Гараа “цусанд дүрсэн” хүмүүс Монгол төрийн ариун сэнтийд суух эрхгүй
“Монгол төр ариун байх ёстой” гэж манай улстөрч нөхдүүд их ярьцгаадаг. Яаж ариун байлгах талаар харин огт ярихгүй юм. Тиймээс “Долдугаар сарын 1″-ний үймээний үед төрд ажиллаж байсан хүмүүсийн ёс суртахууны тухай сөхөж бичихэд хүргэлээ. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг засаг барьж, төрд алба хааж байхад ийм аллага хядлага болсон. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэтэл тэд дахиад л засаглал руу тэмүүлж байна. Дахиад л улс төрд шургалж, УИХ-д дэвшихээр зэхэж эхэллээ.
Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар ард түмнээ буудах бололцоо гарган өгч гараа энгийн иргэдийн цусанд дүрсэн хүмүүс. Эдгээрийн засаглалын үед дөрвөн иргэн төрдөө буудуулан нас барж, нэг иргэн мөн төрийн нүдний өмнө угаартаж үхсэн билээ. Дээр нь арваад иргэн төрдөө буудуулан шархдаж, мянгаад иргэн төрийн шүүхээр шоронд явцгаасан.
Мөн Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар нар тухайн өдөр цагдаагаа удирдан, иргэдээ буудуулж, буудах тушаал өгсөн хүнийг олон нийтэд зарлаагүй хаацайлж байгаа нь гэмт хэрэг мөн.
Тэгэхээр нэр дурдагдсан генерал, хурандаа нар ч төрд алба хаших эрхгүй. Харин Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар нь УИХ-д нэр дэвших эрхгүй. Ард түмэн рүүгээ буу шагайж чадсан хэрнээ, ард түмнээсээ санал авна гэж гуйх нь ёс суртахуунгүй хэрэг юм.
Н.Энхбаяр. Тэр үед Ерөнхийлөгч байсан. Тэрээр онц байдал зарласан. Өмнөх өдөр нь намаа ялуулчихсан хуучин Ху-гийнхан буюу одооны хэлээр “Хуху” намынхан шөнөжингөө архидсан гэдэг. Тэгээд тэр архи нь гарч амжаагүй согтуу Баярыг “солиорсных” нь зоргоор Н.Энхбаяр Онц байдал зарладаг нь буруу байсан. Энэ хүний насан туршдаа гэмшиж явах гол алдаа энэ. Нас ахих тусам тэр “Би онц байдал зарлаагүй бол тэдгээр хүмүүс үхэхгүй байх байсан даа” гэж гэмшиж толгойгоо шааж явах болно. Тэрээр “”Долдугаар сарын 1″ улстөрчдийн өдөөсөн маш том гэмт хэрэг” гэж өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна лээ. Энэ үг өөрт нь ч хамаатай. Учир нь тэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байсан. Гадаа хүн үхэж байхад өрөөн дотроо намын дарга нарыг цуглуулчихсан учраа олохгүй, яахаа мэдэхгүй сууж байлаа.
С.Баяр Ерөнхий сайдынхаа ажлыг хийхгүй намын байрныхаа шатахыг, намын байранд нь хүн угаартаж үхэхийг, намынх нь байрны гадаа хүмүүс буудуулж үхэхийг харж байгаад 22 цагт ордон руу очдог нь ч юу билээ. Уг нь тэрээр Монгол төрийнхөө ажлыг хийх ёстой байлаа. Төрийн ажил гэж юу байв. Тэр нь жагсаал цуглааныг зохицуулж жирийн тайван арга замаар түүнийг тараахад оршиж байв.Монгол Улсын Ерөнхий сайд атлаа тийм хүнд хэцүү нөхцөлд төр засгийг эзгүйдүүлэн хаяж, намын даргын ажлаа хийж, МАН-ын байрандаа өдөржин өнжиж, улсынхаа ажлыг ардаа орхисон. Тэрээр Онц байдал зарлахыг Н.Энхбаярт шахаж байсан гэдэг. Тиймээс С.Баяр яалт ч үгүй хариуцлага үүрэх хүний нэг.
Ц.Мөнх-Оргилын хувьд Онц байдлын шуурхай штабын дарга. Хууль зүйн сайд асан. Дээр нь Онц байдлын үеийн Штабын дарга байсан хүн өдий болтол энэ тухай юу ч ярихгүй байгаа. Бүх асуудал Ц.Мөнх-Оргил дээр буусан. Штабын даргаар томилогдсон л бол тэр үед ажиллаж байсан хууль, цагдаагийн байгууллагаа хянаж байх ёстой. Ядаж боловсролоороо ч, төрд алба хаасан туршлагаараа ч тэр өдийд ингэж чимээгүй суух хүн биш.
Гэтэл тэр цагаас хойш нэг ч дуугараагүй. “Долдугаар сарын 1″-ний тухай хэлэлцүүлэг болох үед урилгагүй орж ирээд нэг дуугарсан санагдана. Захад нь суугаад “Цагдаа нарын буруу гэж юу байсан юм” гэж хэлж байсан билээ. Цагдаа нар нь буруудвал өөрөө буруудах гээд байж л дээ. Энэ хүн дэндүү их айдас хүйдэстэй байгаа. Түүнийг хамгаалж байгаа зүйл нь УИХ-ын гишүүний сэнтий. Энэ суудлаас нь буулгаж байцааж үзмээр байгаа юм. Ингэхэд их л юмны сэжүүр олдоно доо.
Ч.Амарболд С.Баяртай шууд харьцаж байсан хүн. Ерөнхийдөө 22 цаг хүртэл “Онц байдал зарлах хэрэггүй. Цагдаа зохицуулчихна” гэж ярьсныг нь Н.Энхбаяр баталдаг. Орой 22 цагаас хойш “Дийлэхээ болилоо. Онц байдал зарлая” гэсэн. Цагдааг удирдаж байсан учраас тушаал даалгавар даргаасаа авсан байж таарах гээд байгаа.
О.Зоригт Нийслэлийн цагдаагийн газрын дарга. Онц байдлын үед Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн голлон ажилласан. Ч.Амарболдоосоо үүрэг авч удирдлаган доорх хүмүүстээ дамжуулж байсан гэдэг.
Ш.Батсүх Эргүүл хамгаалалтын газрын дарга. Эргүүл хамгаалалтын газрынхан галын шугамд гол үүрэгтэй ажиллаж байсан. Галт зэвсгийг тэд нарт тараасан гэж үздэг. Энэ тухай Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн тэмдэглэлд ч байдаг. Тэмдэглэлд дурдсанаар Ш.Батсүх өөрөө хүн буудсан байх магадлалтай.
Г.Ганбаатар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга. Хэв журмыг голчилж ажиллаж байсан.
Энэ хүмүүс хэн тушаал өгснийг одоо болтол хэлээгүй. Тэд “Дээрээс тушаал өгсөн” гэсэн битүү, тодорхойгүй юм л ярьдаг. Дээрээс гэхээр Ерөнхий сайд, штабын дарга, эсвэл Ерөнхийлөгч байж таарах гээд байгаа юм.
Тэд тушаал биелүүлсэн ч бай, тушаал өгсөн ч бай дахин төрд ажиллах ёсгүй. Харин ч бүр ард түмнээсээ уучлалт гуйгаад төрд ажиллахаа болих хэрэгтэй юм. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Гараа ард түмнийхээ цусанд угаачихаад юун улс төр, юун төрд ажиллах.
Эднийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй, төрд ажиллуулахгүй байя. Шүүх яаж шийдэх тухай яриагүй байна. Харин тэдэнд дахин Монголын төрд ажиллах ёс суртахууны эрх байхгүй.
Н.Энхбаяр,С.Баяр, Ц,Мөнх-Оргил нар одоо улс төрөөс татгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хэрэгт яах арга үгүй холбогдсон хүмүүс бол дээрх улстөрчид мөн билээ. Яаж ч мэлзээд, яаж ч биеэ өмөөрөөд тухайн үед онц байдлын шийдвэрийг энэ гурван улстөрч л гаргаж, гардан гүйцэтгэсэн.
Харин нэр дурдагдсан генерал, хурандаа нарыг дахин төрд ажиллуулах, ямар нэгэн албан тушаал хашихаас татгалзуулах ёстой. Үүнийг бүх насаар нь мөрдлөг болгох нь чухал. Шийтгэл нь тэр болог. Яагаад ингэх гээд байгаа юм гэвэл төр нэгэнт өөрийгөө хамгаалуулчихаад дараа нь шоронд илгээгээд байх нь зохимжгүй юм.
Цагдаагийн дарга нар дээрх гурван улстөрчийн хэн нэгнийх нь тушаалаар л хүмүүс рүү буудсан болж таарах гээд байгаа. Генерал, хурандаа нар идэвх гаргаж даргадаа сайн хүн болох гээд өөрсдөө дээрээс тушаалгүйгээр хүн буудаад унасан бол харин хатуу шийтгэх ёстой. Үүнийг шүүхээр тогтоож хэн буруутай, хэн тушаал өгснийг илрүүлэх нь чухал. Ингэж байж шударга үнэн тогтоно шүү.
Дээрх хүмүүсийн асуудлыг улстөржүүлэн манай ч нам, танай ч нам хэмээн хэргийг илрүүлэхгүй өнгөрөөвөл Монгол Улсад дахиж хэзээ ч шударга үнэнийг яриад хэрэг байхгүй.
Д.МӨНГӨНДАЛАЙ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: