“Насаараа зээл төлж, эцэст нь байртай болоод л үхэх” зорилгыг Засгийн газар тулгав уу

Иргэдийн халааснаас өдөрт 2 сая  төгрөг суйлж байна

Хэдэн жилийн турш үргэлжилж байгаа “Орон сууц” хөтөлбөрүүдийн хэрэгжилт цаасан дээр л биелэж байгаагаас бус бага, дунд орлоготой иргэдийн хувьд хаалттай сэдэв байсаар ирсэн. Харин цөөн тооны албан хаагчид “Квотын дайн”-д ялалт байгуулснаар орон сууцны зээлд хамрагдаж дөнгөсөн юм.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрийн сургаар үнэ өртөгөө нэмсэн барилгын компаниуд өдгөө иргэдийн хэтэвчтэй нь харьцдаг болсон хэдий ч тэднийг цэгцэлж, үнэ өртгийг нь буулгах нь бүү хэл “өршөөл” үзүүлж толгойг нь илсээр байгаа.

Харин сонгуулийн сургаар “амилж” ард түмнээ гэсэн цохилох зүрхтэйгээ харуулах гэсэн эрх баригчид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 6 хувийн хүүтэй зээл олгох болсноор иргэдийн халаасыг гөвөх ээлжит ажиллагаа нь эхэлсэн гэж ойлгож болохоор болчихоод байна.

Хэрэв орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд зээлэнд хамрагдахыг хүсвэл ОССК-д  өргөдлөө өгч болно гэх мэдээллийн дагуу хэдэн зуун иргэд бичиг цаасаа барин дугаарлах ажилдаа орлоо. Гэхдээ зөвхөн ОССК бус Хадгаламж банкны хаалгыг сахих үүрэгтэй болов.

Энэ нь бас л мөнгө төгрөгтэй холбоотой. Тодруулбал, орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн иргэн нь “Урьд нь орон сууц өмчилж байгаагүй” гэсэн тодорхойлолтыг авах ёстой. Үүний үнэ өртөг нь 5000 төгрөг. Орон сууцны зээлд хамруулах нэрийдлээр иргэдийн халаасыг тэмтэрч, өөрсдийн хэтэвчээ зузаалж буйг сонгуультай холбоотой хэмээн бухимдах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Үүнээс гадна Хадгаламж банкны ганцхан салбар дээр л төлбөрийн мөнгө болох 5 мянган төгрөгийн хурааж байгаа юм. Ачааллаа дийлэхээ байсан банкныхан “Дугаар” гэгчийг 400 иргэнд гардуулжээ. Дугаар авсан иргэд тухайн өдрөө үйлчүүлж мөнгөө тушаах бол дараагийн 400 иргэнд маргааш нь үйлчилнэ гэсэн тооцоо гаргаж өдөрт 800 иргэнд дугаар тарааж байгаа гэх.

Арай ч дээ. Өнгөрсөн зуунд Монголчууд Ардчиллын систем рүү шилжих үедээ картын бараа гэгчид дугаарлаж энэ зовлонг хангалттай үзсэн. Гэтэл XXI зууны Монгол ардчилал бас дугаарлалтаас салахгүй нь байна шүү. Эх орны хишиг хүртэхээр 21 мянган төгрөг, орон сууцны зээлд хамрагдахаар авсан 21-ийнхээ 5000-ыг нь буцааж тушаахаар дугаарлах гээд дугаарлахын зовлонг амсаж дуусахгүй нь.

Бас гадагшаа дотогшоо чанар сайтай, I зэргийн мах нийлүүлж байгаагаа гайхуулдаг Монголчууд өнөөдөр модоо барьсан гуйлгачин мэт нөөцийн махандаа дугаарлаж цагаан хоолны газруудаар хүссэн хүсээгүй үйлчлүүлж эхэллээ.

Үндсэн асуудал болох 5000 төгрөгийн төлбөрийн талаар бага зэрэг тоо бодох хэрэг гарах нь . Өдөрт 400 иргэний халааснаас 5000 төгрөг суйлахаар эрх баригчдын далд бодлого үр дүнгээ өгч 2 сая төгрөг өөрөө л гүйгээд ороод ирэх нь. Энэ байдлаараа 20 хоноход л 40 сая төгрөг, сар болоход 60 сая төгрөг гээд бод доо. Эрх барьж төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь “залгиж” байгаа луйварчдад энэ нь хөх инээд хүргэмээр тоо санагдаж байгаа боловч иргэдийн хувьд их мөнгө болчихоод байна.

Тэгээд бас орон сууцжуулах уриа лоозонгоо “Бага, дунд орлоготой өрхийг дэмжихийн төлөө” хэмээн чимчихсэн мөртлөө өрхийн сарын орлогыг 636 мянган төгрөгөөс дээш байх ёстой гэсэн босго тавьчихсан. Өнөөдөр Монгол улсад 636 мянган төгрөгийн орлогийг бага орлоготой иргэнд тооцвол мөнөөхөн хэрүүлийн алим болоод байдаг шатахууны 50 төгрөг, талхны 10 төгрөгийн үнийн өсөлт нэг их асуудал биш болох байлгүй.

Өдгөө Улаанбаатарыг “угаартуулж” байгаа хэмээн адлагддаг 700 мянга гаруй өрх бий. Энэ 700 мянган өрхийн орлогын судалгаа нь дундажаар 555,4 мянган төгрөг хэмээн Үндэсний статистикийн хорооны судалгаа батлаад өгсөн.

Тэгэхээр Эрх баригчдын энэ удаагийн амалж буй 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хичнээн өрх хамрагдаж харин хичнээн хүн халаасан дахь төгрөгөөсөө 5 мянгыг салхинд хийсгэх бол гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Сонгууль угтсан энэхүү ажиллагаа нь иргэдийн халаасыг сэгсэрч ирээдүйд “Эх орны хишиг хүртэх” асуудал шиг л нүд хуураад өнгөрөх ажиллагаа гэдэг нь тодорхой харагдаж буй.

Өчигдөрхөн “Мишээл экспо”-д нээлтээ хийсэн Барилга-2012 үзэсгэлэнд оролцож байгаа барилгын компаниудын санал болгож буй үнэ бага дунд орлоготой иргэдийн хувьд хүршгүй оргил гэдэг нь тодорхой харагдаж буй юм. Тэгэхээр Засгийн газар иргэддээ орон сууцны түлхүүрийг нь атгуулчихаад байгаа хэдий ч хаалгаар орох хориотой хэвээр байна гэсэн үг.

Ер нь эцсийн эцэст Монголын Засгийн газар иргэдийнхээ амьдралын утга учрыг “Насаараа зээл төлж, эцэст нь байртай болоод л үхэх” зорилготой болгож байгаа бус уу.


URL:

Сэтгэгдэл бичих