Бизнесийн бүлэглэлийн гар хөл ЗАСАГ ДАРГА Г.НЯМДАВАА

Хуучин танил мэт санагдах Ховд аймаг руу гурван ч авиа компани тогтмол нислэг хийдэг болсон байна. “Mongolian Airlines” компанийн онгоцоор Ховдын нисэх буудалд таван хүн буусан юм. Зорчигчдын дийлэнх нь уул уурхайн компанийн ажилчид, загас жараахай сонирхож буй нөхдүүд байлаа. Нутгийн иргэд онгоцоор нисэх тасалбарын үнийг тэр бүр дийлдэггүй болохоор 1500 км замыг авто машинаар туулахыг чухалчилдаг аж.

Үнсэн саарал голдуу хашаа, байшингуудаа улаан, цэнхэр ногоон, шар гэсэн хурц өнгөөр будаж орхисон харагдана. Устай гангаа дааж ядан жороолдог илжиг тэрэгтэй хятад өвгөчүүл цөөрч, эксель машин элбэг болсон байна. Ерөнхийдөө бол Ховд хот эксель гэдэг машины эцсийн зогсоол болжээ гэмээр. Үхрийн бөөр шиг алаг үндэстэн ястны өлгий гэгддэг Ховд өдгөө 90 мянган хүн амтай, арван дунд сургууль хичээллэж байгаа аж.

Сумын төвийн айлууд аймаг руу шилжин ирэх нь нэмэгдсэн учраас Ховд хот 30 мянган хүн амтай болсон байгаа юм. Энэ хэмжээгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг засварлах, өргөтгөх, зам тавих ажлууд нэмэгдэнэ. Ихэнх тендерийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компани авчээ. Тухайлбал, дунд сургуульд хийх засварын тендерийг авсан байна. Тэрээр тендер авдаг 89 охин компанитай бөгөөд засвар хийсэн сургуулиа “Нью прогресс” хэмээн нэрийдчихсэн байх юм.

Энэ жил жижиг, дунд үйлдвэр байгуулах зорилгоор 3.4 тэрбум төгрөг тараагдсан гэх боловч гэрийн цагаан бүрээс, хогийн шүүрээ хүртэл хотоос авдаг байх юм. Түлээ, нүүрсний үнэ ханш нь л тэхэд “Хангай” захаас ялгаагүй болжээ. Жирийн иргэдэд нь хашааны газар олдохгүй байхад гадаад, дотоодын доншуур наймаачид уул уурхайн лиценз цүнхлээд явдаг болсон байх юм.

Хүнсний зах дээр нь махны үнэ 7000 төгрөг хүрч иргэд бухимдалтай байгаа аж. Нөөцийн маханд төсөвлөгдсөн мөнгийг Жаргалант гэдэг орон сууц барихад зориулсан гэх ч яриа байна. Уг нь аймгийн төв дээрээ махны үйлдвэр барьсан гэх боловч Арабын Эмират, ОХУ-ын баруун Сибирь руу мах гаргадаг юм байх. Ядуу зүдүү иргэд махны үйлдвэрт очиж хонины толгой шулан хоногийн хоолтойгоо залгаж байгаа дуулдаж байв. Хамгийн том төсөвтэй, орон нутагт хөрөнгө оруулалт ихээр хийгддэг гэх Ховд аймаг ажилгүйдэл, ядуурлаараа улсад хоёрдугаар байранд орно. Мөн авлигаараа хоёрдугаар байранд ордог байх юм.

Сүүлийн тав, зургаан жил Ховд аймаг авлига, ажилгүйдлээрээ тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа билээ. Энэ аймгийг ийм болгосон хүн бол Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа юм. Тэрээр Ховд аймгаас нэг удаа УИХ-д сонгогдсоноос гадна сүүлийн найман жил Засаг даргаар ажиллаж байгаа юм. Жирийн нэг багш залууг Ховдын ард түмэн “Алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүрсэн” юм.

Соц нийгмийн үеийн хэдэн байшингуудаа алаг эрээнээр будсантай адил ард түмний амьдрал эрээн, бараан байгаа аж. Архидалт, ядууралтай зэрэгцээд оюуны хомсдолтой хүүхдүүд ч төрөх болсон гэнэ. Уул уурхайг дагаад аймаг орон нутагт хөгжил ирнэ гэсэн нь үлгэр болж, цөөхөн хэдэн баячуул аархаад ч байгаа юм шиг хаусаа бариад суучихжээ. АН, МАН-ын гишүүд нь хэтэвч нэгтэй болчихоод сөрөг хүчний шүүмжлэл гэдэг зүйлс Алтайн хэдэн угалз шигээ алга болсон байна.

Засаг дарга Г.Нямдаваагийн хувьд авлига аваад, ард иргэдээ дарамтлаад сүйд хийгээд байдаггүй ч олигархи компаниудын гар хөл болдог. Тэдний эрх ашгийг хамгаалдаг билээ. Тухайлбал, тэрээр Хөшөөтийн уурхайг хятадуудад өгөхөд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Хөшөөтийн уурхайн эзэн болох хятадууд Ховд аймагт нүүрс угаах үйлдвэр барих, түүхий нүүрс гаргахгүй, гаалийн баталгаат агуулах бий болгох гэх мэт түмэн амлалт өгсөн.

Түүгээр ч зогсохгүй ховдчуудад нутгийн хишиг тараах гэх мэт олон зүйл амласан байдаг юм. Энэ амлалтуудыг Засаг дарга Г.Нямдаваа шаардаж явах ёстой. Гэтэл нөгөө хятадууд Г.Нямдаваатай тохиролцоод гэрээнд тусгасан нэг ч үүргээ биелүүлсэнгүй. Өнөөдөр түүхий нүүрс урагшаа гарч байна. Гаалийн дамжин өнгөрөөх цэг, угаах үйлдвэрүүд хилийн цаана баригдав. Зөвхөн үүн дээр л Хөшөөтийн уурхайг улсын мэдэлд шилжүүлж болохоор байгаа юм.

Засаг дарга Г.Нямдаваа аймгийн 80 жилийн ойд зориулан Хөшөөтийн уурхайгаас 500 сая төгрөг бэлнээр авах гэрээ хийсэн байгаа юм. Энэ гэрээг хийсэн болохоор хятадууд болчихлоо гэж бодсон уу нүүрс угаах үйлдвэр, гаалийн дамжин өнгөрүүлэх цэг байгуулахаа зогсоосон. Гэтэл нөгөө хятадууд нь 500 сая төгрөгөө одоо хүртэл өгсөнгүй. Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа ард түмэндээ ашиггүй Хөшөөтийн уурхайн гэрээ хэлэлцээрийг олон жилийн турш хамгаалсаар ирсэн юм.

Ховд аймгийн хүн болгон шахам “Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах нь зүйтэй” гэцгээж байна. “Бухын доодохыг харж үнэг турж үхлээ” гэдэг шиг Хөшөөтийг дагаад хөгжил биш хөгц ханхлуулсан хэдэн хужаа л баяжиж гүйцэж байгааг иргэд мэдэрсэн байна. Тийм учраас энэ хавар “Элгэн нутаг Сутай” гэдэг төрийн бус байгууллагаас томоохон жагсаал цуглаан хийхээр төлөвлөөд байгаа аж.

Засаг дарга Г.Нямдаваагаа Хөшөөтийн хятадуудын гар хөл хэмээн буруутгах үзэл хаврын хавсаргатай цуг хийсэх нь тодорхой байна. Амтат гуа, алим жимсээ хүртэл тариад өөрсдийгөө болгочихоод байсан ховдчууд нэг л бухимдангуй байгаа юм. Уул уурхайн бүтэлгүйтэл, урагшгүй ноёдоо буруутгаж буйг үзвээс Ховдод нэг л зүйл болохгүй байгаа бололтой. Томоохон бүлэглэлүүд өөрийн хүнээ тодорхой албан тушаалд байршуулж улс төр, бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг. Тэдний том жишээ бол Засаг дарга Г.Нямдаваа гэхийг нутгийн зон олноос нь сонсож явлаа.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих