Инженер, эдийн засагч, судлаач Х.БОЛОРБОЛД: Коммунизм, ардчилсан неолиберализм хоёр нэг л “зохиогчтой”

Цуврал ярилцлага – 4

Таныг өнөөгийн ардчилсан нийгмийн тогтолцоог шүүмжлээд эхлэнгүүд нэг бус нэлээд олон хүн, магадгүй хэсэг бүлэг, нам эвсэл ч таныг хуучнаа санагалзсан, коммунист үзэлтэн, монголын хөгжлийг арагш нь чангаахыг хүсэгч, ардчиллаас ухрагч, дарангуйлал тогтоохыг хүсэгч гэх мэтээр эсэргүүцэх нь тодорхой. Энэ бүхэнд та юу гэсэн хариулт өгөх вэ?

Юуны өмнө “Голын нэг усанд хоёр дахин орж болдоггүй” гэж нэг үг байдаг даа. Энэ бол голын ус урсаад өнгөрдөгтэй ижил, аливаа түүх бол цаг хугацааны, нийгмийн амьдралын эрхээр урсгаад өнгөрдөг, харин дараа нь өнгөрсөн түүхийн  сайн муу сургамжийг нийгэм хүмүүс ямар нэг хэмжээнд ойлгож ухаарсан байдаг, тэгээд ч улс нийгмийн гадаад дотоод нөхцөл байдал шал өөр болсон байдаг гэсэн үг шүү дээ. Иймээс яг хуучин нийгэм үрүүгээ буцах тухай ойлголт төсөөлөл бол хүмүүсийн цэвэр сэтгэл хөдлөл дээр тоглож байгаа манипуляц бөгөөд мөн чанартаа нийгмийн олонхийг үүгээр айлгаж хуурч байгаад одоо зарим хүмүүсийн хэвшмэл ойлголт төсөөлөл болгосон эд, ер нь логикгүй яриа юм. Иймээс “хуучнаа санагалзах”, “буцах” тухай үг яриа бол бусдыг үгүйсгэж шошго наах гэсэн, бодит байдлаа олж харах ухаарах гэсэн зүйлийг ярьж байгаа хүмүүсийг битгий сонс, ард түмнийг нүдээ аниж чихээ бөглөөд сууж бай гэсэн далд зальжин санаа шүү дээ. Тэгээд ч яг буцаад өнгөрсөн байдалдаа орох гэдэг нь огт бодит боломжгүй зүйл. Миний хувьд бол өмнөх түүхээсээ суралцаж алдаагаа дахин давтахгүй байх сургамж, харин олсон ололт амжилт туршлагуудаа тулгуурлаад цааш нь нэмээд баяжуулаад аваад явах, хамгийн гол нь улс үндэстнийхээ бодит боломж, одоогийн нөхцөл байдлыг зөв харж тооцож нийгмийн үнэмлэхүй олонхийнхоо амьдралын энгийн үнэнг ойлгож тэдний туйлын хүсэл тэмүүллийг нь хангах зөв чиг баримжаа, хөгжлийн гольдролын тухай яриа юм. Одоо бид үзэл сурталжиж ханалаа шүү дээ, одоо судлах ойлгох, сэхээрэх ухаарах, хөгжлийн зөв замаа тодорхойлох, тэгээд даруй хөгжлөө бүтээж эхлэх хэрэгтэй байна даа.

Би коммунист биш ээ, урьд нь ч байгаагүй. Ингэж хялбарчлан сэтгэж бодож ярьж байгаа бол бид үүнээс хойш 20 гаруй жил өнгөрчихөөд байхад, маш олон үйл явдлууд бидний нүдэн дээр өрнөж үр дагаврууд нь илрээд байхад Монгол эх орныхоо туулж өнгөрүүлсэн нэн шинэ түүх, өнөөгийн байдлаа төдийгүй ялангуяа өнгөрсөн 100 жилийн дэлхийн улстөр-эдийн засгийн цаад нарийн учир шалтгаануудыг бас л сайн судлаж ойлгоогүйг харуулж байгаа юм. Зөвхөн хэн нэгний ярьсан хэлсэн, бичсэн зүйлийг чин үнэн гэж итгэж “сургаар ойлголт”-той суусаар байгаа, юмыг дэндүү хялбаршуулж нэг хэв загварт оруулж ойлгодог болсон бидний өнөөгийн сэтгэлгээ юм даа.

Бидний хэн нь ч хүний нийгмийн бодит шударга байдал, бодит эрх тэгш байдал, бодит эрх чөлөө бодит сайн сайхны төлөө үзэл санааны эсрэг биш гэдэг нь ойлгомжтой, харин одоогийн ардчилал гэдэг үзэл суртлын баг өмссөн энэ бүх уршигтай үйл ажиллагааг, тарьсаар байгаа үр дагавруудыг нь шүүмжилж байгаа хэрэг юм. Одоо улс гэрийг маань юунд ч хүргэж болох нөхцөл байдал нэгэнт бүрдчихээд байна шүү! Бид одоо дотроо хэмлэлдэж суухаа больё гэж хэлэх байна. Үүн шиг амархан, тэгээд маш хор хөнөөлтэй юм гэж байхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой.

Ер нь “Чи бидэнтэй л биш бол чи бидний дайсан” гэдэг уриа, ойлголт бол харгис дарангуйлагч Муссолини, Гитлерийн үед гаарч байсан үзэл санаа юм шүү дээ. Тэнд өөр хэнийг ч юуг ч бүү сонс, бүү олж хар, бүү ярь хэлэлц, нийгэмд нь “бид эсвэл дайснууд” гэсэн үзэл сурталыг гааруулж байсан юм шүү, эцсийн үр дүнг нь бид сайн мэдэж байгаа. Тэгвэл одоогийн манай нийгэмд ноёлж байгаа энэ харийн үзэл суртал, түмэн олны төөрөгдөл, энэ ядуурч туйлдсан маргаашгүй амь зуулга нь өнгө, мөнгөний хавтгай дарангуйлал биш гэж үү?

Социализмыг шорон байсан хэмээн өнөөдөр хэлэхэд 25-аас доош насныхан бараг л үнэмшинэ. Ер саяханы мэт боловч нийгэмд бүхэл бүтэн үе гараад ирчихсэн байна. Социализмыг эргэн санагалзах нь өнөөдрийн бухимдлын үр дүн, угтаа үнэндээ шорон байсан нь үнэн, тэр шоронд хүмүүсийг өөрийгөө аз жаргалтай хэмээн төсөөлөх хэмжээнд хүртэл тархийг нь угааж байсан гэвэл …. Яагаад гэхээр өмчгүй, эрх чөлөөгүй, тийм учраас санаа зовох хайрлан хамгаалах юмгүй байсан. Санаа зовохгүй байсныгаа хүмүүс жаргалтай гэж дүгнэдэг гэх мэтээр….

Эхлээд тэр нийгмийн чиг баримжаатай социалист нийгэмд амьдарч байсан, дараа нь энд “ардчилсан” Монголдоо болон Баруунд амьдарч энэ амьдралуудыг харьцуулж чадах хүмүүсээс тэр үеийн социалист чиг баримжаатай нийгэм дэх амьдрал тань “шорон” байсан уу гэдгийг, ер нь улс нийгмийн шорон гэж юу байж болохыг асуух хэрэгтэй л дээ. Би л лав өөрийгөө болон бусад бүх хүмүүсийг ийм “шоронгийн” хоригдолууд байсан гэж бодохгүй байна. Аливаа юм зүгээр нэг зурагтаар үзэж хараад, вэб сайт, сонин сэтгүүлээс уншаад биш харин бодит амьдрал дээр харьцуулж үзэж байж л зөв ойлгогддог жамтай. Жишээ нь, ТВ-ээр явж байгаа тансаг амьдралын ихэнх зураглалууд нь тайзны засал гэдгийг, манай бодит амьдрал хоёрын хооронд их зөрүүтэй гэдгийг хүн бүр харж ойлгож байгаа. Хүмүүс үүнийг ойлгодог мөртлөө яагаад аливаа үзэл суртал, номлолын тухай ярихаараа үүнийг мартчихдаг, ойлгохыг хүсэхээ больчихдог нь гайхалтай. Шорон гэж ярьж байгаа тэр хүмүүс үнэгүй боловсрол эзэмшсэн, үнэгүй байр сууцанд орсон, эрүүл мэндээ үнэгүй хамгаалуулж байсан хүмүүс байгаа шүү дээ, яахаараа тэд үүнийгээ мартчихаад одоо залуу үеэ өнгө мөнгө-өрийн дөнгөнд хийгээд байгаа юм бэ? Үнэгүй гэдэг нь тэр хүнээс бол шууд мөнгө гараагүй гэсэн үг, ард түмэн дундаасаа нийлүүлсэн хөрөнгө мөнгөөрөө төрөөр дамжуулан бие биенийгээ харилцан дэмждэг тогтолцоо байсан, ингэхдээ шударга эрх тэгш байдал, гол нь тухайн хүний нийгмийн оролцоог нь зөв үнэлэхэд анхаарч байсан шүү. Алдаа завхралууд бол байсаан, харин гол зарчим нь хүний амин чухал үндсэн хэрэгцээг /хэрэглээг бус!/ харилцан хангахын төлөө үзэл санаа, тогтолцоо байсан.
Бид энэ түүхийг ярихдаа манай улс Хүйтэн дайны нөхцөлд, социалист орнуудын нэгэн адил гадаад дотоод олон зүйл дээр шахалт, хавчилган дунд байсан гэдгийг мартаж болохгүй юм. Тэр үед, социалист нийгэмд джинсэн өмд хувцас ховор, лаазтай ундаа, цагаан бохь, Битлзийн пянз ховор учир сонин чамин байсан нь үнээн, яг эдгээр хэрэглээний эд юмс нь Хүйтэн дайны үзэл суртлын хүчирхэг хэрэгсэл байсан бөгөөд эцэстээ нийгмийн ялангуяа залуу үеийн сэтгэл зүрхийг эзэмдсэн учир тэдэнд гаднаас нь тусалж байгаад тэдний гараар энэ нийгмийн байгууламжийг нураалгасан шүү дээ.  Энэ бол социалист байсан орнуудад болсон үйл явдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн факт, түүхийн баримтууд юм. Гэхдээ тэрхэн түүхэн зурвас үед монголчууд бид түүхэндээ хүн ам нь бүрэн бичиг үсэгт тайлагдаж, нийгэм нь бүхэлдээ эрүүлжиж, орчин үеийн инженер техникчидтэй, багш эмч нартай, боловсролтой сэхээтнүүдтэй, дадлагажсан ажилчидтай, хүн амын тоо нь 4-5 дахин өссөн, дундаж наслалт нь бараг 2 дахин өссөн байсан, орчин үеийн хот суурингууд боссон, хөнгөн аж үйлдвэрлэлийн цогцолборууд, нэгдэл САА-нууд, төмөр зам, харилцаа холбоо гэх мэт маш олон зүйлүүдийг хийж бүтээсэн, бүтээхэд оролцсон, ер нь хүний төлөө нийгмийн хамгийн гол суурь бүтцүүдээ богино хугацаанд байгуулсанг мартаж болохгүй юм шүү. Тэр үеийн удирдлагуудад сайн ч амжилт их бий, бас алдаа ч багагүй бий гэж үздэг. Өнгөрсөн түүхээ үгүйсгэж нулимвал яадгийг бид мэдэж байгаа. Социалист нийгэмд асуултууд бол байсаан, харин дотоод суурь тогтолцооны гажигууд бол харьцангуй бага харин нөөц бололцоо хүчтэй хязгаарлагдсан байсан.
Энэ бүхнийгээ бид гаднын “эелдэг” заавраар нураан бусниулж өгч гадаадын хэрэглээний эд зүйлсээр, мөнгөтэй бол худалдан авах боломжоор нь “арилжиж сольсон” шүү дээ. Одоо бид гадаадын джинсээ өмсөж, гадаадын лаазтай ундаагаа ууж, гадаадын бохио зажилж, гадаадын дуу хөгжим дөжиртлөө сонсож, гадаадад виз гарвал зорчиж, гадаадын бүх л зүйлийг эдлэж хэрэглэж идэж ууж, гадаадаар “хүмүүжиж заалгаж боловсорч” байна. Гэхдээ хүлээгээрэй, “хэрэглэгчийн дон” туссан улс үндэстэн болсон бид бүхэн ядаж энэ хэвээр цаашид тусгаар оршин тогтнож байж чадах уу, ийм боломж байгаа юу. Одоо бидний олонх, нийгэм маань бүхэлдээ хэрэглээний хүрээнээс нь л халивал олон зүйлийн учрыг мэдэхгүй,  залуу үе маань сул дорой эрүүл мэнд, мэдлэг боловсролтой, улам л хийх бүтээх чадавхгүй, ийм хүсэлгүй мөрөөдөлгүй болсоор байна. Улс орон маань гадна талаас бүрэн хараат болсон байгаа. Үүнийг тэгвэл юу гэж нэрлэдэг юм бэ?
Хувийн өмч хөрөнгө л хүнийг эрх чөлөөтэй болгодог гэж гадныхан номлодог, үүнийх нь учрыг нь одоо болтол ойлгохгүй байгаа даган баясдаг хүмүүс бас байдаг. Тэгвэл ард түмний өмчийг хувьчлал нэрээр луйвардан залилж заримыг нь нураан сүйтгэхийн оронд одоо ардчилсан, эрх чөлөөтэй болсон юм бол яг зэрэгцүүлээд бүтээгээд босгоод чөлөөт зах зээл дээрээ өрсөлдөөд гараад ирэхгүй яасан юм бэ? Энд л гол заль нь байгааг, үүнийг л би хоосон догмуудад итгээд байнаа гэж хэлээд байгаа хэрэг. Би ч бас нэг үе ингэж бодож явсан, сургаар итгэх бус харин суралцаж ялангуяа эдийн засгийн мөнгө-санхүүгийн цаад далд механизмуудыг өөрөө судалж ойлгоод энд олон зүйлүүд нь яг эсрэгээрээ болохыг ойлгосон хэрэг. Эдийн засгийг судалж ойлгоход өмнөх инженерийн боловсрол, сэтгэлгээний логик зарчмууд, шалгуурууд нь их хэрэг болсон гэж бодож бахархаж явдаг.
Айл гэр бүлүүдэд амины өмч бол өмнөх нийгмийн үед ямар нэг хэмжээнд байсаан. Харин хувийн өмч бол байгаагүй. Хувийн өмч гэдэг бол хүний амины хэрэгцээнээс илүү их, голдуу нэмүү ашиг олох зорилготой хөрөнгө актив юм. Зөвхөн ийм актив хөрөнгө эзэмшиж байгаа гэдэг энэ факт нь өөрөө эргээд бүтээсэн нэмүү өртгийн дийлэнхийг өмчлөн авах эрхийг олгож байгаа гэсэн үг юм. Үүнийг цааш нь эргэцүүлэн бодоод судлаад үзвэл бүх зүйл ойлгогдоно доо. Ер нь капитализм гэдэг үгийн язгуур утга болсон капитал буюу хөрөнгө, мөнгө активын учрыг, түүний цаад далд механизмуудыг, мөн чанарыг судалж үзэхээс нааш, ямар нэг хэмжээнд ухаарахаас өмнө “ойлгож байгаагаараа” хамаагүй ярих нь их гэнэн хэрэг юм.

Өнөөдөр социализм, капитализм гэж ярихаа болиод байгаа юм биш үү?

Хүмүүс өөр нэг, цоо шинэ үзэл санаа гарч ирэх юм шиг ойлгоод хүлээгээд байгаа юм шиг байдаг. Хамгийн энгийн байдлаар хэлбэл олонхийн сайн сайхны төлөө юу, эсвэл цөөнхийн ноёрхолын төлөө юу гэдэг нь гол гогцоо асуудал нь юм. Тиймээс өөр нэг цоо шинэ үзэл санаа гарч ирэх нь юу л бол, харин үнэмлэхүй цөөнхийн санхүүгийн бүрэн ноёрхлын төлөөх одоогийн нэгэнт бүрдсэн энэ тогтолцоог яаж том үймээн самуунгүй, дайн дажингүй нөгөө тийш нь өөрчлөн хувьсгах вэ гэдэг асуудал юм. Бидэнд номлоод байгаа барууны либерал ардчиллын үзэл суртал нь яг үнэн хэрэг дээрээ хаа холын монголчууд биднийг шударга эрх тэгш, хүний эрхийг дээдэлсэн, авилгалгүй байлгах гээд чин сэтгэл тавиад хэрэг үү, аль эсвэл энэ нь ердөө өөр юмны шалтаг, өөр зорилгын халхавч төдий зүйл үү гэдгийг манай хүмүүс сайн ухаж ойлгох хэрэгтэй дээ. Ер нь ажиглаж байдаг нь олж хардаг, чагнаж байдаг нь олж сонсдог гэж үг бий. Мэдээж хэрэг, үүнд үзсэн сонссон “зэрэглээнүүд”, заалгасан догмууд биш харин шалгаж болох бодит тоон мэдээлэл, өөрийн олж авсан мэдлэг боловсрол их чухал үүрэгтэй гэж бодож байна.

Миний хувьд бол 2,7 сая цөөн хүн амтай, эрс тэс цаг уурын нөхцөлд эмзэг амьжиргаатай, эдийн засгийн чадавхи сул, явцуу бүтэцтэй болсон байгаа гэх мэт маш олон гарааны суурь нөхцөлтэй Монголын хувьд барууны үзэл суртал, цаад зорилго нь таарахгүй, ер нь Баруун шиг мөнгө санхүүгийн боломж, цэрэг улстөрийн хүч чадал байхгүй юм. Учир иймд бид хүн амаа аль болох өсгөх, чанаржуулах, жижиг үндэстний эдийн засгийн тэлэлт, чадавхиа бий болгож бэхжүүлэхийн тулд юуны өмнө хүний төлөө, нийгмийн төлөө чиг баримжаатай улстөр, эдийн засаг нийгмийн тогтолцоо зайлшгүй гэж үздэг. Энэ бол социализм, капитализм гэж цэвэр үзэл суртлын талаасаа бус бодит нөхцөл нөөц боломжууд, цэвэр прагматик тооцоо судалгааны талаасаа ийм юм.

Өнөөдөр дэлхий нийтэд либерализм нуран унасан тухай ярьцгаах болов. Яг л нэгэн цагт Коммунизм нуран уналаа гэдэг шиг. Гэтэл өнөөдөр зарим хүмүүс Либерализмын эсрэг дайн зарласан байна, либерализмаа хамгаалья гэсэн юм ч яриад байна. Ингэхэд тэд яг юуг хамгаалах гэж байгаа юм бол?

Либерал үзлийн гол төвд барууны нийгмийнх шиг дундаж ангийг бий болгож бэхжүүлэх, дундаж ангид баримжаалсан, чухамдаа тэд л энэ үзэл санааг голлон тээж авч явах ёстой гэж номлодог. Гэвч 1980-аад оны дундаас энэ тансаг хэрэглээтэй чинээлэг дундаж ангийг цэвэр улстөрийн үзэл суртлын зорилгоор Барууны нийгэмд “зээлээр” бүтээж социалист орнуудад харуулж биднийг хошгируулж байсан юм шүү дээ.
Барууны орнуудад нөгөө Хүйтэн дайны үед үзэл суртлын хүчирхэг зэвсэг болгон ашиглаж байсан дундаж анги, ер нь хүмүүсийнх нь ихэнх нь хөлс хүчээрээ олсноос илүү их эд юмсыг зээлээр авч хэрэглэж баян тансаг амьдарч байсан эрин үе дуусч байна. Одоо барууны дундаж ангийг ингэж ашиглаж байх ийм хэрэгцээ нэгэнт байхгүй болсоон, тэгээд ч бас зээлээр цаашид хэрэглэх нь өр-зээлийн талаасаа математикын хувьд боломжгүй болчихоод байгаа юм. Дундаж анги тэнд түүхэн үүргээ гүйцэтгэсээн, социализмыг нураан бүх дэлхий дахинг маш цөөнх капиталын эздийн гарт хийхэд “шилний цаадах чихэр” нь болж харагдаж байсан юм шүү. Тэдний эдийн засаг, амьдралын түвшин одоо хурдацтай унаж зөвхөн мөнгө хэвлэж зээлээр цутган торгоон барьж байгааг бид харж байна, энэ хямрал нь тэд бидэн шиг зөвхөн олсон хэмжээгээрээ эдлэж хэрэглэх буюу энгийн эрүүл ухааны тэр байх ёстой түвшиндээ хүртлээ үргэлжлэх байх. Энэ нь өнөөгийн гажиг загвартай болгосон дэлхийн эдийн засгийг бүүр ч их хэмжээгээр унагана, ингэхээр тэнд ч хүний төлөө нийгмийн социалист уур амьсгал, чиг баримжааг улам их сонирхохоос өөр аргагүй болгож байгаа. Энэ бол юуны өмнө ер нь хүний нийгэм өөрөө амьд тэсч үлдэх асуудал юм.
Заавал гаднаас дохио зангаа хардаг манай либералчдад Фрэнсис Фукаямагийн “Түүхийн Ирээдүйнүүд” гэж нийтлэл саяхан гарсан гэдгийг эртхэн дуулгая. Өмнө нь либерализмаас өөр юм байхгүй – нэг үгээр “Түүхийн төгсгөл” ирсэн гэж баталж байсан бол харин одоо түүхийн ирээдүй ямар байх бол гэсэн асуудлууд хурцаар тавигдаж байна. Энэ нь тэд ч түүхийн луужин “чиглэл”-ээ өөрчилсөнг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Сүүлийн үед Збигнев Бзеженски сонинд өгч байгаа ярилцлага, нийтлэлүүдэд үг ярианы өнгө нь ихээхэн өөр болж ирж байгаа нь шууд ажиглагдаж байгаа. Харин манай “гэнэн” либералчид яг юу хамгаалах гээд байгаа юм гэж үү, тэдэнд юуны өмнө энэ үзэл суртлаар бамбай хийж сандал ширээ, эрх ямбаа, олж авсан хөрөнгөө хамгаалж үлдэх нь чухал бололтой.  Тэд өнгөрсөн 4 жил  сонгууль, санал тоолох асуудлаас өөр бараг юу ч тодорхой ярьсангүй, уул уурхайг гаднынханд авч өгөх оролдлогоос өөр том асуудлаар юм хийсэнгүй. Либералчид одоо эрх барьж байгаа 2 намыг хоёуланг нь толгойлдог болчихоод байна. Ийм байхад сонгууль хийгээд ч яах билээ дээ. Харин улс орныхоо амь амьдралыг “томруулаад” ойроос нэг хараасай даа. Ард түмэн чинь төөрөлдсөн, цөхөрсөн, туйлдсан байгаа шүү.  Бид талцахаа болж нэг эх оронтой, нэг хувь заяатай гэдгээ ойлгох цаг ирээд байна.

Нэгэн цагт Берлиний ханыг нурахад дэлхий нийт баярлаж байсан, одоо ч нурсных нь баярыг тэмдэглэж байна. Гэтэл Хятад үзэл суртлын хана хэрмээ нураагаагүй. Нураагаагүй нь хөгжөөд, хожоод байна уу даа. Хятадаас гадна Вьетнам ч байна.

Ямар нэг зөв үзэл санаа бол нийгмийн дэвшлийн гол хөдөлгүүр байдаг. Энэ санаа нь тухайн ард түмний түүхийн тухайн шатанд хүсч эрмэлзэж байгаа туйлын санаа нь байдаг. Харин энд эрх баригчдынх нь барьж байгаа улс үндэстнийхээ энэ санааг дээдэлсэн чиг баримжаа нь шийдвэрлэх чухал үүрэгтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй дээ. Энэ хоёрыг болж өгвөл ойрхон давхцуулахад нэг тийм дэвшил, хөгжлийн резонанс үүсэх нөхцөл бүрдэнэ. Энэ нь бодит нөөц боломжинд нь тулгуурласан байх нь ойлгомжтой. Харийн үзэл сурталд тулгуурласан, тэдний зарчмуудад хүлэгдсэн, тэдний үнэлгээнд нийцүүлсэн үндэстний эрх ашиг гэж байх боломжгүй гэдгийг манайхан ойлгох нь чухал юм даа. Учир нь тэдний бусад улс орнуудад тулгаад зүтгүүлээд байгаа үзэл суртал нь яг л тэдний ашиг сонирхлыг энэ улс оронд зүтгүүлэх бэхжүүлж авах, энэ улс орны байгалийн болон хүн амынх нь нөөц боломжийг цөлмөн ашиглахад чиглэсэн байдаг, хэрэв үгүй байсансан бол энэ үзэл суртлыг ийм их хөрөнгө хүч гарган улайран зүтгүүлэхгүй хэрэг байхгүй л дээ. Азид Баруунаас нөлөөлөх их амаргүй байдаг, учир нь тэнд олон зуун жилийн уламжлалт амьдралын хэвшил, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлүүдээ хамгаалж арчилж байдаг. Ер нь эдгээр орнууд бол их прагматик бодлоготой, бас өмнөх зуунуудад Барууныхны өдөөсөн дайнууд, колоничлолыг амссан нь гаднын нөлөөнд их болгоомжтой хянуур хандахад их нөлөөлсөн байдаг. Тэд Барууны орнуудтай харилцан ашигтай гэрээ хэлцэлүүд, худалдаа хийж чаддаг. Үүнд өөрийн эрх баригчдаа өөртөө дотроо боловсруулан зохих шалгуураар шат дамжуулан гаргаж ирдэг тэдний өвөрмөц уламжлалт төрийн бодлого, систем нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм байна билээ. Манайд бол ардчилсан сонгуулиар, хэнийг ч хамаагүй.!?

Мөн хойт Солонгосыг юу гэх вэ? Өөрийнхөөрөө хөгжинө гэдэг ч бас тэр бүр зөв байхгүй байх тохиолдол байна шүү дээ.

Манайхан өөрийнхөөрөө хөгжинө гэдгийг буруу ойлгоод, ойлгуулаад байх шиг санагддаг. Энд юуны өмнө өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэж шийдэж байх гэдэг суверен /тусгаар тогтносон/ улсын тэр суурь зарчмыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хөгжлийн үзэл баримтлал, өөрийн ард түмний туйлын хүсэл эрмэлзлэл, өөрийн улс үндэстний хэтийн зорилго, ойрын зорилтод тулгуурлан бодлого, үйл ажиллагаа явуулахыг хэлээд байгаа хэрэг. Үүнд мэдээж хэрэг, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах бас л орж байгаа шүү дээ. Түүнээс биш энэ өөрийнхөөрөө хөгжих ёстой гэдгийг ярихаар гуйвуулаад л өмнөөс нь Хойд Солонгосоор “хадны мангаа” хийж айлгаж байгаа нь бохир манипуляцийн арга хэрэглэж байгаа нь тэр шүү дээ. Энэ нь улс үндэстэн өөрийн үзэл баримтлалаар явах ёстой гэдгийг далдуур үгүйсгэж энэ хүслийг нь зориуд бусад орнуудтай сөргөлдүүлэн тавьж гарцгүй мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь өөр бусад гүрнүүдийн нөлөөг тулгаж тэдний дохио зангаагаар явах ёстой гэдгийг зүтгүүлж байгаа хэрэг үг шүү дээ.  Иймд юуны өмнө тусгаар тогтносон улсын хувьд өөрийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан гаргах, харин хэрэгжүүлэх асуудлуудыг тусад нь авч үзэх хэрэгтэй болсон гэж боддог болсон. Үүний дараа нь тэр тогтсон үзэл баримтлалаа хэрэгжүүлэх арга замуудыг хайх ёстой гэж бодож байна. Энэ бол мэдээж хэрэг, амаргүй зам, гэхдээ хэрэв хөгжие гэж бодож байгаа бол гаднын элдэв нөлөөгүйгээр юуны өмнө орчин үеийн санхүү, эдийн засгийн тогтолцоог судалж зөв ойлгож тэгээд өөрөө бие даан сэтгэн боддог байх, арга замаа хайх, хүч бололцоогоо дайчлахад анхаарах хэрэгтэй байх. Эрх баригчид маань аливаа асуудалд хялбарыг дэндүү хайдаг, тэр нь одоогийн энэ ядуу зүдүү, сул дорой байдлыг бий болгоод байгаа юм. Хөгжие гэвэл улс орныг дор хаяж нэг хэсэгтээ инженер, технологууд ер нь технократуудын давамгайлсан баг авч явдаг, хүн ард нь өндөр ухамсартай бас өндөр сахилга баттай, хөдөлмөрч, эх оронч байх явдал бол бичигдээгүй хууль байдаг, Сингапур Тайвань, Вьетнам гэх мэт улсуудад ийм, харин манайд бол бүх зүйл “ардчилсан” буюу яг эсрэгээрээ байгаа!
Манай орны хувьд бол Хойд Солонгос шиг нэг талаасаа Баруунд хавчигдсан нөгөө талаасаа нэг хүний хатуу засаглал мэдээж тохирохгүй, байх ч хэрэггүй юм. Ийм учраас дахин хэлэхэд бид сэтгэл хөдлөлөөр бус, эхлээд судалж мэдэх, дараа нь эрүүл ухаанаар тайван эргэцүүлэн бодох, тэгээд шийдвэрээ зөв гаргах, эцэст нь шийдвэртэй хөдлөх хэрэгтэй болоод байна даа. Ийм улстөрийн хүсэл эрмэлзлэл одоо хаана байна вэ?

1990-ээд онд дэлхий нийтийг хамарсан энэ их давалгаан, түрлэгээс монгол орон ангид байх боломжгүй байсан, тэр ч бүү хэл тэр үед хэн яахыгаа ч мэдэхгүй байсан, Таны яриад буй Эдийн засгийн алуурчдын тухай дэлхий нийт дөнгөж саяханаас л зах зухаас нь гадарлаж ирлээ биш үү?

Энд нэг зүйлээс эхэлж ярих хэрэгтэй байх. Ер нь колоничлол бол XV зууны эхэн үеэс европын эзэнт гүрнүүд далайд алсын аялал хийж чаддаг болсон тэр үеэс анх үүссэн, түүнээс хойш алс холын бусад улс орнуудаас байгалийн нөөц баялагийг нь цөлмөн зөөвөрлөх, хүн ардыг нь Европт, дараа нь Америк тивд аваачиж боолчлолд худалдаж эхэлсэн түүхтэй. Ер нь их сонирхолтой, сургамжтай түүх байдаг юм байна билээ.
Орчин үед энэ байдал нь шал өөр арга хэрэгслүүдээр нэвтрэх болсон. Юуны өмнө улс орнуудад үзэл санаагаа кино, дуу хөгжим, моод-оор тарааж аажмаар эрх баригчдад нь зөвшөөрүүлдэг болсон, дараа нь үүн дээрээ дөрөөлөөд дотоодод нь нэвтэрдэг, эцэст нь энэ улс орноос баялаг нь гадаад уруу урсах бүх үүдийг нь нээдэг. Товчхондоо бол, эдийн засгийг “алах” гэдэг нь байгалийн баялагийн орлого, хүн ардынх нь бүтээж байгаа баялагийн дийлэнх нь гадагшаагаа мөнгө-санхүүгийн элдэв зальт механизмууд, олон улсын гэх элдэвийн гэрээнүүдийн нөхцлөөр хилийн чанд уруу байнга урсан одож байх, бас хүн хүч, ажиллах боловсон хүчнийг нь гадагш нь татан авч хямдхан хөлсөөр ажиллуулдаг байдлыг бий болгохыг хэлдэг. Үүнийгээ мөнхийн болгохын тулд эрх баригчдыг нь хахуулиар эрхшээлдээ улам оруулж энэ улс орныг асар том, ашиггүй нөхцөлтэй гадаад дотоод зээлүүд авахуулах, гэрээ хэлцэлүүд хийлгэх, элдэв төсөл тусламж нэрээр үнэндээ бол өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр шахаж гол нь асар их гадаад өрийн дөнгөнд унагадаг. Тэгээд энэ асар их өрийнхөө хүүнд нь бүх баялаг, бүх нөөц бололцоог нь гадагш нь байнга сорж байдаг болгодог. Зээлээр өгөхдөө хангалттай үнээр шахсан байдаг тул үндсэн өрийг нь авах хэрэггүй байдаг, харин ч хүүгээ төлж дийлэхгүй болох тэр түвшинд хүртэл өрийг нь дандаа нэмэгдүүлж байх сонирхолтой байдаг. Энэ тухай миний орчуулж гаргасан 7 номуудад олон аргуудыг нь олон талаас нь тайлбарласан байгаа. Иймээс бид л саяхнаас дуулж уншиж ойлгож эхэлж байгаа хэрэг юм. Гэхдээ өнөөгийн “ардчилсан” монголчуудын дийлэнх нь ер нь номыг дуустал нь унших, хамгийн гол нь ойлгох хүсэлгүй болчихсон юм шиг, тэгээд ч зарим нь бол бүүр “хүчрэхгүй, дийлэхгүй” болчихсон байгаа юм шиг санагдах болсон, гэхдээ би ингэж буруу ойлгосон байгаасай гэж хүсч байна.

1937 оны үйл явдлыг Их хэлмэгдүүлэлт гэдэг. Гэтэл хэлмэгдүүлэлт гэдэг үгийн утгатайгаа үйл явдал нь нэг л сайн авцалдаж өгөхгүй байх шиг. Тэр үйл явдлыг Их хэлмэгдүүлэлт биш, харин их хэлсдүүлэг гэвэл яасан юм. Яагаад гэвэл хилс хэргээр л хүмүүсийг зовоож, алж байсан. Харин 1990 оноос хойш нийгмийн их үймээн, ороо бусгаа шилжилтэд 37 мянга биш 370 мянган хүн жинхэнэ утгаараа хэлмэгдэж, ядуурлыг туйлд хүрч, хүн сүрэг болж хувирч байгааг бид харж байна. Жинхэнэ хэлмэгдүүлэлт чинь энэ биш үү гэж асуумаар санагдах юм?

Тийм ээ, манай ард түмэн одоо гаднаас “зөвлөсөн”, эрх баригчдын “итгэсэн” неолиберал бодлогын золиос болж хэлмэгдэж байна. Одоогийн энэ хавтгай ядуурал, тархины угаалга төөрөгдөл, чимээгүй мөхөл бол манайдаа цоо шинэ нийгмийн үзэгдэл бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн үзэл суртал, бодлого, үйл ажиллагааны үр шууд дагаврууд шүү дээ.
Харин 1937 оны их хэлмэгдүүлэлт гэдэг чинь манай либералчдын гол “хадны мангаануудын” нэг шүү дээ. Мэдээж хэрэг, энэ хэмлэгдүүлэлт бол монголын ард түмний түүхэнд коммунистуудын үлдээсэн нэг том хар мөр, хувь хүмүүс гэр бүлүүдийн хувьд эмгэнэл юм. Тэгвэл энэ алуурчдыг, мөн зохион байгуулсан цаад захиалагчдыг нь Түүх мартаагүй байгаа шүү. Түүхэн үнэнг маш их гуйвуулсан байдаг, одоо ч гуйвуулж түмэн олны нүдийг алгаараа хаах гэж оролдоцгоож байгаа. Ийм худал юмыг заавал нэг сэдлээр, голдуу мөнгөөр захиалгаар бичүүлэн тарааж байдаг. Ер нь “Ялсан нь түүхийг өөртөө тааруулж бичдэг” гэдэг үг байдаг. Бид түүхийнхээ жинхэнэ үнэнийг мэдэх эрхтэй. Ер нь 1917 оны Октябрийн хувьсгалыг ямар хүчин бэлтгэж санхүүжүүлж хийлгэсэн, хэн Орост бас манайд болсон 1937 оны хядлагыг ямар зорилгоор зохион байгуулсан гэх мэт олон асуудлын хариултыг бид сайн мэдэхгүй байна. Учир нь коммунист түүхэн сурах бичгүүдэд энэ тухай маш бүдэг бадаг, эсвэл түүхэн шалтгааны улмаас бичдэггүй байжээ. Энэ тухай Барууны болон Оросын эрдэмтэд, судлаачдын судалгааны ном бүтээлүүд нилээд байдаг, бүүр түүхэн хроник баримтат кинонууд ч их гарсан, энэ бол тусдаа нилээд том сэдэв юм. Түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж бичсэн судалгааны бүтээлүүд, баримт кино хроникуудыг судалж үзвэл большевикууд, тэр дундаа троцкистууд голлон 1917 оны Октябрийн хувьсгал, иргэний дайн, дараа нь 1937 он дуусталхи бүх өлсгөлөн, хэлмэгдлийг зохион байгуулж гардан явуулсан байдаг. Харин тэднийг гаднаас нь санхүүжүүлж байсан, тэд ч эргээд санхүүжүүлэгчиддээ “зээлээ” хэд нугалан төлж байсан байна. Энэ тухай “Оросын хувьсгалд Уолл Стриитийн нөлөө” зэрэг судалгааны ном, бүтээлүүдэд бий. Харин 1924 оноос эхэлсэн дотоод тэмцэлд троицкистуудыг дарж авсны дараа 1939 оноос, ялангуяа дэлхийн II дайнаас хойш сталинчууд шинэ социализмыг эхлүүлсэн байдаг.
Маш товчхон хэлэхэд, коммунист интернационалууд, дараа нь Германд Орост гарсан хувьсгалууд, дэлхийн I ба II дайнд дахиад л Герман ЗХУ-ыг мөргөлдүүлсэн, эдийн засгийн томоохон хямралуудыг, бүх түүхэн хэлмэгдүүлэлт хядлагыг нөхцөлдүүлсэн эцэст нь одоогийн энэ даяарчилсан либерал ардчиллыг нэг л хүчин санаачилж санхүүгийн маш хүчтэй дэмжлэгээр зохион байгуулж тэлж өргөжүүлж далдаас удирдаж ирсэн байдаг. Чухам ямар хүмүүс зохион байгуулж далдаас санхүүжүүлж удирдаж ирснийг, тэднийг юу ийм зүйл хийхэд түлхэв гэдгийг ойлгох ёстой. Хэнд ямар зорилго сэдэл байв, гол нь хэн ямар асуудлаа шийдэж энэ бүхнээс дандаа хожиж улам томорч байв гэсэн асуултыг тавиад түүхийг судлах юм бол ер нь мөнгө санхүүгийн хязгааргүй бололцоотой, хамгийн том амбиц сэдэлтэй, хамгийн далд байдаг хүчин болох дэлхийн санхүүгийн интернационал энд гол үүргийг гүйцэтгэсэн нь ойлгомжтой байдаг. Эндээс харах юм бол коммунизм, өнөөгийн ардчилсан неолиберализм хоёр нэг л “зохиогчтой” гэсэн үг юм. Энэ хоёр үзэл суртал цаанаа мөн чанартаа бол хоёулаа хүмүүсийг өмчөөс нь бүрэн салгах, мөн бүрэн эрхшээлдээ оруулахад чиглэсэн байгааг хэрэв сайн ажиглавал олж харж болно.
Хүмүүс өөрсдөө судлаад шалгаад үзэх хэрэгтэй дээ, интернэтэд энэ тухай мэдээллүүд нилээд бий. “Хэнгэрэгийн дохиурууд” үүнийгээ халхавчлахын тулд зориуд хуйвалдааны онол гэсэн үг хэллэг тарааж бас мэдээллийг саармагжуулахын тулд илт худлаа ном зохиолууд нилээд бичүүлсэн байдаг шүү. Ер нь түүхэн үнэнг судлах гэдэг нь өнөөдрөө ойлгож  маргаашаа харах гэсэн оролдлого юм, учир нь аливаа шинэ юм бол мартагдсан хуучин юм гэдэг үг энд их таарах юм шиг. Судлах гэдэг бол бухал өвснөөс зүү эрэх шиг ажил гэдэг. Энэ бол сургаар эчнээ итгэж зарим “зориуд суутнуудыг” нь сохроор шүтдэг, аливаа  зүйлийг хялбаршуулж ойлгох гэдэг байдлаасаа гарахгүй бол горьгүй болжээ гэсэн үг юм. Түүх бол амьдрал өөрөө болохоор дандаа дардан бус, адармаатай байх нь элбэг байдаг. Тэгэхээр түүхийн үнэнийг эрж хайж судалж сургамжуудыг нь зөв ойлгож байж л өнөөгийн байдлаа ойлгож маргаашаа бид “харах” боломжтой болно гэж бодож байна.

“Даяар Монгол” онлайн


URL:

Сэтгэгдэл бичих