6 хувийн хүүтэй орон сууцны зээл чинь үлгэр байна, Эрхмүүд ээ!

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй өргөд өчигдрөөс эхлэн албан ёсоор ОССК-д  өргөдлөө өгч эхлэсэн. Бага, дунд орлоготой өрхийг дэмжихийн төлөө гэх тодотголтой энэ зээлд хамрагдахын тулд танай өрхийн сарын орлого 636 мянган төгрөгөөс яагаад ч бууж болохгүй. Учир нь ийм хэмжээний орлоготой байж та 40 сая төгрөгийн зээл авч, 286 мянган төгрөгийг сар тутам төлж дийлнэ. 796 мянган төгрөгийн орлоготой өрх бол  20 жилийн хугацаанд сард 358 мянган төгрөг банкинд төлөхөөр тооцоолж зээлд хамрагдах боломжтой гэж  засгийн эрхмүүд анх хэлж байсан. Бага дунд орлоготой өрх гэдэг нь доод тал нь 650 мянган төгрөгийн орлоготой байх ёстой гэж тэд үзэж байгаа.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад ихээхэн бүрхэг дүр зураг үзэгдэж байна. Монгол Улсад 700 мянган өрх бий. Харин ҮСХ-ны судалгаанаас харахад нэг монгол өрхийн сарын дундаж орлого 555.4 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 134.7 мянган төгрөг  буюу 32.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэх юм. Тэгэхээр нэг талаас нэмэгдсэн байгаа нь сайн хэрэг ч, 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж талаас нь харвал дийлэнх монгол өрхийн орлого хүрэлцэхгүй нь. Нэг өрхийн сарын дундаж зарлагыг харахад 548.9 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 104.3 мянган төгрөг  буюу 23.5 хувиар өссөн байгаа юм. Тэгэхээр нэг сард дунджаар  555.4 мянган төргөгийн орлоготой өрх сард 548.9 мянган төгрөгийг нь шууд зарлагадаж байна гээд тооцоолохоор 6500 төгрөгийг л цааш хийж байна гэсэн агуулгатай юм.
Иргэдийнх нь олонхи нь ийм хэмжээний орлого, зарлагатай байгаа бидний хувьд улстөрчдийн сонгууль угтан гаргасан солиотой шийдвэрт нь хөл алдан хөөрч гүйх шаардлага үнэндээ үгүй янзтай байна. Ерөөс иргэдэд 50 саяар үнэлэгдэх байр олдохгүй нь тодорхой болоод байна.  Магад танд, 1.6 жилийн дотор ашиглалтад орох 28.3 мянган орон сууцнаас 70-80 сая төгрөгөөр үнэлэгдэх байр л  олдож мэднэ. Тэглээ гэхэд урьдчилгаа 10 хувь буюу засгаас тогтоож өгсөн 5 сая төгрөгөөс гадна зөрүү мөнгийг та төлөх чадамжтай байх бүрэн шаардлагатай. Тэгэхээр 2016 он хүртэл хэрэгжинэ гэгдэж буй эл хөтөлбөрт хамрагдахын тулд монгол өрхүүдийн дундаж орлого жигд нэмэгдэх ёстой юм. Хэдийгээр төсвийн байгууллагын ажилчдын цалин 80 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа ч, тэдний цаана зуу, зуун мянган өрх байгааг умартаж болохгүй юм.
Иргэн таны сонгосон байр 55 ам.метрт багтсан хэмжээтэй, барилгын ажлын гүйцэтгэл нь 50 хувиас дээш гарсан байх ёстой гэх шаардлага бий. Тэгвэл иргэд энэ шаардлагыг хангасан байрыг олж авах гэж  үйлээ үзэж байна. Зээлд хамрагдах орон сууцнуудын метр квадратын үнийг 1.3 сая төгрөг байхаар тооцоолоод байна гэсэн зүйлийг Ц.Дашдорж сайд хэлж байсан ч, барилгын ажлын гүйцэтгэл нь 50 хувиас илүү гарч яваа гэх 14 барилгын компанийн байрны үнэ бодит байдал дээр хамаагүй өндөр байна.
Тодруулбал,  БГД-ийн  1-р хороонд байрлах “Алтай” үйлчилгээний орон сууцны цогцолборын метр квадратын үнэ  1.1 -1.8 сая , ХУД-ийн  15-р хороонд байрлах  Рапид харшийн  метр квадратын үнэ  2-2.3 сая, ХУД-ийн  15-р хороо “Аппартмент кей эйч” хотхонд 2-2.3 сая, БЗД-ийн 6-р хороо “Гангар инвест”-ийн   Ногоон төгөл хороололд  1.7-1.8 сая, БЗД 13-р хороолол, 14-р хороо “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК –ийн “Түмэн наст” хороолол 1.450-1.480 сая, БЗД 14- р хороо “Визард констракшн” ХХК –ийн 120 айлын орон сууц 1.5 сая, СБД, 1-р хороо Чинудам Баянзориг ХХК-ийн  345 айлын орон сууцны цогцолбор 1.300-1.450 сая, БЗД 14-р хороо “Грийн ресурс” констракшны  “Грийн ресорт” хотхонд  1.400-1.420 сая төгрөг, БЗД, 6-р хороо “Си Эм Гэ” компанийн  90*2 айлын орон сууц 1.2 сая төгрөг, СХД, 18-р хороо “МВС” ХХК-ийн  “G star” хотхонд  1.250.000 төгрөг, ХУД-4 хороо “Пума” ХХК –ийн “Шинэ гэр” төсөлд   1290 ам.доллар, БГД 20-р хороо “Номин” констракшны  Өнөр” хотхонд  метр квадратын үнэ 1267-1.325 сая төгрөг байна.
Тэгэхээр Засгийн газраас анх хэлж байсан таатай мэдээллүүд улам бүдгэрч байна. Ерөөс улстөрчид л амархан болж бүтэх юм шиг зүйл яриад байсан болохоос барилгын компанийн удирдлагууд бол анхнаасаа эсрэг зүйлийг хэлж байсан. Барилгын үнэд хамгийн гол нөлөөллийг үзүүлж ирсэн газрын үнэ, барилгын материалын гаднаас хэт  хараат байдал болоод үнийн өсөлт, дэд бүтцийн өндөр зардал зэргийг шийдвэрлэхгүйгээр орон сууцны метр квадратын үнийг 1 саяд хүргэх боломж байхгүй гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлээд байгаа юм. Харин эл хүндрэлтэй байдалд зохицуулагчаар оролцох учиртай төрийн зүгээс зүгээр л дарангуйллын маягаар шийдэх гээд байгаа нь эрүүл бус явдал. Тэрчлэн 100 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт баригдах 75 мянга,  орон нутагт барихаар төлөвлөсөн 25 мянган орон сууц нь засгийн нөхдүүдийн зарлаад байгаачлан бага дунд орлоготой өрхөд хүрч дийлэхгүй нь бүрэн тодорхой байна. Төсвийн байгууллагын ажилчдын цалин 80 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа ч, тэдний цаана зуу, зуун мянган Монгол өрх бий шүү дээ, эрхмүүд ээ!

Э.Болорхажид


URL:

Сэтгэгдэл бичих