Н.Алтанхуяг засгаас гарсан шигээ агентлагийн дарга нараа татаач ээ
-Н.Пунцаг Х.Баттулгын сонгуулийн мөнгийг босгох нэрээр мөнгө завшжээ-
Ардчилсан нам хамтарсан засгаас гарч, Засгийн газрын бүтцэд ажиллаж байсан сайдууд, дэд сайдууд ч журам ёсоор ажлаа өгсөн. Гэсэн хэдий ч зарим агентлагийн дарга, дэд дарга нар ажлаа өгөхгүй хууль бус үйлдэл хийсээр сууна. Сонгуульд ялалт байгуулсан үр дүнгээр тухайн нам Засгийн газраа бүрдүүлдэг журамтай. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, зарим газрын дарга нар ч сонгуулийн үр дүнгээр зохицуулагдах ёстой. Гэтэл сонгуулийн ялалтын үр дүнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын зарим дарга нар ялагдал хүлээсэн АН-аас ажиллаж байгаа нь хууль бус юм. Хууль бус ажиллаж байж, хууль бус үйлдэл хийж байгаа зарим агентлагийн дарга, дэд дарга нарыг яах ёстой вэ?
Тухайлбал, Авто тээврийн газрын дэд дарга Н.Пунцаг гэж нэг нөхрийн авир хэрээс хэтэрсэн тухай Авто тээврийн газрынхан ярьж байна. Ховдын гудамжинд лааз өшиглөж явсан Н.Пунцаг хэмээх нөхрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авто тээврийн газрын дэд даргаар ямар ч сонгон шалгаруулалтгүй зүтгүүлжээ. Гэтэл “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр мань эрд мэргэжлийн диплом байдаггүй, төрийн албаны шалгалт өгөөгүй гээд олон асуудал мандав. Тиймээс Авто тээврийн газрын Бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Цэрэнбаттай тохирч, хуурамч диплом гаргуулж, мөн түүгээр дамжуулан төрийн албаны шалгалтад тэнцсэн гэж босго давав. Ийнхүү өрөнд орсон шинэхэн дэд дарга Н.Пунцаг Г.Цэрэнбатыг Тамгын хэлтсийн даргаар дэвшүүлжээ.
Ц.Элбэгдоржийн өөд нь татсан Н.Пунцаг энэ албанд ирснээсээ хойш “УИХ-ын гишүүн Х.Баттулгын сонгуулийн мөнгийг босголцох үүрэг надад ирсэн. Тиймээс бидэнд байгаа нөөц бол улсын дугаар задалж, азын дугаар зарах явдал юм” хэмээн азын дугаарын наймаагаар гайгүй хэдэн төгрөг босгоод авсан тухай яригдаж байна. Х.Баттулгын сонгуульд хэрэглэх мөнгөнөөс 200-400 сая төгрөг босгох үүрэгтэй гэж ярьсан дэд даргын үг худлаа болохыг ч тэд баталж байна лээ. Тэрбээр хүнээс хөөрөг худалдан авах болж, цаад нөхөр нь шинэ сери задарч байна, нэг азын дугаар оролцуулж болно гэхэд мань эр 44-44 дугаарыг гурван сая төгрөгөөр ав гэжээ. Харин цаад нөхөр нь би 88-88 гэсэн дугаар авмаар байна гэхэд Н.Пунцаг дарга 88-88 дугаар чинь долоон сая хүрчихсэн авах юм уу гээд наймаа тохироогүй гэх зэргээр ажилчид нь дэд даргынхаа хамаг булайг дэлгэсэн юм.
Энэхүү бүтэлгүйтсэн хөөрөгний наймааны тухай Н.Пунцагийн хамгийн ойр ажилладаг хүн нь хэлж нэрээ нууцлахыг хүссэн юм. Замын цагдаагийн газраас Too бүртгэлийн албыг Авто тээврийн газарт өгөх үеэр Н.Пунцаг дарга н.Болор хэмээх ажилтантай нийлж байгаад дугаарын наймааг ёстой нэг гааруулсан даа. Түүнчлэн А.Зулзүсэм хэмээх ажилтантайгаа нийлж, даргаа эзгүй хойгуур хугацаа нь хараахан болоогүй байгаа серийг задлан зарсан гэх зэрэг зөндөө бий.
Авто тээврийн газрыг нэг нөхөр ийнхүү самарч байхад Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн дарга Г.Энхтайван гэгч мэргэжлийн бус нөхөр мөн л энэ байгууллагыг бусниулж байгаа гэх. Н.Алтанхуяг
Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэргэжлийн бус, өөрийн найз Г.Энхтайваныг томилсоноос хойш өдгөө хоёр дахь жилтэйгээ золгож байна.
Нам нь засгаас гарчихсан байхад энэ тохируулагч агентлагийг толгойлон хууль бус халаа сэлгээ хийсээр л сууна. Г.Энхтайван тус агентлагийн нэр бүхий таван төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар халж хохироосныг хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрээ гаргажээ. Тэр төрийн албан хаагчдад учруулсан хохирол 30 гаруй сая төгрөг болоод байгаа бөгөөд хуульд зааснаар Г.Энхтайван барагдуулахаар болсон байна.
Г.Энхтайваны энэ мэт асуудлыг шийдэж болно. Хамгийн гол нь засгийн ажилд оролцох эрхгүй АН-ын нөхдүүд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын албыг яагаад хаших ёстой гэж? Энэ тал дээр Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч анхаарлаа хандуулах цаг болжээ.
Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ц.Бадрах гэж нөхөр бий. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Балгасын улаан нуурын цэвэр усны ордыг “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиглуулах шийдвэр гаргахад хүчин зүтгэсэн нөхөр. Харин нутгийн иргэд энэ шийдвэрээ цуцалж, усны худал дүгнэлтээ татаж авахыг Ц.Бадрах даргаас шаардаж байсныг уншигч олон санаж байгаа байх. Хүчин зүтгэсэн гэсний учир нь Усны газрын дарга худлаа дүгнэлт үйлдсэн гэдэг. Тиймээс ундны ус ховор говь цөлд амьдардаг иргэд маань худлаа дүгнэлт гаргасан Ц.Бадраатай хатуухан тооцоо хийх тухай хэвлэлээр хөвж байв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт энэ мэт хууль бус алба хашиж байгаа нөхдүүдийг журмын дагуу ажлаас нь чөлөөлж, арга хэмжээ тооцох цаг болжээ.
mongoliin unen
URL: