Орхоны хөндийд харх үүрлэжээ

Өвөрхангай аймгийн Орхоны хөндийд их хэмжээний харх нутагшиж байна гэсэн мэдээлэл манай сонинд ирсэн юм. Харх модыг ихээр мэрж сүйтгэж байна. Энэ нь байгальд халтай байдалд хүрэх вий гэсэн айдастай байгаагаа ч нутгийн иргэд дуулгасан юм. Монголчууд хархыг аюултай амьтан гэж дуулснаас цаашгүй, бараг мэдэхгүй гэж хэлж болно. Манай орны хувьд хархыг 1940-өөд оны үед төмөр замаар буюу ачааны галт тэргээр дамжин орж ирсэн гэж үздэг.
Эл амьтан голчлон зүүн аймгуудад тархан нутагшдаг бололтой. Жишээлбэл Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн заагт нэлээд тооны харх суурьшиж байгаа гэнэ. Мөн Сэлэнгийн ай сав газарт цөөн тооны харх байдаг аж. Орхоны хөндий Сэлэнгийн ай савд харьяалагддаг болохоор харх нүүдэллэн сууршсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийд хархны тоо хүн амаасаа хоёр дахин олон гэсэн судалгаа бий. Хархны тоо толгой нэмэгдэх тусам тухайн орны экологийн байдал хурдацтай доройтдог аж.
Харин манай оронд 2000 оны эхээр хар харх орж ирсэн гэсэн мэдээлэл гарч багагүй шуугиад өнгөрсөн. Тэр үед хархыг олон янзаар л ярьж байсан. Харх өвсөн тэжээлтэн биш махан тэжээлтэн, хүүхэд хазсан гэх зэрэг олон л мэдээлэл тархаж байв. Дэлхий дээр 60 гаруй зүйл харх байдгаас хамгийн аюултай нь хар, бор харх юм байна. Харх нь хулганы төрөлд ордог, элдэв идэштэн амьтан. Биеийн жин нь 200-400 гр, урт нь 30 гаруй см.
Үнэрлэх эрхтэн маш сайн учир хоол тэжээлээ олж идэхийн тулд цементэн ханыг ч мэрэх чадвартай. Нэг харх жилд 15000 болж үржих боломжтой гэнэ. Учир нь бор харх жилд 3-4 удаа төрж, нэг төрөхдөө 20-25 зулзага гаргадаг байна. Үр төл нь хоёр, гуравхан сартайгаасаа дахин үрждэг гээд бодохоор тоо толгой нь гайхалтай өсдөг байна. Харин уур амьсгалын эрс тэс байдлаас болж манайд тэр бүр тийм ч олноор өсдөггүй байна. Хархны бас нэг онцлог нь насан туршдаа шүд нь ургадаг. Тиймээс байнга юм мэрж шүднийхээ уртыг тохируулдаг гэнэ.
Харханд идэхгүй юм гэж байхгүй. Шувууны өндөг, амьтны сэг хавч, мэлхий гүрвэл зөөлөн биетэн өвс ургамал жимс цаашлаад цемент чулуу ч иддэг байна. Манай орны хувьд Төв, Сэлэнгэ, Дорнод, Хэнтийн бүс нутагт хийсэн ажиглалтаар нэг сангийн аж ахуйд 60-аад торой, галуу, тахианы 1000 гаруй дэгдээхэй барьж идэн хохирол учруулж байжээ. Гадны орнуудад усны хоолойг цоолон ус алдуулах, цахилгаан шугам сүлжээг тасдан осол гаргах зэргээр улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Ялангуяа Англи, Франц, АНУ жил тутам ийм хохирол амсдаг байна. Зарим улс хүнээсээ илүү хархтай.
Энэтхэг гэхэд нэг хүнд арван харх ногддог юм байх. Үүнээс гадна харх эрүүл ахуйн талаасаа байгалийн голомтот олон өвчин үүсгэгчийг тээж дамжуулдаг бохир амьтан. Дээрх байдлаас харахад харх байгальд төдийгүй хүн төрөлхтөнд хор хөнөөлтэй амьтан болох нь харагдаж байна. Одоохондоо Орхоны шинэсэн ой модыг мэрээд байгаа хэдий ч цаашдаа байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй гэх баталгаа алга байна. Иймээс үүнийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах биз ээ.
Б.Дэлгэр
Эх сурвалж: “Unen.mn”

URL:

Сэтгэгдэл бичих