Онц байдал тогтоох зарлигт “Хуульд заасан арга, хүч хэрэгслээр” гэж онцолжээ
Үймээний үеэр таван иргэн буудуулж амиа алдсан хэрэгт шүүгдэгчээр оролцсон цагдаагийн албан тушаалтнуудыг Сүхбаатар дүүргийн шүүхээс хорих шийдвэр гаргасан билээ. Шүүх хурлын дараа шүүгдэгчид хэвлэлийнхэнд хандаж байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр хурандаа нарын нэг нь “Үнэндээ цагдаа нарыг буудах эрхийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Онц байдал тогтоох тухай” зарлигаар олгосон байгаа. Энэ тогтоолын “Онц байдлыг зарласан хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй” гэсэн хэсгийн 2-т “Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах” гэж бий гэв. Тэрбээр нэрээ нууцлахыг манай сэтгүүлчээс хүсч “Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн 194 дүгээр тогтоолыг буруутгав. Иймд бид тогтоолд дурдсан”.. .хуульд заасан арга, хүч хэрэгслээр” гэдэг нь чухам юу гэж тусгагдсаныг холбогдох хууль тогтоомжуудаас харлаа.
Цагдаагийн байгууллагын тухай хуультай энэхүү тогтоол нь шууд хамааралтай болж буй юм. Өөрөөр хэлбэл энэ хуулиас өөр цагдаагийн байгууллагын ”хүч хэрэгслийн” тухай тусгасан хууль байхгүй аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Тагнуулын байгууллагын тухай хуульд “хүч хэрэгслийн” талаар тодорхой хэмжээгээр тусгасан ч өөр утгаараа хэрэглэгдэх юм. Харин Цагдаагийн байгууллагын тухай хууль Онц байдлын тогтоолтой хавсарч үзэх боломжтой хэмээн зарим хуульчид хэлж байна. Тогтоол гарсны дараа ямар нэгэн тайлбар гарч байгаагүй гэнэ.
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Галт зэвсэг хэрэглэх” гэсэн бүлэг байна. Дээрх зүйлийн 1-д “Гэмт үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол цагдаагийн албан хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно” гэжээ.
ХОХИРОЛ УЧРАХ НӨХЦӨЛД ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭНЭ
40 дүгээр зүйлийн 1-ийн 1-д цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, 1-ийн 7-д нь хорих, цагдан хорих, баривчлах байранд нийтийн эмх замбараагүй байдал гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодитой нөхцөл байдал бий болсон тохиолдолд галт зэвсэг хэрэглэх бөгөөд цагдаагийн алба хаагч бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна” гэжээ. Харин “Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн цагдаагийн алба хаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч захирах даргадаа, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ” гэжээ. Мөн 41 дүгээр зүйлд “Цагдаагийн тусгай хэрэгсэл, мэх” зэргийн тухай оруулжээ.
Энд “Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараахь тусгай хэрэгсэл, мэх ашиглана” хэмээсэн байна. Үүнд олон хүнд нөлөөлөх, нэг бүрийн, тээврийн хэрэгсэл албадан зогсоох, хамгаалах гэх мэт тусгай хэрэгслүүдийг заажээ. Мөн самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх, албаны нохой зэргийг ашиглаж болохыг тусгасан байна.
ОЛОН ХҮНД НӨЛӨӨЛӨХ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Тус хуулийн 42 дугаар зүйлийн 1-д “Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгслийг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэнэ” хэмээжээ. Үүнд “олон хүнд нэг зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, усан хөөрөг, утаан хөшиг үүсгэгч” зэрэг орно гэжээ.
ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО
Нийтийн эмх замбараагүй байдлыг, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох болон байгууллага иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх, хориглон эсэргүүцэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг баривчлах үед хэрэглэж болно хэмээн тусгасан байна. Гэхдээ дээрх 40 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасан тохиолдолд хэмээн тодотгожээ. Түүнчлэн тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна гэсэн байна.
РЕЗИНЭН БА ХУВАНЦАР СУМТАЙ БУУ
Мөн хуулийн 43 дугаар зүйлд нь нэг бүрийн тусгай хэрэгсэл гэдгийг тодотгож өгчээ. Энэ нь нэг бүрийн гэдэг нь цагдаагийн албан хаагчид нөлөөлөх хэрэгсэл гэж ойлгож болох юм байна. Үүнийг нэг бүрийн тусгай хэрэгсэл гэнэ хэмээжээ. Тусгай хэрэгсэлд “гар, хөл, хурууны гав, хүлэг, ороох цамц, резинэн, цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр резинэн ба хуванцар сумтай буу зэрэг нь багтдаг аж.
ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ҮЕД ХЭРЭГЛЭНЭ
Дээрх тусгай хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй эсвэл эсэргүүцсэн тохиолдолд хэрэглэх юм байна. Мөн сэжигтэн яллагдат, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх. Цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюултайгаар эсэргүүцэж болох сэжигтэн, яллагдагч ялтанг баривчлах гэх мэт үед тусгай хэрэгсэл хэрэглэх аж.
ХОРИГЛОХ ҮНДЭСЛЭЛ
Мөн хуулийн 46 дугаар зүйлд “Галт зэвсэг, тусгай хэрэгслийг хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст хэрэглэхийг хориглоно” гэж заажээ. Мөн хэрэглэхийг хориглох гурван үндэслэл байдаг аж. Үүнд цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, галт зэвсэг хэрэглэж довтолсон буюу эсэргүүцсэн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэн довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэхгуй байх тухай заажээ.
ХУУЛЬД ЗААСАН АРГА, ХҮЧ ХЭРЭГСЛЭЭР АЛБАДАН ТАРААХ
Харин Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр “Онц байдал тогтоосон бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно гэсэн байх юм. Тодруулбал 4 дүгээр зүйлийн 3-т “Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах” гэсэн байх юм. 4 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр ” Онц байдал зарласан бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дор дурдсан нэмэлт онцгой арга хэмжээ тогтоож болно” гэжээ. Онцгой байдлын тухай 194 дүгээр тогтоолд “хуульд заасан арга, хүч хэрэгслээр” гэж тодотгосныг хоёр хуулиар тайлбарлахад ийм байна. Нэг бодлын дээрх хурандаагийн хэлсэн үг үнэний ортой ч юм шиг. Үнэхээр л Ерөнхийлөгч асны гаргасан 194 дүгээр тогтоолд цагдаа нарыг буудах эрхийг олгосон байх аж. Анх энэ хэрэгт яллагдагчаар татагдсан цагдаагийн албан тушаалтнуудад хүн амины хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дараа нь албан тушаалын хэрэг болж энэ нь Өршөөлийн тухай хуульд хамрагдсан. Сүүлд нь цэргийн гэмт хэрэг гэсэн зүйлчлэлд оруулж өнгөрсөн мягмар гаригт цагдаагийн албан тушаалтнуудыг хорих шийдвэр гарсан. Тэдэнд цэргийн гэмт хэргээр хэрэг үүсгэснийг олон хүн буруутган үздэг юм билээ.
Г.ЯЛГУУН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: