Улсын доторх “улс”-аа гэх сэтгэл хотын соёлыг бүтээнэ

Улаанбаатар хот бол өнөөдөр хүссэн ч, эс хүссэн ч яах аргагүй Монгол Улсын доторх хот улс. Үндсэндээ хүн амын хоёрны нэг төвлөрчихөөд байгаа энэ Улаанбаатар-Улс аж төрөл, үйлдвэрлэл үйлчилгээ, эрэлт хэрэгцээ, жилийн төсөв гээд бүхий л талаараа Монгол Улсын бусад нутаг дэвсгэрт байгаа бүх хот тосгод, аймаг сумынхаас үлэмж их.

Дэлхийд нийт хүн ам нь 1.3 сая хүрэхтэй үгүйтэй улс орон өч төчнөөнөөрөө бий. Тэгэхэд дэргэд нь Монгол Улсын маань нийслэл эл тоог хэдийн даваад төвлөрчихсөн, том хотуудын “толгойны өвчин” болсон зүйлс захаасаа аван мундахгүй бий болсон байна. Хэдэн зуун мянганы тэртээгээс талын нэг тарааж цацсан шагай шиг жалгын нэг нүүдэллэж явсан монголчууд ойрхны зуун жилээс дөрвөн уулынхаа дунд сууринших иргэншилд суралцаж байна.

Суурьшихад сурах зүйл их гэдэг нь сүүлийн үед бүр барин тавин мэдэгдэж эхэллээ. Хэдэн малаа л бараадаж аргал хөрзөн түлж аж төрж ирсэн хөдөөгийнхөн хотод нүүдэллэж ирээд үр хүүхдээ осгоочихгүй, гэр орноо хүйт даалгачихгүйн тулд нүүрс өрдсөнөөс утаа гээч нэг аюул аяндаа нүүрлэв. Утаатай хотын удирдлага, олон улсын төслийн байгууллагууд их л тэмцэж байх шиг байна.

Харин үр дүн нь ямаршуухан байдаг юм бол. Юутай ч гэр хорооллыг эмхэлж барилгажуулснаар хотын утаа багасна гэдэг гаргалгаа хамгийн оновчтой шийдэл. Орон сууцны VII хорооллыг байгуулах гээд зураг төсөл, төсөв нь батлагдаад айл өрхүүдийн газрыг төрөөс худалдан авч эхлээд байна. Төр болоод иргэд хаа хаанаа хохиролгүйгээр гэр хорооллыг барилгажуулах ажил яваандаа жигдэрчихвэл “тэнгэрийн умдаг атгаснаас” ялгаагүй баярт үйл явдал.

Хот газрынхны толгойг өвтгөсөн бас нэг зүйл бол хогны асуудал байна. Хороодын айл өрхийн хогны мөнгийг цахилгаан ашигласны төлбөртэй хамт дүүргүүдийн хот тохижилтын газар төвлөрүүлэн авах болсноор хогон овоо үүслээ гэж иргэд, хороодын удирдлагагүй өгүүлж байгаа. Хог хэт овоорсноор дулааны улиралд халдварт өвчний нян дэгдэх аюул үүсч байна. Улсын маань олонх аж төрж буй нийслэлд халдварт өвчин газар авбал үнэхээр гамшиг болно. Аливаа хотыг уугуул иргэдийнх нь соёлжилтоор дүгнэдэг тал байна.

Эх оронч гэж цээжээ дэлдэж, хотынхоо төв талбайг адууны жүчээ болгогсод хотын соёл гээчийг уландаа л гишгэж байгаа хэрэг. Цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй орчин нөхцөл хүнд амьдрах урам зориг, гэгээн тэмүүллийг л бэлэглэнэ. Тиймээс ч дэлхийн бүхий л хотууд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламждаа хамаг анхаарлаа хандуулж, төсөв хөрөнгөө хуваарилдаг. Солонгын долоон өнгөөр гэрэлтэж цацарсан усан оргилууртай, сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэсэн тохилог өргөн чөлөөнд очиход хотжилтын сөрөг тал болсон алжаал тайлагдаад сайхан л байдаг юм билээ.

Улаанбаатар хот маань улсын доторх улс болоогүй балчир ахуйд Бямбын Ренчин гуай харийн хотод сурч байхдаа унаа тэрэгний түжигнээн, буман хүний бужигнааныг тээр шааж “Хээр тал нутагт минь ийм байдаггүй яа” гэж санааширсан байдаг. Нийслэл маань “уулс тийш хаяа тэлж, үүлс дээшээ тэнгэр тулчихсан” өнөө цагт тэгж хий санааширч хотдоо хоноцын сэтгэлээр хандах эрх бидний хэнд ч байх учиргүй.

Нэгэнт л иргэн нь болоод амьдарч байгаа юм чинь хотын соёлд суралцан, дүрэм журманд захирагдах л болно. Үгүй ядахнаа л, жолоо мушгидаг нь ч бай, явган зорчигч нь ч бай замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохгүй бол наанадаж түгжрэл бухимдал үүсч, цаанадаж эрдэнэт хүний амь нас хохирдог нь нууц биш. Дайн тулаантай улс оронд хүртэл амь үрэгдэгсэд харьцангуй цөөхөн байхад манайд зам тээврийн ослоор бурхан болоочдын тоо хэрээс хэтэрсэн судалгаа байдаг.

Хотын соёлд мэдээж иргэдийн биеэ авч явах болон хувцаслалт, харьцааны соёл бүгд л хамрагдах нь дамжиггүй. Түүнээс биш хип хоп аялж, үс гэзгээ сагсайлган, этгээд донж маяг, үзүүлснээр хотын соёлтой иргэн болчихгүй. Хотынхоо гудамж талбай, олон нийтийн газар илүүдэл шингэнээ юүлэх, архидан сопуурч зүй зохисгүйгээр биеэ авч явах гээд санаа зовмоор зүйл мен ч их анзаарагдах юм.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа олны танил эрхэм уусан ундааныхаа савыг хээв нэг унааныхаа цонхоор шидэж байгаа дүр төрх ямар муухай харагддаг гээч. Улсын доторх улс болсон энэ хот миний, та бидний л хот. Хот маань хойшид улам л өргөжин тэлнэ. Өргөжин тэлэхийн хэрээр хот улсын маань нүүр царай болсон соёл язгуур нь өнгөлөг гэгээн байхыг дан ганц бидний л чин сэтгэл мэдэх хэрэг ээ.

Л.Батцэнгэл
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих