Үхрийн сүүлэнд хутга гэгч болж байна уу даа Д. Дамба-Очироо

Эгэл амьдралд эцгээсээ үлгэр ав, эрхэм төрд тэргүүнээсээ суралц гэсэн эртний үг байдаг. Харамсалтай нь одоо цагийн төрийн жолоог атгалцаж яваа хэн нэгнээс суралцвал амархан шиг “аав”-ын хаалга татаж магадгүй бололтой. Учир нь 2008 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-д суудалтай болсон хүмүүсийн дийлэнх хувь нь залилан, хээл хахуул, хууль бус ажиллагаанд их бага хэмжээгээр оролцсон эсвэл нэр холбогдсон хэмээн хэвлэл мэдээллээр шуугих юм. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой. Гэхдээ асуудлын гол “но” нь МАН-аас гаралтай байдаг нь хачирхалтай. Өнгөрсөн оноос эхэлж УИХ-д суудалтай МАН-ын хэд хэдэн гишүүдийг суудлаас нь огцоруулах асуудал яригдаж байсныг ард түмэн сайн мэдэх буй за. Тухайлбал Д.Дондог тэргүүтэй дөрвөн ч гишүүн сэнтийнээсээ мултрах дөхөж байсан. Харин 2012 оны сонгуулийн босгон дээр Д.Балдан-Очир гишүүн асуудалд орж байгаа бололтой. Учир нь “Анод” банкны хэрэг жил гаруй үргэлжилж тус банк ямар замаар яаж дампуурсан хөрөнгийг нь ямар ямар хүмүүс идсэн гэх зэрэг шуугиан газар авч хэвлэлийнхний дунд Анодын Н.Даваа гэх нэр гарч ирсэн билээ. Нийслэлийн прокурорын газраас дээрх банкны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах болсны гол шалтгаан нь тус банкнаас зээлдэгчийн зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгийн хэмжээ ямар байсныг шалгах шаардлагатай гэж үзэж байсан. Тиймээс тус банкны ТУЗ-ын нэр бүхий хүмүүсийн мөрийг мөшгих ажиллагаа эхэлсэн. Энэхүү ажлын явцад банкийг дампууруулахад нөлөөлсөн байж магадгүй томоохон зээлдэгч, хувьцаа эзэмшигчийг холбогдуулан шалгахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэр гарч иржээ. Иймээс эрхэм гишүүнд эрүүгийн хуулийн 156,2-т банкны байгууллагын ажилтан хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж төлбөр тооцоо банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчсөн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэллээ. Эрхэм гишүүн маань тус банкийг байгуулагдах үед дүрмийн санг нь нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө байршуулж байжээ. Гэвч мань хүн банкинд байрлуулсан мөнгөө татаад зогсоогүй их хэмжээний зээл авсан нь “Анод”банкийг сүйрэхэд нөлөөлсөн гэж үзэж болох талтай ажээ. Гишүүн Д.Балдан-Очирыг буруутгах бас нэг шалтгаан нь тус банкны чанаргүй зээлдэгчийн тоонд “Очир төв” компани тэмдэглэгдсэн байна. “Очир төв” компани нь өнөөг хүртэл тус банкинд өрөө төлөөгүй явж байгаа бөгөөд тус компанийг үүсгэн байгуулагч буюу ерөнхий захиралаар нь УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир ажиллаж байсан ажээ. Ийнхүү Завхан нутгаас төрөн гарсан эрхэм төрийн түшээ маань үхрийн сүүлэн дээр хутга гэгчийн үлгэрээр 2012 оны сонгуулийн өмнө нэр хүндээ хугалаж буй нь харамсалтай юм. Уг нь сонгогдсон тойрогтоо тэр дундаа малчдад  Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол нарыг бодвол нэр хүнд нь дээгүүр яваа бөгөөд Завхан аймгийн засаг дарга С.Санжмятавын гол өрсөлдөгч гэгдэх салхи чих дэлсэж байсан. Гэвч энэ нь талаар өнгөрөв бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих