Газрын ховор элементээс болоод Хятадыг шүүхэд өгчээ

АНУ, Япон, Европын хол­бооны улсууд хамтран Дэл­хийн худалдааны бай­гууллагад Хятадын талаар гом­дол гаргажээ. Эдгээр орон хамтран нэхэмж­­лэл гаргасан тохиолдол Дэлхийн худалдааны бай­­гуул­лагын түүхэнд бай­гаа­гүй юм. Хятад улс дэлхийн газрын ховор элементийн 95 гаруй хувийг үйлдвэрлэдэг учраас дэлхийн үнэд нөлөөлөх нь аргагүй. Бээжин газрын ховор элементийн экспортоо хязгаарласны дараа энэ металлын үнэ өсчээ. Иймээс дээрх орнууд Хятадыг шүүхэд өгсөн аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар “Бид өөрсдийн энергийн ирээдүйг хянах хэрэгтэй байна. Хэрэв Хятад улс зах зээлд бие даан орших боломж өгсөн бол бид эсэргүүцээд байх юм алга” хэмээн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Харин Хятадын Гадаад харил­цааны яамны хэв­лэлийн төлөөлөгч Лиу Ви Мин “Газрын ховор эле­ментийг хэт ихээр үйлд­вэрлэх нь байгаль орчинд хор хөнөөл учруулж байна. Бид­ний үзэж буйгаар шинэ стра­теги маань Дэлхийн худал­дааны байгууллагын дүрэмтэй зөрчилдөхгүй. Манай экспортын хэмжээ тогт­вортой. Бид цаашид ч дүр­мийн дагуу газрын ховор эле­ментийг экспортлох болно” хэмээн ярьсан байна. Газрын ховор элементийг өндөр технологийн бүтээг­дэ­хүүн үйлдвэрлэхэд, тод­руул­бал, пуужингаас өгсүүлээд гибрид машин, зурагт, гар утас, компьютер, ак­кумулятор гээд асар өргөн хүрээгээр ашигладаг аж.

Өрнөдийн шүүмжлэгчид “Бээжин ийм квот тогтоодог нь дотооддоо энэ минералын үнийг бага байлгах гэсэн санаа агуулсан. Үүний ачаар Хятадын үйлдвэрлэгчид давуу талтай болж байгаа юм. Тэгэхээр хятадууд экологидоо санаа тавьсан гэхээсээ илүүтэй шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлж байна. Иймээс АНУ, Япон, Европын холбоо удахгүй Дэлхийн худалдааны бай­гуул­лагад хандан авто машин болон Хятадын төр засаг өөрийн фирмүүдээ илүү их дэмждэг талаар гомдол гаргах байх” хэмээн үзэж байна. Дэлхий дахин яагаад Хятадын уурхайчдаас хамааралтай болсон талаар “Rare Earths Global” ком­панийн тэргүүн Ивор Шраго “АНУ 20 жилийн өмнө газ­рын ховор элементийг олбор­лохгүй, харин бэлэн бүтээг­дэхүүн худалдан авахаар шийд­вэр­лэсэн. Үүнээс болоод одоо Хятад улс өөр хаана ч, хэнд ч байхгүй асар их турш­лага, мэдлэгтай бол­сон” хэмээн тайлбарлаж байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газрын ховор элементийн дэлхийн нөөц 110 сая тонн орчим гэнэ. Энэ нөөц голдуу Хятад, ОХУ, АНУ, мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад байдаг аж. Хятад монополь эрхээ ашиглан, 2010 онд Японтой газар нутгийн маргаан дэгд­сэн үед энэ улс руу газрын ховор элемент экспортлохоо түр больж байсан юм.

Оросын шинжээч А.Островский “Хятад өөрийн эдийн засгаа хамгаалахын тулд түүхий эдийн экспор­тоо хязгаарлалаа. Хятадад да­рамт үзүүлэхийг оролдож байна. Энэ улсын худалдааны түншүүд газрын ховор элементийг арай бага үнээр авахыг хүсч байгаа юм. Гэвч энэ бүтэхгүй. Хятад улс ямар ч дарамт хавчилгад бууж өгөхгүй” хэмээжээ.

Эх сурвалж: “ӨГлөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих