Генерал, Хурандаа нар шоронгийн сургаар харвачих шахлаа
Долдугаар сарын 1-ний хэрэг явдалд холбогдуулан цагдаагийн нэр бүхий генерал, хурандаа нарыг шүүх ажиллагаа явагдаж байгаа. Дөрвөн иргэн буудуулж амь насаа алдсан хэрэгт шалгаж байгаа юм. Уржигдар шүүхээс Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын цагдаагийн дарга нарыг 72 цаг саатуулах шийдвэр гартал тэд айхавтар айв. Айсандаа даралт нь 200 хүрч, зүрхний хэмнэл нь алдагдав. Эд нар доод тал нь 20, дээд тал нь 30 жил цагдаагийн байгууллагад ажилласан эрчүүд юм аа. Эд нарт 72 цаг буюу гурван өдөр “Ганц”-д суух, мөрдөнд орох нь тоглоом байх гэж бодож, харж байлаа. Тэд өдий олон жил ажиллахдаа өдөрт 20, 30-аар нь хүмүүсийг хийдэг байсан. Аваачаад “Ганц”-д хийчих, дараа нь учрыг нь олно гэдэг байсан. Заавал баасан гаригт тэр савандаа хийх. Хийгээд хэд хоногоор өнжөөх, “Ясыг нь цайтал суулга” гэж хэлэх нь тэдэнд энүүхэнд байсан. Ер нь баригдаад ирсэн хүн бүрийг ачдаг даа. Зүгээр хүмүүсийг хорилоо гэхээр тэд “Хууль нь тийм юмаа” гэдэг байсан. Тэгэхээр энэ ажил тэдний мэргэжлийн ажил, шоронгоор орж гарах нь дасал дадал болсон хүмүүс гэж бодож байв. Тэр бүү хэл уржигдар шүүхийн тогтоол гарамгуут тэр дөрвийг ингэж хэлнэ гэж бодож байлаа. “Тэр “Ганц”-д чинь очоод би ясаа цайтал хэвтээд өгье. Үнэн мөнийг тогтоохгүй бол бид эндээс гарахгүй шүү” гээд хэвтээд өгөх байхдаа гэж бодсон юм. Гэтэл үгүй юм байна. Үнэхээр айлаа. Үнхэлцгээ хагартал айж, дагжин чичрэв тэд. Тэр газар тамын газар гэдгийг мэргэжлийн хүмүүсийн энэ их айдас баталж өгөв. Тэр газарт орсон хүн амьд гарч ирдэггүйг, амьд гарсан ч өвчний үүр, хүний сүг болдгийг тэд нотлов. Гэтэл тийм аймаар газарт ард түмнийг бол үнэн хайр найргүй хийж ирсэн. Э.Бат-Үүлийг гэрээс нь гавлаж аваачаад, Гүндалайг онгоцны буудлаас чирч аваачаад хийдэг байлаа. “Казино” Баттулга нарын дөрвен гишүүнийг хийж байлаа. До яамны сайд С.Батчулууныг тэндээ хийгээд алж байлаа. “Зөөлөн эх”-ийн Цэрэндэжидийг нөхөртэй нь тэр савандаа хийж үлдсэн үр хүүхдүүдийг нь хамаатан саднаар нь тараан хаяж байв, эд нар. Нэртэйгээс нь дурдахад ийм. Жирийн ард түмнийг муухай харсных нь төлөө “Ганц худаг”-т ясыг нь цайлгадаг юм даа, цагдаа нар. Иргэн хүний бие махбодь генерал, хурандаа нар шиг “Ганц худаг”-ийн сургаар мууддаг удаа байсан. Тэгэхэд цагдаа нар юу гэж хэлдэг байсныг бид мэднэ. “Эзгүй газар аваачаагүй, эмнэлэгтэй газар аваачиж байна” гэж. Шорон чинь эмнэлэгтэй гэдэг байсан. Их л харж үзэж байж тэр эмнэлэгтээ хэвтүүлдэг юм даа. Тэгвэл генерал, хурандаа нар дүүргийн эмнэлэгт хэвтэж байна. Ийм л алаг эрээн байна даа, энэ улс орон.
Ард түмэн ч бүгдээрээ та дөрөвтэй адилхан тэр савнаас айдаг, даралт нь 200 байтугай хүрдэг юм. Тэр үед нь “Айж байна уу хөөрхий, эмнэлэг дуудах уу” гэдэг цагдаа бий юу. Энэ л шударга бус байгаагийн том нотолгоо юм шүү дээ.
Иргэд бол энэ дөрвийн үйлдлийг “цагдаа юу ч хийсэн ялгүй юм байна” хэмээн ярьж байна. Дээр нь бие нь муудсаныг нь үнэмшихгүй байна. Бүгдийнх нь даралт нэг зэрэг 180, 200 хүрээд, бүгдийнх нь саахар сэдрээд… Шинжлэх ухааны үндэслэлээр бол ийм байх боломжгүй. Даралт нь тэгтлээ тэнгэрт тулахаар насны хүмүүс мөн үү, тийм их тарган хүмүүс мөн үү. Яг үнэндээ Монголын цагдаагийн дээд тушаалын энэ дөрөв шиг дарга нар бол Монголд хамгийн стресс багатай амьдарч байгаа хүмүүс. Тэд хаана ч хөндлөн явна. Тэдэнд хэн ч саад болохгүй. Тушаалаар муусайн цагдаа нараа нүднийхээ харцаар хөдөлгөнө. Дээр нь тэд албаны машин унана, албаны хувцас өмсөнө. Тэд хэрэгтэнтэй хөөцөлдөхгүй, хэргийн газарт ажиллахгүй, мөрдөн байцаалт явуулахгүй. Монголын улс төр, бизнесийн бүх бүлэглэл тэдэнд долигононо. Тэдний стресстдэг зүйл нь замын түгжрэл байж магадгүй. Гэхдээ л улаан гэрлээр давхина. Ийм л хүмүүс. Тэд хэдэн бор цагдаа шигээ халуунд халж, хүйтэнд хөрж өдөр шөнөгүй ажилладаг гэж үү. Эдний бие муудсан байлаа ч лав л дөрвүүлээ биш юм.
Цагдаагийн дарга нарын хувьд гадуур байгаад үнэн мөнийг хэлнэ гэж байхгүй. Дөрвийн дөрвөн хүн алуулчихаад байхад үнэн мөнийг нь хэлж болохгүй байдаг ямар эрх ашиг энэ цагдаа нарт үйлчлээд байгаа юм бэ. Иргэдийн амь наснаас үнэтэй юу эд нарт байгаад байна. Цагдаа нарыг үнэнийг хэлэхэд хэн саад болоод байна гэх зэрэг асуултыг та бодож үзсэн үү. Зөвхөн цагдаагийн дарга нарын айдас л үүнд саад болоод байгаа гэж үү. Ил харагдаж байгаагаас саад болох юм өчнөөн бий. МАН саад болно, сайд нь саад болно, С.Баяр саад болно, Мөнх-Оргил саад болно. Өөрсдөө бас саад болох бүх аргаа мэднэ. Нэг нь дор хаяж 10 өмгөөлөгчтэй болно. Нэг нэгээр нь Солонгос руу нисгээд байхад шүүх хурал мөддөө болохгүй. 10 жил болж ч мэднэ. Дээр нь энэ цагдаа нарыг өөгшүүлээд жагсаагаад байна. Энэ бүгд тэгээд хэнд ашигтай вэ. Төрд л лав биш. Шүүх хурал хийж чадахгүй бол энэ төр дампуурч байгаа нь тэр. Тэгээд ч аавын хүүхдүүдийг алаг үздэг төрийг ард түмэн тоохгүй дээ. Ард түмэндээ хүндлэгдээгүй төр байж болох уу.
Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл дөрвөн нөхрийн эрхэлж байгаа нь иргэдийн бухимдлыг улам төрүүлж байна. Хууль сахиулдаг цагдаа нар хуулийн дагуу Шүүх ажиллагааг хамгаалах ёстой байтал шүүх хурлыг бутарган тарааж байгаа нь Монгол Улсад төрт ёсыг уландаа гишгэсний том баталгаа боллоо. Энэ маягаараа бол Монголд төр ажиллах чадамжаа алджээ. Төр ард түмэндээ ялгавартай ханддагийн том жишээ, том үзүүлэх сургууль болж өнгөрлөө. Ард түмний бухимддаг нь аргагүй юм байна. Ингэхээр шударга ёсыг яаж тогтоох вэ? Шударга ёсыг сонгуулиар л тогтооно. МАН-ыг засгийн эрхээс сонгуулиар авч хаяж байж тогтоно.
П.ХАШЧУЛУУН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: