Ц.Жаргалсайханы өмгөөлөгч Д.Батсүх: Эх орноосоо урвасан гэж хэлүүлчихээд хямрахгүй хэн байх вэ

Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэргээр шүүхээс 17 жилийн хорих ял сонссон УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх асан Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцээд хэргийн зүйл ангийг өөрчилж, таван жилийн хорих ял оноосон билээ. Энэ талаар Ц.Жаргалсайханы өмгөөлөгч, Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр өмнө нь хэвлэлд энэ хэргийн талаар ярилцлага өгч байгаагүй юм.

-Дээд шүүхээс Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг хэлэлцээд зүйл ангийг өөрчлөх шийдвэр гаргалаа. Өмгөөлөгчдийн зүгээс ч тайлбар гаргаж өгсөн. Үндэслэл нь юу байв?

-Өмгөөлөгчдийн зүгээс Ц.Жаргалсайханд холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн бүрэлдэхүүнд хамаарахгүй гэж шүүхэд гомдлоо гаргаж тавьсан. Оюунцэцэг өмгөөлөгч бид хоёр анхан шатны шүүх хуралд ороогүй. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралд л оролцлоо. Өмгөөлөгчөөр оролцож эхэлснээсээ хойш ийм л үндэслэлийг тавьж ирсэн. Гол нь эх орноосоо урвах зүйл ангид хамаарах хэргийг үйлдэж байгаа хүн өмнөө тодорхой зорилго тавьсан байх ёстой, тэр зорилгодоо хүрэх гэж, хийж буй үйлдэл нь хүс ч үйлдсэн байх ёстой. Юу гэж тодорхойлсон байна гэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг сулруулах зорилготойгоор төрийн нууц мэдээллийг задруулсан байхыг хэлдэг. Мөн өөр нөхцөлүүд бий л дээ. Манай хүнийг буруутгасан нь ийм зорилгоор, гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц холбоотой мэдээллийг дамжуулсан гэж үзэж байсан. Бид үүнийг үгүйсгэсэн, зөвшөөрдөггүй байсан. Өмгөөлөгчдийн зүгээс үгүйсгэж байгаа нь мэдээ ч санаан зоргоор ярихгүй шүү дээ. Энэ хүний хэрэгт холбогдуулан мөрдөн байцаах байгууллага шалгаж цуглуулаад ирсэн ямар баримт байна, тэрхүү баримтыг түшиглэн үндэслэлээ гаргасан. Хяналтын шатны шүүх бидний гомдолд дурьдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1 заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй юм байна гэдэг гомдлыг хүлээж авсан. Гэхдээ Ц.Жаргалсайханы үйлдэл нь хэдийгээр Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйл ангийн бүрэлдэхүүнгүй ч хийсэн үйлдэл нь хэрэгт байгаа баримтаас үзэхэд 87 дугаар зүйлд заасан Төрийн нууц задруулсан гэм буруутай гэж үзэж зүйлчлэлийг өөрчилсөн. Хэргийн зүйлчлэл нь өөрчлөгдөхөөрөө оногдуулсан ялын хэмжээ ч өөр болж байгаа юм. Өмгөөлөгчдийн хувьд Дээд шүүхээс гаргасан шүүхийн шийдвэр манай хүний эрх зүйн байдалд нэлээн нааштай өөрчлөлт оруулсан шийдвэр болсон гэж үзэж байгаа. Гэхдээ миний гомдолдоо тавьсан хүсэлт бүрэн хангагдаагүй. Өөрөөр хэлбэл ерөөсөө манай хүнийг цагаатгах ёстой юм биш үү гэсэн үзлийг өмгөөлөгчдийн зүгээс барьж байсан. Гэвч шүүх үүнийг үндэслэлгүй гээд шийдчихлээ л дээ.

-Өмгөөлөгчдийн зүгээс Ерөнхий шүүгчид гомдол гаргах боломж байгаа байх аа?

-Бидэнд хууль зүйн ийм боломж нээлттэй байгаа. Хяналтын шатны шийдвэрийн тогтоолыг бичгээр ирсний дараа, үйлчлүүлэгчтэйгээ энэ асуудлаар ярилцана. Одоо гомдол гаргана, гаргахгүй гэж хэлэх эрт байна. Мэдээж хяналтын шатны шүүхийн тогтоол дээр хэргийн зүйл ангийн үндэслэлээ бичнэ шүү дээ. Магадгүй тайлбарт бидний мэдэхгүй, олж хараагүй, буруугаар ойлгоод байсан зүйлийг тусгаж, өмгөөлөгчдийн зүгээс хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байвал гомдол гаргах шаардлаггүй шүү дээ.

-Цагаатгах ёстой гэж үзэж байгаа гэлээ. Ямар үндэслэл байна?

-Энэ үндэслэлийн талаар нарийвчилсан юм ярьж чадахгүй нь. Тэгэхдээ хууль зүйн үүднээс нь авч үзэх юм бол хэргийн бүрэлдэхүүн талаас нь эрүүгийн хэрэг биш гэж үзэж байгаа юм. Тэр төрийн нууцад хамааруулаад байгаа баримт бичгүүд нь Төрийн нууцын тухай хуульд хамаарахгүй байна гэж үзэж байгаа. Ц.Жаргалсайханы дамжуулсан гээд байгаа баримт бичиг маань нууц мэдээлэл байгаагүй гэж үзэж байгаа юм.

- Ц.Жаргалсайханыг төрийн нууцад хамаарах материал дамжуулсан гэж үздэг шүү дээ. Энэ нь яг батлагдаагүй гэж ойлгож болох уу?

-Баримт бичиг дамжуулсан нь батлагдсан эсэх талаар ярих боломжгүй. Тухайн мэдээллүүд нь төрийн нууцад хамаарахгүй бичиг баримт байсан гэж бид үздэг. Тэрбээр Ерөнхийлөгч болон Дэмбэрэлийн айлчлалын материал төрийн нууцад хамаарахгүй гэж үзэж байгаа юм. Ямар үндэслэлээр яриад байна гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын асуудал нийтэд илэрхий болчихсон. Тэр ч битгий хэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудал шүү дээ. Төрийн айлчлалуудад Төрийн нууцын жагсаалт батлах журмын тухай хуулиар нууцад хамаарч болно. Гэхдээ төрийн нууцад хамааруулахдаа хугацаатай, хугацаагүй, тодорхой хугацааны дараа нууц биш болохыг хуульд заасан байдаг. Төрийн айлчлал дууслаа, тэгээд л нууцад хамаарахгүй болчихож байгаа юм. Айлчлалын хийхээс өмнө бол нууц байдаг.

-Ц.Жаргалсайхан айлчлалаас өмнө материал дамжуулсан гэдэг. Тэр ч бүү хэл айлчлалаар ярих асуудлын удирдамж, бусад мэдээлэл байсан гэсэн яриа бий. Тухайлбал Д.Дэмбэрэл даргын айлчлалаар манай улсад төмөр зам тавих асуудлыг ОХУ-тай зөвшилцөх, түүнд манай талаас угтуулан тавих нөхцөлийг урьдчилан дамжуулсан гэж үздэг?

-Энэ асуудал дээр тийм, ийм байсан гэж тодорхой яривал их юм бий. Үүнийг ил болгож ярих боломж мөн л байхгүй. Бид энэ асуудлаар хэд хэдэн үндэслэл гаргаж, шүүх дээр мэтгэлцдэг юм. Цөөнгүй үндэслэл гаргаж тавьсан. Зарим дээр нь шүүх тийм юм байна аа гэж зөвшөөрсөн. Ийм учраас л бид ийм үндэслэл гаргаж үүнийг ингэж тайлбарлаж байгаа юм гэж хэлэх боломжгүй байна л даа. Яагаад гэхээр хаалттай сэдэв рүү маань орчихоод байгаа байхгүй юу.

-Гэхдээ Ц.Жаргалсайхан яг юу дамжуулав гэлж болохгүй гэж үү. Тухайлбал, айлчлалаар тийм зүйлийг ярих байсан, түүнийг нь дамжуулсан гэдэг ч юм уу. Энэ уг нь нууцад хамаарахгүй баймаар санагдах юм?

-Энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа бусад хэргээс илүү нууцын зэрэглэлд хамаарна. Хэргийн нотлох баримт цуглуулах ажил нь энгийн хэргээс огт өөр. Хэрэг өөрөө нууц байна, шүүх хуралд оролцуулахгүй гэдэг чинь дан ганц мэдээ мэдээлэлтэйгээ холбоотой биш. Хэргийг шалгаж байгаа процессын хувьд ч тусгай шаардлага тавигддаг, нууцлагддаг учраас энэ асуудлыг ярих нь хаалттай болчихоод байгаа юм.

-Материал дамжуулсан гээд байгаа тэр орос найзад нь эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж шүүгдэгчийн ар гэрийхэн ярьдаг?

-Ц.Жаргалсайханыг 79 дүгээр зүйл ангиар буруутгаж байгаа тохиолдолд цаад хүн нь заавал холбогдож таарна л даа. Яагаад гэхээр Ц.Жаргалсайханыг гадаадын тагнуулын байгууллагын хүнд мэдээлэл дамжуулсан гэж буруутгаад байгаа байхгүй юу. Гадаадын тагнуулын байгууллагын хүн байсан гэдэг нь эхлээд тогтоогдох ёстой. Хэрвээ тийм бол тэр хүн Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болж таарна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах зорилгоор Монгол улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтооно гэсэн үг. Тэгэхээр Ц.Жаргалсайханыг 79 дүгээр зүйл ангиар буруутгаж байгаа бол эхлээд 80-д заасны дагуу тэр гадаадын ажилтны буруутай үйл ажиллагааг тогтоох ёстой. Гэхдээ тэр ОХУ-ын ажилтны асуудал хуульд заасны дагуу шийдэгдээгүй л юм билээ. Тэр талаар ямар нэгэн баримт байхгүй.

-Түүнээс байцаалт аваагүй гэдэг. Хавтаст хэрэгт энэ талаар ямар нэгэн тайлбар байдаг уу?

-Тэр талаар яримааргүй байна. Хавтаст хэрэгийн материалд юу тусгагдсан талаар хэлэх боломжгүй.

-Ц.Жаргалсайхантай та ойрд уулзсан уу?

-Бид хуульд заасны дагуу уулздаг. Өмгөөлөгч байнга уулзах боломжгүй л дээ. Шаардлагатай тохиолдолд очиж уулздаг.

-Хэргийн талаар өөрөө юу ярьдаг бол?

-Энэ асуудлаар мөн л хариулт өгөх боломжгүй. Яагаад гэхээр бид хоёрын хоорондын яриа өмгөөллийн тухай хуулиараа нууцад хамаарагддаг юм. Хэрэгтэйгээ холбогдоод ирэхээрээ бүр төрийн нууцад хамаараад явчихдаг.

-Бие нь хэр байгаа вэ. Эмнэлэгт хэвтээд гарсан гэж сонссон?

-Ер нь бие султай хүн шиг байгаа юм. Зүрх судасны өвчтэй, хүүхэд ахуйн үеийн архаг хууч өвчнүүд нь амьдралын орчин нь солигдоод ирэхээр сэдэрч байх шиг байна. Эмнэлэгт ойр ойрхон хэвтээд л байна. Хорих анги дотроо эмнэлэгтэй. Тэнд нь Ц.Жаргалсайхан хэвтэж эмчлүүлсэн.

-Шүүхээс ялын дэглэмийг буурууллаа. Тэгэхээр Ц.Жаргалсайханыг Тоосгоны хорихоос өөр анги руу шилжүүлнэ биз дээ?

-Дэглэм өөрчлөгдөж байгаа болохоор хорих анги өөрчлөгдөнө л дөө. Тогтоол хүчин төгөлдөр болж, ШШГЕГ-т очиж байж өөр хорих руу шилжүүлэх байх.

-Ц.Жаргалсайхан Дээд шүүхийн шийдвэрийг сонссон биз дээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа сэтгэл санааны байдал хүнд байна гэж сонссон?

-Сонссон. Ер нь бол сэтгэл санааны хувьд хүнд гэхээсээ илүүтэйгээр хувь хүн өөрийн хийсэн үйлдэлээ мэдэж байдаг шүү дээ. Энэ утгаараа би үнэхээр эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдэе гэсэн бодол санаа байгаагүйдээ л их шаналж байсан л даа. Тэгэхээр энэ бодол өөрт нь маш том сэтгэлийн дарамт болж байсан байх. Ямар ч хүн эх орноосоо урвасан гэж хэлүүлнэ гэдэг хүнд шүү дээ. Тэгээд түүнийгээ өөрөө хүс ч хийгээгүй, зориуд ийм байдалд оруулна болгоогүй гэдэг чинь бүр илүү хүнд тусаж байгаа байхгүй юу. Үндсэндээ түүнд намайг хэлмэгдүүлж байна гэсэн л бодол явж байгаа.

-Одоо Дээд шүүхийн шийдвэрийг сонссон, сэтгэлийн дарамт бага боловч нимгэрсэн байх даа. Та ойрд уулзсан уу?

-Нэг үеэ бодвол сэтгэл санаа нь дээрдсэн. Би хяналтын шатны шүүхийн шийдвэрээс хойш уулзаагүй.

Т.Амур


URL:

Сэтгэгдэл бичих