Э.Бат-үүл: Ж.Энхбаяр нь төрөөс, Н.Энхбаяр нь гудамжнаас хүчирхийлэх юм яриад байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-БХ-ын сайд Ж.Энхбаярыг МАН олонхиороо авч үлдэх хариултыг урьдчилаад харж байсан байх.  Цаг хугацааны  хувьд давчуу хуралдсан ээл­­­жит бус чуулганаар уг асууд­лыг хэлэлцсэн нь цаг нөг­цөө­сөн хэрэг мэт харагд­лаа?
-Нэгдүгээрт тавихаас өөр ар­га­гүй байсан. Учир нь  огц­руулж ба­рахгүй юм байна гэж хойш нь татах зүйл биш. Онц байдлын үед зэвсэгт хүч­нийг байл­дааны бэлэн бай­дал­тай­гаар ашиглана гэх ноц­той  асуу­­дал ярьсан сай­дыг огц­руу­лах­гүй гэж суух нь УИХ-ын ги­­шүү­ний­хээ хувьд хү­лээсэн үүр­­гээ биелүүлэхгүй байна гэ­сэн үг. Ялангуяа Р.Гон­чиг­дорж бид хоёр шиг хүмүүс ард­чил­­­лын өмнө хүлээсэн үүр­­гээ бие­лүүлэхгүй байна гэ­сэн үг. Харин нээлттэй хэлэл­цүү­лэг хийс­нээрээ зэвсэгт хүч­ний дотоод асуудал, нарийн заа­вар дүр­мийг хаа хаана нь ойл­гуул­сан. Яг үнэндээ энэ тухай  ма­най гишүүдээс их олон хүн ямар ч ойлголтгүй явсан бай­на билээ. Д.Лүндээжанцан шиг хашир гишүүд хүртэл ойл­гоо­гүй явж байсан. Тэр бүү хэл зэв­сэгт хүчний удирдлага  ч  мөн чанарыг ойлгож авсан гэж бо­дож байна.
-Улстөржилт гэдгээр нь хү­лээж аваад үлдсэн олон хүн байгаа шиг санагд­сан?
-Яг үнэндээ   Ардын намын олон гишүүн бүлгийнхээ шийд­вэрт захирагдсан. Сүүл хэсэг­тээ бүгд эргэлзсэн байдалд  ор­­чихсон, нээрээ их  ноцтой зүйл ярьсан юм байна. Энэ ойл­голтоор нь цаашаа явсан  бол  үр дүн нь аюултай байсан гэдгийг мэд­сээр байсан ч ичсэн хүн хүн ална гэдэг шиг бүлгийнх нь шийдвэр нэгэнт гарчихсан учраас дагахгүй байхын аргагүй байдалд орсон харагдсан.
-Ээлжит бус чуулганыг  ху­ралдуулах болсон чухал хуу­лийн төслийн нэг нь Орон нут­гийн Хурлын сонгуулийн хууль. Гэтэл энэ хуулиа ярихын оронд Ж.Энхбаяр сайдын асууд­лыг хэлэлцсэн нь өөрөө улстөржилтийг  илүү их харуулсан  явдал боллоо гэх дүгнэлтэд хүргээд байна л даа?
-Ер нь сонгуулийн дараа улс төрийн ямар ч хэмжээний хям­рал болж мэдэхээр байгаа. Бо­лохгүй бол төрийн эргэлт хий­нэ гэсэн хүмүүс гудамжаар дүү­рэн  байна. Хүчирхийллийн ар­га  замаар засгийн эрхийг ав­на гээд түүнийгээ ил цагаан хэлж эхэлсэн. Зарим хийтэй хэ­сэг нь хүний цус урсгасан ч яадаг юм гэж дуугарцгаах боллоо. Тэгэхээр сонгуулийн үр дүнгийн дараа улс төрийн нөх­цөл байдал ямар ч төвөгтэй  хэл­бэрт орж мэднэ. Энэ бүхэн Р.Гончигдорж гишүүн бид хоёрын сэтгэлийг сонгуулиас илүү зовоож байгаа юм.  Сон­гуулийн дараа нийгэм хүчир­хий­лэлд нэрвэгдэх юм биш бай­гаа даа. Иймэрхүү зүйлд хайх­­рамжгүй хандаж албан ту­шаал тойрсон, хэн нь ялж ялагдахаа ярьсаар байгаад нэг мэдэхэд  яахаа мэдэхгүй нөхцөл байдалд орчихсон байдаг. Долдугаар сарын 1-н байтугай зүйл болбол яах вэ. Бид бэлэн байна уу. Төр  хүчирхийллийг тогтоож ча­дахгүй бол энгийн иргэд л үй ол­ноороо хохирно. Гэтэл төрд  айл өрх, иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалах хүч чадал байна уу. Энэ бүхэн тул­гамдсан асуудал гэж үзэж бай­на. Харин сонгуулиар хэн ялж, ялагдах нь үүний хажууд хоёр­дугаар зэргийн асуудал.
-Батлан хамгаалахын сайд хоёр рот тусгайлан бэл­дэж байгаагаа зарласан. Турш­лагатай улстөрчдийн амнаас дол­дугаар сарын 2-н гэх үг унах боллоо. Ард түмэн айж түг­шиж эхэллээ. Сонгууль буд­лиантана гэдгийг түрүүлж хар­чихаад ингэж яриад бай­гаа юм шиг санагдаад бай­на. Муу ёрлоод байгаа ч юм шиг?
-Магадгүй сонгууль хэчнээн шударга болсон ч дүнг нь зөв­шөөрөхгүй хандлага газар аваад байна. Сонгуулийн дүн га­­­раагүй байхад олон гишүүн маа­­сайтал инээгээд явж бай­­на. УИХ-д инээгээд явж бай­гаа олон гишүүн сонгуульд ялагд­­лаа гэсэн дүн  гарах юм бол шударга бус сонгууль бол­лоо  гэж зарлаад л үймээн са­муун дэгдээнэ. Нэг ёсондоо хүчир­хийлэл рүү түлхэх магадлал өн­дөр. Олон нэр дэвшигч, улс тө­рийн хүчин ялагдлын дараа тэс өөр дуу хоолой гаргана. Түүнийг анаж байгаа улс төрийн хүчин бөөн гомдол гаргана. Төрийн эрх мэдлийг хүчирхийллийн аргаар авна гээд төлөвлөчихсөн улс төрийн хүчнүүд ч үүнд бүр их хамаатай.  Асуудлын гол нь ийм эгзэгтэй нөхцөлд сонгууль болох гээд байна шүү дээ.
-Төрийн эрхийг булаа­цал­даж байгаа гогцоо нь бай­га­л­ийн баялаг. Мөнгөтэй төр үү?

-Засаг, төрийн эрх мэдлийн төлөөх  шунал  байгалийн баял­гаас болоод хэмжээ хязгаараа алд­сан. Эрх мэдлийн  төлөө юу ч хийхээс буцахаас байлаа. Өм­нө нь  Үндсэн хуулиа ягш­тал биелүүлэх ёстой  гэж Т­ө­рийн өндөр албан тушаалд байх­даа хэлдэг байсан хүмүүс өнөө­дөр Үндсэн хуулийн бус хүчир­хийл­лийн  арга замаар  төрийн эрх мэд­лийг авах нь зөв хэмээн уриалж байна.
-Таныхаар сонгуулийн үр дүнд гомдогсдыг хүлээж, хү­чирхийлэл хийх гэж отож бай­гаа хүмүүс олон байна гэж ойлгож болох уу?
-Тийм гомдогсод хэрэгтэй. Учир нь сонгуульд нэг хүн эсвэл нам ялагддаггүй. Тэдгээрт са­нал өгсөн мянга мянган сон­гогч­дын ялагдал болчихдог. Түү­нийгээ дагаад бөөн гомдол асна. Сонгууль шударга явсан ч байсан гомдол асна.  Дээр хэл­сэнч­лэн байгалийн баялгаас болж Монголын улс төрийн аран­шин их өөрчлөгдлөө. Өөр­өөр хэлбэл, баялгийн тө­лөө ту­лалдаан эхэлчихсэн бай­­­на. Баялагт хүрэх арга зам нь төрийн эрх мэдэл. Тийм уч­раас гудамжнаас нэг хэ­сэг нь хүчирхийллийн арга за­маар тө­рийн эрх мэдлийг ав­на хэ­мээн орилоод байдаг. Нө­гөө та­лаас төрийн зүгээс галт зэв­сэг хэрэглэнэ гээд хоёр талаа­саа хүчирхийлэл яриад байхаар юу болж хувирах вэ.
-Ж.Энхбаяр, Н.Энхбаяр хоёрыг хэлээд байна уу?
-Төрийн  хүчирхийллийн дуу хоолой нь  жижиг Ж. Энхбаяр буюу  Батлан хамгаалахын сайд. Гудамжны дуу хоолой нь том нь буюу Н.Энхбаяр болчихсон. Тэгэхээр ийм хариуцлагагүй үйл явдлыг зогсоохын тулд хоёр фронтоос тэмцэхээс өөр ар­га­гүй байдалд орчихоод бай­гаа юм байна л даа.
-Эрх мэдлийн төлөөх хү­чир­хийллийн улс төрийг та нэлээд  хэлж байна л даа.  Харин таны хэлээд байгааг тэр дундаа гуравдагч хүчний­хэн  хувьсгал хийх цаг нь ир­жээ гэх үгээр  тайлбарлаж бай­гаа. Монголд  хувьсгал хийх цаг хугацаа болсон уу?
-Хувьсгал хийх цаг нь ирсэн. Би үүнтэй санал нэгдэнэ. Гэхдээ тайван замаар хувьсгал хийж болно. Мөн сонгуулийн арга за­маар хийж болно. Өнөөдөр ма­найд дарангуйлал тогтоогүй бай­на гэдгийг хэн ч  хэлнэ. Ийм нөхцөлд бид сонгогчиддоо хан­даж сонгуулийн замаар  хувьс­гал хийе  гэдгийг л хэлэх ёс­той. Өнөөдрийн нийгмийг гад­наас харахад эрх чөлөөтэй ард­чилсан нийгэм байгаа боловч оли­гархиудаас болоод хэлбэр  тө­дий ардчилал болох гээд бай­на. Тиймээс олигархижиж бай­гаа төрийн тогтолцоог арил­гахын тулд хувьсгал зайлш­гүй шаардлагатай. Харин хүчир­хийл­лээр хийвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэ­рэг болно. Арчдчиллыг уст­гах хамгийн түргэн арга нь өөрөө хүчирхийлэл. Хүчээр т­өрийн эрх мэдлийг авах л юм бол  хүч хэрэглэн хамгаалахаас өөр аргагүй  байдалд орно.
-Орон нутгийн сонгуулийн хуулийг батлуулахын тулд  танай нам яагаад олигтой дуугараагүй вэ. Энэ нь ямар нэгэн тохироонд орсон гэх хар­далтыг дагуулсаар бай­на?
-Ээлжит бус чуулган завсар­лахын  өмнө манай бүлгийн дар­га Ч.Сайханбилэг хуулийн хэрэг­жилтийг биелүүлэх аж­лыг Ерөнхий сайд УИХ-ын өм­нө хариуцдаг. Тэр утгаараа уг хуулийг Ерөнхий сайдад хариу­цуулж үлдээе гэдэг маш чухал санал гаргасан.  Сүүлийн үед улс төрийн бодлого, биелэлт эзэн­гүй болж хувирсан. Хоёр намын бүлэг л яриад байх юм. Эцсийн бүлэгтээ сонгуулийн бие­лэлтийн асуудлыг  намын бүлэг хариуцахгүй ш дээ. Тэгж ярих юм бол УИХ ч хариу­цахгүй. Үүнийг Ерөнхий сайд  ха­риуцах учиртай. Тэгсэн Ерөн­хий сайд хариуцлагаас зуг­­таа­гаад намуудын араар ороод нуугд­чихсан. Ирэх сон­гууль ямар болох, үр дүн нь хэр­­хэх вэ гэдэг нь Ерөнхий сай­­дын ха­риу­цах ёстой асуудал  гэд­гийг дахин хэлмээр байна.
-Сонгуулийн маргааш юу ч болсон АН-ынхан Ерөнхий сайдаас хариуцлага асууна гэж хэлэх гээд байна уу?
-Парламентын өмнө Ерөнхий сайд хариуцлага хүлээнэ. СЕХ  бол сонгуулийн хуулийг да­гал­даж гарч ирсэн нэгж. Ха­рин сонгуулийн хуулийг биелүү­лээ­гүйгээс болж ямар нэгэн асуу­дал гарах юм бол Ерөнхий сайд биечлэн хариуцна.
-Цахим үнэмлэх саатвал түүнийг ч бас Ерөнхий сайд хариуцах уу. Хоёр нам салж нийлж засгаа байгуулснаас боллоо гэж албаны хүмүүс хэлсэн?
-Ажил хариуцсан хүмүүсээс хариуцлага нэхье. Одоо тэдний өмнүүр ордгоо больё. Хэрэв ца­хим үнэмлэх болохгүй л байгаа бол ажил хариуцсан хүмүүсийг нь оруулж  ирээд ярих ёстой. Гэтэл ажил хариуцсан хүмүүс  бултчихаар өнөөх нь улс төрийн маргаан болж хувирдаг буруу жишиг тогтчихсон.  Ажил хариуцсан Ерөнхий сайд байж байхад намын бүлгүүд мэ­дэг­дэл хийгээд л, хоорондоо үг хаяад сууж болохгүй.  Зөв голдрил руугаа явах  цаг ир­чихээд байна.
-Гэхдээ хариуцаж, хариу­цуулж чаддаггүйн жи­шээг олон харж байгаа биз дээ.
-Энэ байдлыг бүр өөгшүүлсэн. Ца­хим үнэмлэх, Сонгуулийн ту­хай хууль ярихад Ерөнхий сайд нь чимээгүй сууж байдаг.  Гэ­тэл энэ улсад ажил хэргийг хэнд ч  нялзаахгүй хариуцдаг нэг хүн байх ёстой. Тэр нь Ерөнхий сайд гэдгийг манай Үндсэн хуулийг батлагсад ухаал­гаар тодорхой заасан бай­на. Сүүлдээ бүр болоод өнгөр­сөн хэргийг хариуцах хүн ч олдохоо байлаа.  Бусад улс оронд сонгуулийн хуулийг  бие­лүүлэхэд хэцүү байгаа бол УИХ-даа санал оруулаад түүнийг нь хүлээж авахгүй бол огцрохоо мэдэгддэг. Манай Ерөнхий сайд ч мөн сонгуулийн хуулийг бие­лүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол огцрох өргөдлөө гаргах хэрэгтэй.
-Сүүлийн үед танай нам дотор олон фракци гарч ирж байгаа нь сонгуулийн өм­­нө намын рейтингийг уна­­­гах, АН-ыг задралд хүр­гэх  юм биш биз дээ. Та хэр­хэн дүгнэж байна?
-Бид боловсон хүчний стан­дартаа намдаа тогтоож чадаа­гүй. Ямар хүн сайд болж, УИХ-д хэн нь нэр дэвших вэ гэ­дэг шалгууруудаа дүрмэндээ  хийж өгөөгүйгээс  болоод ал­бан тушаалын төлөө  нэгдсэн фрак­циуд зохион байгуулагдаж байгаа юм. Фракциудын най­маагаар албан тушаал томил­дог мөн л буруу жишиг үйл­­чилж байна гэсэн үг. Бү­лэг­­лэлүүд тохирч байж албан ту­шаалд хүрдэг байдлаа больё гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Хэрэв боловсон хүч­ний стандарт тогтоочихвол шал­гуурт тэнцэхийн төлөө  л хү­мүүс явна.
-Өнгөрсөн хугацаанд нам үзэл баримтлалаа алдчихсан. Харин фракциуд нь сэргээх юм гэнэ лээ?
-Намынхаа үзэл баримтлалын төлөө гэдэг нэрийн дор  албан ту­шаал горилогсод бүлэглэж бай­гаа юм.
-Магадгүй бүлэглэл үүсгэж байгаа хүмүүсийн талаас  ха­рахад фракцилахаас өөр ар­га­гүй байдалд орсон ч байж бо­лох. АН-д залуучууд, дунд үеэ дээш  гаргадаггүй гэдэг шүүмж­лэл их өрнөдөг?
-Яг үнэндээ залуу үе, дунд үеэ шахаад байгаа зүйл манай намд байхгүй. Өнгөрсөн сон­гуульд ч гэсэн цоо шинэ за­луус УИХ-д өрсөлдөж ялалт байгуулаад өнөө­­дөр ажлаа хий­гээд явж байна. Н­ө­гөө л албан ту­шаалын төлөө тэмц­дэг буруу  тог­толцооны үр да­га­вар гарч бай­гаа юм.  Яг на­рийн­даа  на­мын эмэгтэй­чүүд маань би­дэнд  албан ту­шаал өгөх ёс­той гэж зо­­хион  бай­гуу­лаг­даж эхэлж байна. За­­луу­чууд ч мөн адил. Тэд дотроо бас бү­лэглэл үүс­гэ­чих­сэн. Ин­­гэж овог айм­гийн  ар­­гаар эрх мэд­лийн тө­лөө тэмц­дэг бу­руу жиш­гийг л байх­гүй бол­­­гож байж бүх зүйл зөв голдрилдоо орно.
-Нөгөө талаас АН эмэг­­тэйчүүддээ албан ту­шаал өгөхдөө харам ханд­­даг шүү дээ. Энэ нь эр­гээд зохион байгуулал­тад орох үндэс суурийг нь тавьж байгаа хэрэг биш үү?
-Манайд тиймэрхүү үг яриатай гишүүд байдаг. Миний хувьд эмэгтэйчүүдэд квот өгч, нэмэгдүүлэх ёстой гэж үздэг. Хэн нэгэн эмэгтэй сонгогчдын саналыг авахын тулд  ч ингэж ярьж байгаа хэрэг биш. Өнгөрсөн туршлагаар манай эмэгтэйчүүд ажилд илүү хариуцлагатай хандаж чаддагаа харуулсан. Хариуцлага талаас нь харж байгаа юм.
-Сонгогчдын саналыг ава­хын тулд эмэгтэйчүүдийн ту­хай яриагүй гэж та хэллээ л дээ. УИХ-д нэр дэвшихгүй гэ­сэн таны байр суурь өөрч­лөгдчихсөн юм аа даа?
-Үгүй.  Нэр дэвшихгүй гэх са­налаа намын удирдлагадаа хэл­сэн. Энэ байр сууриндаа ха­туу байгаа. Нэр дэвшихгүй бол­сон шалтгаанаа олон удаа ярь­сан. Харин миний хэлж буй үндэслэл шалтгаан бусдад үнэм­шилгүй буугаад байгаа юм уу. Эсвэл цаана нь өөр зүйл бай­гаа гэж хардаад байгаа юм болов уу. Зарчмын зүйл яри­хаар үнэмшихээ больчихоод байх юм.
-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэх юм билээ?
-Янз бүрээр л ярьж байна. Зарим нь бүр С.Баярт Сэлэнгэ аймгийн мандатаа өгч байгаа ч гэх шиг. Албан тушаалын төлөө явахгүй л бол харддаг гаж тогтолцоо бий болчихсон байна. Би яг үнэндээ олон түмний төлөө маш эгзэгтэй байдалд орчихсон асуудлыг шийдэхийн улд, тодруулбал, гэр хорооллыг инженерийн шугамтай холбож орон сууцжуулъя  л гээд байгаа юм шүү дээ.
-Заавал улс төрөөс гарч хийх хэрэг байгаа юм уу?
-Гэр хорооллынхонтойгоо уул­заж санал бодол солилцоход сон­гуульд битгий ашиглаарай гэ­сэн юм. Улс төрд шоглуулж ашиг­луулж хаширчихаад бай­гаа ард түмэн надаас гуйсан юм.  Хамгийн гол нь улс төрд ашиглахгүй гэдгээ нотлооч хэмээн шаардсан.
-Та тэгвэл бизнесийн салбарт орж байгаа юм уу?
-Юу гэж дээ. Миний ярьж байгааг сонсоогүй хэсэг хүмүүс  тийм зүйл ярьсан. Нөгөө хэсэг нь мэдсээр байж зориуд хэлж байгаа юм. Нийслэл хотын  удирдлагын ивээл халамжаар барилгын бизнес хийдэг компаниуд миний эсрэг янз бүрийн зүйл ярьж байгаа юм.  Миний ярьж байгаа хэрэг бүтвэл тэдний бизнес бүхэлдээ унах гээд байгаа юм.  Газрын бизнес  хийдэг хүмүүсийн бизнес ч мөн давхар шатчих байхгүй юу.  Бизнес нь шатах гэж байгаа хүмүүс зориудаар иймэрхүү яриа гаргасан байх.
-Үүнээс гадна долдугаар сарын 1-ний үймээний үеэр гарсан гэмт хэрэгт холбогдох  цагдаагийн дарга нарын  хэргийн шүүх хурал хэрэв нээлттэй болбол  очно гэж тухайн үеийн  Ерөнхийлөгч мэдэгдсэн. Хэрэв нээлттэй болбол танд очих бодол бий юу?
-Би долдугаар сарын 1-ний  ноцтой байдлыг намжаахад үүрэг гүйцэтгэсэн болохоос шийдвэр гаргах төвшинд бай­гаагүй. Гэхдээ надаас асуух зүйл байгаад шүүх дуудах юм бол дуртайяа очно.  Харин хэрэгт дурлаж очихгүй. Ер нь бол нээлттэй болсон нь зөв. Яг энэ сэдвээр анх удаа парламентын нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн хүний хувьд нээлттэй хэлэлцүүлэх хийх нь зөв гэж хэлмээр байна.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих