Монголын №1 ПАПАРАЦИ сэтгүүл
Дөнгөж сая 50 дахь дугаар нь хэвлэгдэж гарсан “Соронз” сэтгүүл өөрийгөө “14 хоног тутмын монголын №1 сэтгүүл!” гэж өргөмжлөхдөө ”папарацци” тодотголыг бичихээ мартсан юм шиг байна. Гэхдээ яахав, юугаар гоёж пээдгэр явах нь тус сэтгүүлийн хувийн хэрэгт тооцъё.
Харин “Соронз” өөрөө улс төрчид, захирлууд, бөхчүүд, тамирчид, урлаг соёлын одуудын хувийн амьдрал руу дээд зэргээр өнгийдөг сэтгүүл. Саяхан нэгэн бүжгэн жүжиг үзсэн олны танил хүмүүс хувцсаа авч өлгүүрийн дэргэд хэдэн мөч саатахдаа хэдэн папараццид бүслэгдэж гэрэл зургийн аппарат зогсоо зайгүй ширшархийн гэрэл маналзахад “аймаар байсан” гэж нүдээрээ үзсэн хүүхнүүд ярилцахыг сонслоо. Зөвхөн театрт төдийгүй бусад үзвэр, баяр ёслол, найр наадам, хурал чуулган дээр Canon, Nikon-ий урт дурангууд үргэлж онилоостой. Дэлгүүр үйлчилгээний үүдэнд бол найдвартай олзлогдоно. Ямар ч албархуу дарга, битүүлэг боссууд Скай супермаркет орохоороо задгайрч авгай, эсвэл нөхөр хүүхдээ дагуулж том тор барьчихсан … папарацци нарын амттай зууш.
Хүмүүсийн хувийн амьдралд халдах нь тийм ч ариун явдал биш. Гэхдээ ”Соронз” сэтгүүл барууны маягаар бизнес болгож чадсан төдийгүй шинэ цагийн сонин соёлыг тогтоож байна. Үүнд цаад “объект”-ууд дуртай байдаг гэж хэлэхгүй, гэхдээ тийм ч дургүй биш, нэлээд нь илт дуртай болжээ. Үнэтэй дээл хувцас, гоё эхнэр (өндөрссөн хамар, давхраа нэмсэн нүднүүд ороод) , чинээлэг нөхөр, хөөрхөн хүүхдүүд, тансаг унаа тэргээ бусдад гайхуулж “түүхэнд үлдээх” хэрэгтэй биз дээ. Тэрнээс биш одууд өөрсдөө камер бариад бие биенээ авч далжигнаад байх зохимжгүй. Зарим нь өөрөө урьж папараццидуулж, зурган дээр гараагүй үлдсэнийг амаараа гүйцээдэг болжээ. Сэтгүүл оддын зургуудад тайлбар хийхдээ догь аргатай бөгөөд ямар ч сөрөг баримтыг ч “саяхан гэр бүлээсээ салсанд фэнүүд нь аймаар харамсаж байгаа, удалгүй хэн нэгэнтэй учраасай” гэхчлэн хөөрхийлөхөд хэргийн эзэн тайвшрахаас өөр хаачихав.
Одууд шиг сайхан, ухаантай, хөөрхөн, гуалиг болгодог оо энгэсэг, эм бэлдмэлийн сурталчилгаагаар пиг дүүрэн хуудсууд. Хоёр жилийн дотор ямар ч бизнесийн жамаар “Соронз” сэтгүүл даган дууриагчид, бас өрсөлдөгчидтэй болжээ. Хамгийн ойр нэхэж яваа нь “Гранд” сэтгүүл.
Бичсэн Сэтгүүлч Д.Цэрэнжав
URL: