С.Жавхлан шиг байя л даа
Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан энэ сарын 8, 9-нд “UB palace”-ийн концертийн их танхимд “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоор үзэгч, сонсогчдодоо бэлэг барьсан. Дөрвөн жил тоглолт хийгээгүй дуучин тоглолтоос олсон орлогоо өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүдэд хандивлана гэсэн түүний яриа олны анхаарлыг өөрийн эрхгүй татав. “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн монголчууд ярьсаар ирсэн. Түүний энэ үйлдэл зарим нэг хүний хөх инээдийг хүргээд зогсохгүй “Зүгээр л дуугаа дуулж хэвтэхгүй худлаа үнэн шуугиан дэгдээх шаардлага байсан юм уу” гэж хэлэхэд хүргэж байв.
Гэхдээ тэр хэлсэндээ хүрсэн. Тоглолтоос олсон орлогынхоо дээжийг С.ЖАВХЛАН ШИГ БАЙЯ Л ДАА “Долдугаар сарын 1”-нд амиа алдсан хөвгүүдийн ээжид алд цагаан хадаг, нэг сая төгрөгийн хамтаар барьсан юм. Мөн 21 аймгийн олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөөд эхэлчихжээ. Тэрбээр энэ үйл ажиллагаагаа “Энэ бол сонгуулийн шоу биш. Тэгээд ч би сонгуульд өрсөлдөхгүй. Төр түмнийхээ буянд өлсөхгүй амьдарч болоод байгаа дуучин эмэгтэйчүүдэд, ээжүүдэд буян болох гэсэн л ажил.
Зарим хүмүүс хулгайлснаа өгөхгүй байхад би яагаад олсноо өгч болохгүй гэж” хэмээн тайлсан. Сонгууль дөхөөд ирэхээр толгойтой болгон улстөрждөг нь гэм биш зан. “Өөрөө хийж чадаагүй байж хүний хийснийг үгүйсгэдэг нь арчаагүй улстөрчийн араншин” хэмээн алдарт зохиолч Жюль Верн хэлсэн удаатай. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг олон мянган гишүүнтэй АН-ын хийж чадаагүйг /АН 2008 онд иргэн бүрт нэг сая төгрөг амласан/ хоолойноосоо өөр гангарах зүйлгүй / АН-ын нэгэн эрхэм гишүүн ингэж хэлсэн/ эгэл дуучин хийчихсэн нь цөөн хүний дургүйг хүргэж олон хүнийг баярлууллаа.
Мөн дуучин маань өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нэг сая төгрөг гардуулахдаа “Хийхээсээ өмнө ярьдаг биш хийснээ ярих нь зөв юм. Манай улстөрчид хийхээ ярихаас биш хийснээ ярихгүй байгаа нь буруу. Дээр нь зөвхөн мэдлэг боловсролтой бус монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусын дуу хоолой төрд дутагдаж байна” хэмээсэн юм. Монгол дээл өмсөж, монголоо гэсэн чин сэтгэлтэй яваа эгэл дуучин шиг байя л даа эрхэм улстөрчид өө.
Т.Билэгт
Эх сурвалж: “Unen.mn”
URL: