Бид “Монгол ёсолгоо”-г дэмжиж байна-3

Монголчууд хүндэтгэлийн ёсолгоог талархан хүлээн авч, хэвшүүлж байгааг сар шинээр олон хүн харсан биз ээ. Монгол түмэн хүндэтгэлийн ёсолгоотой боллоо хэмээн дүгнэн хэлж болохоор байна.
Сар шинийн барилдаан үзэхээр ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийн мэндэлсэн нь уг ёсолгоог судлан таниулж, хэвшил болгохоор зорьж байгаа “Монгол ёс” ТББ-ынханд урам хайрлан, ташуур өгсөн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Түүгээр зогсохгүй, сар шинийн өдрөөр наран мандахыг харсан хүмүүс ийн ёсолж байсан нь энэхүү ёслол хүмүүст хүрсний нэгэн илрэл биз ээ.
Монгол ёсолгоог дэмжиж байгаа олны танил эрхмүүдийн цуваа үргэлжилсээр байна. Бид өмнө нь Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч, фельетонч  Б.Цэнддоо, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадарууган нарын яриаг хүргэж байсан бол энэ удаад дараахи дөрвөн эрхэм “Монгол ёсолгоо”-г монгол түмэн талархан хүлээж авах нь зүйтэй хэмээн хэлж байгааг хүлээн авна уу.

СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана: “Энэ хүндэтгэлийн ёсолгоо бол их зөв зүйл”
-Санаа нь их аятайхан санагдсан. Эртний монголчууд яаж ёсолдог байсан талаар мэдэхэд хэцүү л дээ. Яах аргагүй л “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан бүсээ хүзүүндээ тохоод мөнх хөх тэнгэртээ гурвантаа мөргөсөн гэж гардаг. Тэнгэртээ хандаж байгаа юм чинь ингэж ёсолсон байхыг бол үгүйсгэх аргагүй шүү дээ.
Энэ жилийн цагаан сараар нар мандахыг харсан хүмүүс ингэж ёсолж байгаа нь сайхан харагдаж байна лээ. Тэрнээс биш, “Тэнгэрийн хүү” жүжгийн хүннү цэргүүд 3-р Рейх шиг баруун гараа өргөж байсан нь нэг л сөөлжүү харагдаж байсан. Гитлер шиг ёсолдоггүй байсан байлгүй дээ. Үүний оронд энэ хүндэтгэлийн ёсолгоо бол харин ч зөв санагдсан шүү.

АЖ, Төрийн соёрхолт Н.Сувд: “Театрчилсан биш, хялбар, үнэнд ойр юм билээ”
-Монголчуудын хуучны, ёсолж байсан ёсолгоонууд байдаг. Үүнийг судлаад хийж байгаа ажил юм болов уу даа гэж бодож байна. Ийм хүндэтгэлийн ёсолгоотой болоход буруу нь юу байхав. Энэ нь уламжлалтай уялдсан, амьдралд ойр, хялбар байвал сайн. Хэт театрчилсан биш байвал хүнд сайн хүрнэ. Энэ талаасаа би сонирхон ажиглаж харж байсан. Их зөв зүйтэй зүйл хийгдэж байна даа гэж харж байсан.
Цаашлаад, орчин нөхцөлд өөр өөр ёсолдог ч юм уу, ердийн амьдралын, төрийн гэх мэтээр судалж шинжилж, дэлгэрүүлэн хөгжүүлбэл зүгээр юм даа.

АЖ Г.Хайдав: “Уламжлалтай ойр зүйлээ гаргаж ирж байгаа нь сайн хэрэг”
-Энэ ёсолгоог харахад өөрийн, манай юм харагдаж байна лээ. Би гар барьдаг гадаад ёсолгоонд шүүмжлэлтэй ханддаг. Хамрын шуухитнаанаас өгсүүлээд сүрьеэ хүртэл энэ гараас гарт дамжиж байна.
Хүндэтгэлийн ёсолгоог Төрийн дууллаа дуулж дууссаны дараа өргөж хэвшүүлбэл зүгээр гэж харж байсан. Манайхан заримдаа “Халуун элгэн нутаг”-ийг дуулахдаа хүртэл баруун гараа зүрхэн дээрээ тавьчихсан байх юм байна шдээ. Тэгэхээр өөрийн уламжлалтай ойр зүйлээ ингэж судалж, гаргаж ирж байгаа нь сайн хэрэг. Гар барьдаг гадаад ёсыг авах гэж байгаа бол утга учрыг нь сайн ойлгож ёсолмоор юм даа.

СТА дуучин Лодойн Банзрагч: “Наадмаар нэг ингэж ёсолбол бүр ч сайхан харагдах байх”
-Эхлээд ч архины далд сурталчилгаа юм болов уу гэж бодож байсан. Гэтэл хөдөө мал дээрээ байж байтал өглөөний нар мандахыг харсан нэг өвгөн ах маань уулан дээр хоёр алгаа дээш харуулаад угтан авч байхыг харахад их сайхан харагдаж байсан. Тэрнээс хойш энэ ёсолгоог нэлээд ажиглаж хараад байгаа юм. Саяны сар шинээр олон хүн овоон дээр ингэж ёсолж байгаа харагдсан. Би шинийн гурванд Хийморийн овоо гарсан. Ингэж ёсолж байгаа хүмүүс харагдаж л байна лээ. Тийм болохоор хувьдаа их дэмжиж байгаа. Удахгүй наадам болно. Наадмаар нэг ингэж ёсолбол бүр ч сайхан харагдах байх даа гэж бодож байна.

dayarmongol


URL:

Сэтгэгдэл бичих