхийг нь хөнөөсөн
Алд буу үүрсэн
Анчин хүн бус
Араатан чоны сүрэг
Алгуурхан идээшлэх нөхөд рүү нь
Араа шүдээ арзайлган
Алс холоос бүсэлж
Алгуурхан гэтэж байв.
Ээжийнх нь хөх янзганд
Ийн өгүүлрүүн:
-Эндээс хурдан явж
Ижил сүрэгтээ оч
Араатан чонын дайралтыг
Анхааруулж хэл өг
Айраг цагаан сүү минь
Ахиж гарахаа болилоо
Асарч бөөцийлсөний буянд
Аргагүй том боллоо чи
Би цааш явж чадахгүй
Бэтгэрээд эндээ хатъя
Эргэж битгий хараарай
Эрчилсэн сум шиг дүүлээрэй
Эрмэг зээр шиг нисэж
Ид хаваа гайхуул гэжээ.
Гэтэж яваа чононуудын
Гэнэт урд нь гараад
Хөөрхий янзага харайхаараа харайж
Хөлийн хурдаар дүүллээ
Ард нь үлдсэн эхийнхээ хөхийг
Ахиж харахгүй гэхээс
Асгарах нулимс нүдийг нь
Алганы дотор шиг бүрхэнэ
Эхийн хөх хамхуул шиг өнхөрч
Эрэлхэг зоригтойгоор чонод руу зорьж
Эвсэн дайрахаар мөлхөх тэднийг
Эцсийн мөчид анхаарлыг нь үргээнэ…
Бяцхан янзага нь хөл мэдэн
Бараантах сүргийн зүг давхина
Сүрэг чонын аманд хэвтэх
Сүүт хөхөө санан хурдална
Цахилдган дээгүүр харайж
Цаана нь гаран дүүлж
Бутан дээгүүр үсэрч
Бууж цовхрон ниссээр
Өнөр сүрэгтээ очиж
Өөрийн хэлээр хэлж
Өст дайсны аюулаас
Үргээн зугтаалгаж гэнэ
Эхийнхээ хөхийг хөхсөн
Эрх бяцхан янзага
Энэ хэдэн хоногт
Эгэлгүй өссөнийг хараад
Сүргийн толгойлогч ооно
Сүрхий цочиж харсанаа
Өөрийн дагуул болгоод
Өргөж асарч явсан гэнэ…
Хожим хойно тэр янзага
Холхийг туулан ирж
Хайрт ээжийнхээ хөхийг
Хайгаад олоогүй гэнэ лээ
Гурванхан өдрийн дотор
Гучин удаа угжиж
Өчүүхэн жаахан түүнийг
Өндөр том болгосон
Эх шаргачины ариун хайрыг
Эгшиглэн дуулахад тал ч багадна
Эрэг хөвөөгөөрөө зэгстэй
Эртний нуур багадна
Элсэн цөлийн түмэн үрчлээ болсон
Элчилгүй шаргал говь ч багадна…
Эхийн сэтгэлд хорвоо багтана
Энгүй уудам тал багтана
Энхрий нялх үрийнх нь
Элсэнд шингээсэн нулимс багтана
Ид шид хувилгаан дүр багтана
Ирж явахын завсархи амьтны амь багтана
Ижийгүй өнчрөх янзаганы
Ижилдээ хүндлэгдэх алдар ч бас багтана
Биеэ хоёр хувааж
Бяцхан үрдээ зориулсан
Цөст их хайрынх нь
Сүүн зам нь багтана.
2007 он.
URL: