Монголчууд оюуны тураалд орсон гэв үү?

Эрхэм нийтлэгч Кимүра Аяако таны Тархины тураал өгүүллийг уншаад Монголчууд оюуны тураалд оржээ гэсэн таны дүгнэлтийг тойрч чөлөөтэй ном хаялцах бодол төрлөө.

Оюун сэтгэхүйн тухай ярих бол Дэлхийн ямар ч мэдрэлийн физиологи, сэтгэл судлаачид хүний оюун сэтгэхүй нь сэрэхүй, хүртэхүй, төсөөлөл, гэсэн бүрдэлтэй хүртэж танин мэдэх, ой тогтоол, оюун дүгнэлт гэсэн бүрдэлтэй хийсвэр сэтгэхүй гэсэн хоёр бүрдлийн цогц гэдэгтэй та надтай санал нийлэх биз. Ингээд тантай дээр өгүүлсэн оюун сэтгэхүй элемент болгоныг Монгол хүн дээр тусгаж дүн шинжилгээ хийхийг оролдьё.

Сэрэхүй: Амьтан бүү хэл ухаан сэтгэхүйтэй ямарч хүн үнэрлэх, амтлах, харах, сонсох, хүрэлцэх, дуу доргионыг мэдрэх гэсэн зургаан мэдэрхүй эрхтнийхээ тусламжтай орчныхоо юмс үзэгдлийн талаар мэдээлэл авч түүнийгээ тархиндаа дамжуулах сэрэх эрхтэнтэй. Хүн хэдий харах эрхтнээрээ бүх мэдээллийн 80 хувиас дээш мэдээллийг авдаг гэдэгч энэ Монгол хүнд бусад мэдэрхүйн суваг онцгой үүрэгтэй болохыг та ажиглаж мэдсэнгүй.

Малчин удмын Монгол хүн унаж яваа мориныхоо, ачиж яваа тэмээнийхээ хөлсийг амталж үзээд уяа сойлго хагсрааг нь мэдэрч ухаалгаар ачлага уналгандаа хэрэглэдэг гэтэл бог мал адгуулж маллах Монгол хүн хоттой хониныхоо баас шээсний нь үнэрийг үнэрлэж мэдрээд одоо ямар зүйл хонь маланд нь дутагдаж байгаа, өнөө ямар ургамал гарсан газар хонь малаа хариулахаа шийддэг. Ингэж шинжиж байгаа малчны хотонд, морины уяа, тугалын зэлэнд та очоогүй бололтой.

Чухам ийм ухаалаг шинжлэх ухаанлаг хөдөлмөрийнхөө ачаар нэг хүнд 14 толгой оногдохоор 40 сая малтай болж. Идэх уухаар гачигдахгүй сайхан аж төрж байна. Магад малаасаа хөндийрч зах зээлийн эргүүлэгт автан траншей хэсч яваа цөөхөн хэдэн архичдыг хараад нийт улс орон Монгол түмний талаар хоомгой дүгнэлт хийсэн буй заа. Та өөрийнхөө өгүүлэлд Монголчууд биенээсээ сургаар мэдээлэл авдаг гэтэл Япончууд ном уншиж байж мэдээлэл авдаг аягүй давуу талтай мэт бичиж.

Танай хүмүүс мэдрэл оюундаа мэддэг болгож цэгцэлсэн, хүний бичсэн номыг л уншдаг байх гэж би бодож байна. Тэгвэл ном гэдэг хувь хүний тархиндаа байгаа мэдээллийг цаасан дээр буулгасан хэлбэр юм. Тэгвэл сар болохгүй нүүж өвсний сортой, усны тунгалагт малаа адгуулдаг Монгол хүнд тэн тэнгээр нь номоо ачиж явах боломжгүй юм. Ийм нөхцөлд айл бүр тодорхой дуу шүлэг үлгэр өгүүллийг цээжлээд харилдан бие биедээ түүнийгээ ярьж бие биенийхээ мэдлэгийг сэлбэж аж төрдөг мэдээлэл дамжуулах шалгарсан аргыг амьдралдаа нэвтрүүлсэн ард түмэн юм. Та түүнийг ажигласангүй.

Сайн ажигласан бол айл болгоны хойморын бор авдар дээр жижиг шагал байдаг энэ бш тэр гэр бүлийн номын сан юм. Хот айл хонь малаа хотлуулаад хурга ишгээ барьчихаад, тугалаа зэллээд, унагаа тавьж адуу малаа залчихаад орой нэг дор цугларч хөөрөлддөг. Энэ бол тэдний ном унших, мэдээлэл солилцох агшин юм.

Хүртэхүй Дээр өгүүлсэн тархиндаа мэдээлэл оруулах зургаан сувгаар авсан сэрэл мэдээлэл тархины тодорхой хэсэгт холбогдож болсон болох үйлийн тухай цогцолбор мэдрэмж төрдөг. Энэ үйл Монгол хүнд суурин иргэншлийн хүмүүстэй харьцуулахад хавьгүй өргөн цар хүрээтэй зургаан мэдэрхүй тэгш хамрагдсан үйл байдаг юм. Та дэлгүүрт юм үзье гэж Монгол хун орж сонирхохдоо лантуун дээр байгаа барааг хараад зогсохгүй үнэрлэх илэх үйлдэл хийж буйг ажаа биз.
Энэ бол тэдний тэр тусмаа нүүдэлчин түмний юмыг хүртэх мэдрэх онцлог юм. Ингэж мэдэрснээрээ Монгол хүн эд агуурс хүнс тэжээлийн чанарыг танай ард түмнээс хавьгүй хурдан үнэн зөв мэдэрч чаддаг энэ чанар нь нөлөөлж манай улсын дэлгүүр захын лангуу дэлхийн шилдэг брендүүдээр дүүрсэн байгааг та ажээ бизээ.

Төсөөлөл Энэ нь Монгол хүний хувьд урьд нь хүртэж мэдэрсэн зүйлтэйгээ шинэ тутам хүртсэн мэдээллээ жиших, шинэ тутам мэдэрсэн үзсэн юмс үзэгдлийн талаар тодорхой мэдээллийн чуулбар бүрдүүлэх мэдрэлийн үйлдэл. Энэ бол нүүдэлчин малчин ардын суурьшмал иргэдээс ялгардаг илүү өргөн цар хүрээтэй мэдрэлийн үйл юм.

Урт богино янз бүрийн хугацаанд төрсөн төсөөллөө хур мэддэгтэйгээ харьцуулан жишиж шинэ ойлголтыг төрүүлэхийг монгол хүн бодолд автах гэдэг юм. Бодолд орсон үедээ монгол хүн орчноосоо түр тасарч хүний хэлсэн ярьсан бүх юмыг үл тоох мэт байдалд ордог. Түүнийг нь та хараад оюуны ядууралд орж гэж бодоо биз. Монголчууд ийм чадвар их хөгжсөн түмэн, ийм чадвараараа онцгойрсон хүнийг хурц хар ухаантай хүн гэж өргөмжилдөг юм.

Монгол үндэстнээ хий хоосон магтах гэж ингэж хэлээгүй БНХАУлсын Өвөр монголд насныхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” гэдэг номноос уншвал та миний монгол хүний талаар хэлэх гээд байгааг ойлгох буй заа. Танай ард түмний олимпийн түүхэнд оруулж ирсэн Жүдо бөхийн мэхний хувилбарыг хөлөнд хэвтээ өмсөх мэхээр баяжуулж Жүдо бөхийн дүрмийг өөрчлөхөд хүргэсэн Бээжингийн олимпийн алтан медальт Түвшинбаяр мастерын мэхийг хараа биз.

Мөн Япон үндэстний барилдаан болох сумогийн дэвжээнд тэр жаахан зайнд ямар мэх хийж өрсөлдөгчөө давж болохыг Монгол сумочид танай ард түмэнд үзүүлснийг та олонтоо тараа биз. Үүнийг уран мэхийг уралдуулан хийж барилдах гэдэг юм. Одоо сумогийн дэвжээнд барилдаж байгаа Япон сумочид тэр мэхүүдийг сурч сайхан барилдаж байгааг харахад сайхан байдаг юм.

Төрийн хар хайрцагны бодлогын тухай бүхэл бүтэн номыг (өнөөгийн тооцоогоор 5-6 хэвлэлийн хуудас) үе удам дамжин цээжилж үр хүүхдэдээ цээжлүүлдэг уламжлал эзэн богд Чингис хааны үеэс манай ард түмэнд уламжлагдсан байдгийг та мэдэхгүй байх. 1950 оноос өмнө төрсөн хүмүүст жанлив цогцол, ламаадан, Цэнд-Аюуш гэх мэт бурхны шашны олон шад номыг ихэнх нь цээжээр уншина.

1921 онд хувьсгал ялж манай орон тусгаар тогтнолоо олсны дараах жилүүдэд айл гэр бүхэнд гучин хоёр модон хүний үлгэр, эх хүн эх малыг шинжих, эцэг мал хурдан морь бөх болох хүнийг шинжих гээд Худан Монгол бичгээр бүтээсэн олон боть номыг өөрийн сонирхлын дагуу цуглуулсан түүнийгээ орой үдэш цуглаж нэг нь дуудаж бусад нь сонсож хүүхэд багачуудаа хүмүүжүүлж мал ахуйгаа шинжлэх ухааны үндэстэй удирдаж эрхэлж явдгийг та тэр бүр ойлгохгүй байгаа биз.

Одоо миний бие нэг жарныг насалж байна, гэтэл 5-6 настай байхад ээжийн минь ярьж өгсөн үлгэр 10 цагаан буян 10 хар нүглийн тухай цэцэн цэлмэг өгүүлэл түүний шадуудыг би цээжээр ярьж уншиж чадсаар л байх юм. Танай орон бүү хэл хөгшин Европт шинжлэх ухаан гэж юу байдгийг мэдээгүй байхад их Юань гүрний хаан Хубилай цэцэн хаан дэлхийд анх удаа шинжлэх ухааны Академи байгуулж байсныг эрх биш та сонсоо биз.

Миний ардын нэг ёс заншил бол алдсан адуу малаа ирж хотоос хотод буухдаа замдаа тааралдсан адуу малаа зүсээр нь эх багаар нь дэл сүүлээр нь сайтар цээжилж хот айлд бууж унд уух зуур тэр айлын эзэн эзэгтэй нартай замд юу тааралдсаныг нэгд нэггүй ярьж өөрийн эрлээ ярьж сураглан эрлийнхээ цаашдын чиг хандлагыг тогтоодог. Үүнийг нь бид тайлбарлахдаа төсөөлөл ойлголтоо гүнзгийрүүлж оюунаа мэдээлэл мэдлэгээр сэлбэж байгаа нүүдэлчин ардын оюуны том соёл гэж үздэг юм.

Хүртэж төсөөлсөн ухаж ойлгосноо оюундаа мэдлэг болгож хадгалах онцгой аргатай ард гэж миний ард түмнийг хэлж болно. Үүний тод жишээ дөрвөн жилийн боловсролтой Дундговь аймгийн харьяат адуучин Дашдооров төр түшилцэх депутатаар сонгогдож их хурал дээрээ илтгэлээ тавихдаа хэний ч тусламжгүй өөрөө бэлдээд 20 минут уран яруу илтгэснийг хэлэхэд хангалттай. Нэглэээсээ 500 төллөх эм хонь хүлээж аваад түүнийгээ 10 жил маллаж 6000 болгож өсгөсөн хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн Монгол ардын дууг үгээрээ зэмлэж аяараа аргадсан сэтгэл засал сурган хүмүүжүүлэх, зүйрлэшгүй баялаг бүхий цэцэн сэтгэхүйтэй уран сэтгэлгээтэйг сонсоо биз.

Үүнийг тимэм үг гэж мэргэжлийн хүмүүс нь үнэлдэг юм. Энэ хөдөлмөрийн баатар албан ёсоор бол дөрвөн жилийн боловсролтой Хүн юм. Энэ бүхнээс улбаатай танд зөвлөхөд өөрийнхөө орны эдийн засгийн өндөр хөгжилд дулдуйдан өөр улс үндэстний талаар хоомгой дүгнэлт хийж хэвлэл мэдээлэлд цацах нь эрдмийн хүн бүү хэл соёлтой ерийн иргэний ааш араншин биш.

Монгол түмэн маань 2.7 саяхан мөртлөө циркчид нь Парисын наадмаас удаа дараа алтан заан, мөнгө, хүрэл медаль хүртэж салбартаа гайхуулж байгаа. Дэлхийн дуурийн дуулаачдын наадмаас манай залуус тэргүүн байр олон удаа эзэлж, манай багачууд хүүхдүүд олон улсын математикчдын уралдаан, хөгжмийн наадмаас тэргүүн байр эзэлж улс орныхоо нэр сууг мандуулж явааг их ном уншдаг та бас мэдэх биз.

1930-1945 оны үед бие биендээ дайсагналцаж явсан Монгол Японы ард түмэн 2000-аад оноос эвсэн нэгдэж их бүтээн байгуулалтын төлөө мөр зэрэгцэн яваа энэ үед танай ард түмнээс манай улсад үзүүлсэн тусламжийг бид их баярлаж хүлээж авдаг. Улс орны минь эдийн засгийн чадавх дээшлээд ирэхэд дэлхийн дулаарлын улмаас танай улсын хуурай газрын ээлэх хувь өдөр сараар жилээр багасаж байгааг сонсож дуулах тусам Дэлхийн анхны хуурай газрын дээж болсон энэ нутгийг эзэгнэн төрсөн Монгол түмэнд танай ард түмэнд хэцүү хүнд үе таарахад гараа сунгах өр нимгэн бодол сэтгэл миний ардад бий гэдгийг та ойлгох биз.

Монголчууд агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэж хэлдэг юм. Алаг дэлхийд улс үндэстнүүд эвтэй найртай сайхан амьдрахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг эрх биш та ойлгох биз.

Таныг хүндэтгэн ёсолсон Монголын Анагаах Ухааны Академийн Академич Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д. Амгаланбаатар
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуупийн анатомийн тэнхимийн багш Анагаах ухааны магистр Э.Түмэнжин
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих