Аварга Д.Сумъяабазар 1000 ширхэг халуун сав тарааж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ

Манай урлаг спортныхоноос нэлээд хүмүүс ирэх УИХ-ын сонгуулиар улс төр рүү урвахаар зэхэж байгаа. Тэдний дотор бөхчүүд цөөнгүй бий. Тухайлбал даян аварга А.Сүхбат, Б.Гантогтох, Асашёрюү Д.Дагвадорж, Д.Сумъяабазар гээд л. Нэг үе зүлэг ногоон дэвжээг бужигнуулж байсан тэд одоо улс төрийн дэвжээг хотойлгохоор ийн яарч байгаа. Бүр өөрсдийн нэр дэвших нутаг орондоо очоод аль хэдийнэ сонгуулийнхаа сурталчилгааг эхүүлчихсэн дуулдсан. Эдгээр бөхчүүдээс улс төрийн тогоонд арай ойр байдаг нь аварга Д.Сумъяабазар.

Манай улсын хамгийн их хүн амтай, тодруулбал нийт хүн амын 10 хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргээс тэрбээр дөрвөн жилийн өмнө нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Мэдээж амт мэдэрсэн хүн улам л шунана уу гэхээс буцдаггүй. Тиймдээ ч аварга маань ирэх жилийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр квотоо бараг авчихсан. Харин аварга маань саяхан бухын баасаар баасан сурагтай. Улс төрч болж амжаагүй байж шинэхэн батлагдсан хуулиа гууль болгож гэнэ. Ер нь баяр гэдэг улс төрчдөд иргэдэдээ долгинох хамгийн том боломжийг олгодог. Өнгөрсөн Эмэгтэйчүүдийн баяраар бараг ихэнх гишүүд тойрогтоо ажиллаж, тойргийнхоо эмэгтэйчүүдийг “тойглосон”. Мөн түүний өмнө Эх орончдын өдрөөр баахан ахмадуудаа дайлсан.

Яаж дутахав, аварга Д.Сумъяабазар ч энэхүү бантанд хутгалдаж. Эх орончдын өдрөөр Сонгинохайрхан дүүргийнхэн томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулж. Хошин шогийн тоглолтоор ч дүүрдэггүй байсан Үйлдвэрчин тэр өдөр пэг дүүрчээ. Үүр болгоноос 20-30 хүнийг нэр цохсон учир ийнхүү танхим дүүрсэн гэнэ. Мэдээж сонгуулийн жил болохоор иймэрхүү арга хэмжээг ивээн тэтгэх хүн газар доороосоо л гарсан гэдэг. Гэвч дүүргийн намын хорооны дарга Ж.Баярсайхан аварга Д.Сумъяабазарт илтгэл хүлээлгэж өөр хэнээр ч энэ дархан эрхээ өгөөгүйгээр үл барам түүгээр нээлтийн үг хэлүүлсэн бөгөөд хотоос зорьж ирсэн дарга нар ч ам нээгүй байна.

Мөн уламжлал ёсоор шагналын хур буулгахад бүх шагналыг аварга гардуулсан бол ирсэн бүх зочдод халуун сав бэлгэлсэн аж. Мянга гаруй төлөөлөгчийн халуун сав гэдэг хэр хэмжээний мөнгө гаргасан нь ойлгомжтой. Мөн үүгээр зогсохгүй ил шагналаас гадна далд шагналууд нэлээд байсан намыхныгаа өөртөө элсүүлэх цаашлаад сонгуулиар өөрт нь туслах цөөнгүй хэдэн хүнийг эгнээндээ элсүүлээд авсаныг зарим эх сурвалжууд хэлсээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих