Хүүхдээ хаяад зугтжээ

БНСУ-д хараар ажиллаж байсан монгол эмэгтэй зочид буудлын өрөөнд ганцаараа төржээ. Мөн төрүүлсэн хүүгээ зочид буудлын өрөөнд орны цагаан даавуунд өлгийдөж орхиод зугтаасан байна. Арван сар тээсэн хүүхдээ хаяад зугтаасан эмэгтэйг БНСУ-ын Инчон хотын Бүпёнгү дүүргийн цагдаагийн газрынхан шуурхай эрэн сурвалжилж саатуулан шалгаж байна. Энэ тухай тус улсын хэд хэдэн сайтуудаар мэдээлэл нь гарчээ. Монгол Улсын иргэн 33 настай А нь энэ сарын 10-ны 09:00 цагийн орчимд Инчон хот Бүпён дүүргийн нэгэн буудалд байрлажээ. Буудлын үйлчлэгч эмэгтэйн хэлж буйгаар А нь зочид буудлын өрөөнд ороод дотроосоо хаалгаа түгжээд огт гарч ирээгүй гэнэ. Үдээс хойш гурван цагийн үед зочид буудлаас гарч оджээ. Тэгэхдээ нэлээд элбэг хувцас өмссөн байсан гэнэ. Ингээд буудлын үйлчлүүлэгч өрөөг нь цэвэрлэхээр ортол хүүхэд уйлж байжээ. Мөн тэр хавь нэлэнхүйдээ цус болсон байсан гэнэ. Эмэгтэй ганцаараа төрчихөөд хүйг нь гоо сайхны хайчаар тасалсан байсан гэнэ. Тэрбээр зочид буудлын өрөөнд ганцаараа төрж байхдаа огт дуу гаргаагүй гэнэ. Мөн хүүхдээ усанд оруулаад орны цагаан даавуугаар өлгийдсөн байжээ. Буудлын үйлчлэгч эмэгтэй тэр даруйд цагдаа дуудсан байна. Цагдаа нар зочид буудлын нууц камерын тусламжтайгаар хүүхдээ хаяад зугтаасан эмэгтэйг төвөггүй барьж саатуулсан байна.

Баригдаад байгаа А нь БНСУ-д хууль бусаар арван жил ажиллаж, амьдарч байсан гэнэ. Цагдаа нарт “Амьдрал үнэхээр хэцүү байна”. Монгол найз залуугаасаа жирэмсэн болсон. Гэвч түүний найз залуу нь хүүхдийн эцэг болох чадваргүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн нэгдүгээр сард эх орон руугаа буцсан. Төрөх гээд өвдөөд эхлэхээр нь эмнэлэг явах гэсэн боловч хууль бусаар амьдарч байгаа болохоор баригдаад бөөн юм болно гэж бодоод зочид буудалд төрчихсөн юм аа. Ганцаараа төрөх талаар ямар ч мэдлэг байгаагүй. Аймаар өвдсөн. Гэхдээ би шүд зуугаад тэссэн. Энэ хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх эдийн засгийн боломжгүй. Тэгээд ч эцэггүй хүүхэдтэй Монгол руу буцахыг хүсэхгүй байна” хэмээн мэдүүлжээ. Мөн хүүхдээ авахаас татгалзан, эдийн засгийн хувьд боломжтой Солонгос айлд үрчлүүлэхийг хүсчээ.

Инчон хотын Бүпёнгү дүүргийн цагдаагийн газрынхан хүүхдээ хаяад зугтаасан А-г эх оронд нь буцаах шийд гаргаад байгаа юм байна. Харин хүүхэд нь Инчон хотын нэгэн эмнэлэгт эрүүл саруул байгаа аж. Хүүг Солонгос улсад үлдээхээр болжээ.

Б.НЯМДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих