Мал олноорой хээл хаясан шалтгааныг тогтохоор болжээ

10:09:36

Урин дулаан цаг ирж малчны хотонд төлийн дуу ид цангинаж байна. Улсын хэмжээнд зургаан сая хээлтэгч мал хээлтүүлэгт орсон аж. Нийт хээлтүүлэгч малаас 87 хувь нь хээл авсан гэсэн мэдээллийг албаныхан өгсөн. Энэ үед Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгийн мал шалтгаангүйгээр олноороо хээл хаяж эхэлсэн байна.

Өнөө жил цаг агаар тогтуун байсан тул улсын хэмжээнд 15 сая төл хүлээн авна хэмээн төлөвлөсөн. Гэтэл дээрх аймгуудад мал олноороо хээл хаяж байгаа нь малчдын санааг зовоож эхэлжээ. Хээл хаях болсны шалтгааныг бүрэн тогтоож амжаагүй ч малчид вакцинаас л болсон хэмээн үзэх болсон байна. Уг нь тус аймгуудад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бруцеллёзын вакциныг бүх малд тарьжээ. Тэр дотроо бүх хээлтэгч үхэр, ямаанд энэхүү вакциныг хийсэн гэж малчид хэлж байна.

Бруцеллёзын вакцин хийгээд удалгүй малчдын хонь, ямаа хээл хаяжээ. Харин маландаа вакцин тариулаагүй малчдын хувьд ийм асуудлаас холуур өнгөрсөн нь тэдний хувьд ийн эргэлзхэд хүргэсэн байна. Үүнээс үзэхэд хээл хаях болсны шалтгаан нь бруцеллёзын вакцин гэдэгтэй маргах аргагүй бололтой. Энэ талаар Нийслэлийн мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, малын ерөнхий эмч З.Батсүхээс тодруулсан юм.

Тэрбээр “Өнгөрсөн онд Баян Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай гээд есөн аймгийн малд вакцин тарьсан. Одоогийн байдлаар баруун аймгаас Ховд, Баян-Өлгий, Говь Алтай аймгуудын мал олноороо хээл хаяж байна гэсэн дуудлага малчдаас ирсэн. Мэдээж малчдын дунд янз бүрийн таамаглалууд байна. Тэр дундаа вакцинаас болж хээл хаяж байгаа гэсэн аман яриа гарсан. Вакцин хийснээр мал хээл хаях учиргүй.

Манай улс олон жилийн турш бруцеллёзын эсрэг вакциныг үйлдвэрлэж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг өвчин гарсан голомтот газруудад жил бүр хийсээр ирсэн. Энэ хугацаанд нэг ч удаа ийм зүйл гараагүй. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэх юм бол вакцинаас болж мал хээл хаях ёсгүй. Орон нутгаас ирсэн дуудлагын дагуу хоёрдугаар ээлжийн ажлын хэсгийг гаргасан. Тэд мал нь хээл хаяж байгаа орон нутагт очиж газар дээр нь ажиллана. Түүний дараа л энэ асуудал тодорхой болох байх гэв.

Ер нь малд хийдэг 60 төрлийн бэлдмэл байдаг гэнэ. Манайх вакцинаа өөрсдөө үйлдвэрлээд зогсохгүй гаднаас ч авдаг байна. Гаднаас авдаг хоёр төрлийн вакцины нэг нь шүлхийн, нөгөө нь шувууны томууны вакцин аж. Гаднаас оруулж ирдэг болон дотоодод үйлдвэрлэсэн эм, вакцинд Малын эмийн сорилт тавьж, баталгаажуулалтын лабораторид шинжилгээ хийдэг тул ямар ч асуудалгүй гэдгийг мэргэжилтэнүүд онцолсон. Вакциныг хавар, намар хийдэг аж. Тэр ч байтугай мал төллөхөөс өмнө тарьдаг вакцин ч бий гэнэ. Ер нь вакцин хийснээр малын өвчин бүрэн эдгэрнэ гэж байдаггүй гэсэн.

Зөвхөн дархлаа суудаг байна. Сүүлийн жилүүдэд бруцеллёз өвчин орон нутгийн малд ихээхэн илрэх болжээ. Энэ нь малчдын өөрсдийнх нь буруугаас болдгийг малын эмч нар хэлсэн. Учир нь малчид хашаа хороондоо цаг тухайд ариутгал хийдэггүй гэж байна. Бруцеллёз өвчний хавар мал төллөх үеэр дэгддэг байна. Энэ оны эхний байдлаар 560 орчим мянган төл хүлээн авчээ. Улсын хэмжээнд 400 орчим мянган мал зүй бусаар хорогдсон гэсэн тоо гарчээ.

Ө.Бота
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих