Н.Энхбаяр Ц.Мөнх-Оргилыг буруутгалаа

Маргааш буюу энэ сарын 14-нд 2008 оны долоодугаар сарын нэгэнд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн удирдлагуудыг шүүнэ.

Энэ хуралд Н.Энхбаяр нарын тухайн үеийн томчуудыг шүүгдэгчдийн хүсэлтээр гэрчээр оролцуулах болсон. Иймээс Н.Энхбаяр дөрвөн хүний амь нас эрсэдсэн асуудалд буруугүй гэдгээ дахин нотлохын тулд хэвлэлийн бага хурал зарласан бололтой.
Гэхдээ энэ удаа Н.Энхбаярын үймээний хэрэгт хандах хандлага нэлээд өөрчлөгджээ. Өмнө нь тэрбээр үймээний үеэр таван хүний амь нас эрсэдсэн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баярыг буруутгасаар ирсэн. Харин энэ удаа хүний амь нас эрсэдсэн асуудалд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг буруутай гэдгийг битүүхэн хэлээд авна лээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр энэ удаа Ц.Мөнх-Оргил дээр “тоглолт” хийхээр шийджээ.

Тухайлбал, Н.Энхбаяр улс орон даяар Онц байдал тогтоосны дараа, онцгой байдлын үед ажиллах шуурхай штабыг ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил толгойлж байсан гэдгийг онцлов. Энэ бол төдийлөн яригдаж байгаагүй мэдээлэл. Шуурхай штабын дарга тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цэрэг, цагдаа гээд хүчний байгууллагын бүхий л үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Энэ дагуу Ц.Мөнх-Оргил үймээн самууны эсрэг бүхий л үйл явцыг удирдаж, зарим нөхцөлд тодорхой шийдвэрүүд гаргаж байжээ. Иймдээ ч хүний амь нас эрсэдсэн асуудал хамгийн эхлээд Ц.Мөнх-Оргилд холбоотой болж таарч байна.

Үймээний үеэр нас барсан таван иргэний дөрвийг нь цагдаа нар буудсан гэдэг нь тодорхой болоод буй. Гэхдээ генерал Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн алба хаагчид дээрээс өгсөн тушаал чиглэлгүйгээр энгийн иргэд рүү гал нээж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэдэнд ийм эрх байхгүй.

Гэтэл тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үймээн самууны үеэр галт зэвсэг хэрэглэхийг хориглосон гэдгийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тодотгосон. Тэгэхээр ҮАБЗ-өөс хориглосон тушаалыг цөөхөн хүн зөрчиж, шийдвэр гаргаж чадна. Эдгээрийн нэг нь Ц.Мөнх-Оргил. Түүний хувьд шуурхай штабыг удирдаж байсан гэдэг утгаараа асуудлыг зохицуулах үүднээс ҮАБЗ-ийн шийдвэрийг зөрчсөн байх магадлалтай.
Иймд Н.Энхбаярын цухалзуулж байгаачлан гал нээх тушаал өгсөн байх хамгийн өндөр магадлалтай хүн нь шуурхай штабын дарга буюу Ц.Мөнх-Оргил болж таараад буй. Гэхдээ Н.Энхбаяр үүнийг батлаагүй. Батлахыг ч хүсээгүй. Тэрбээр яг Ц.Мөнх-Оргил гал нээх тушаал өгсөн гэж хэлэхгүй байгаа ч энэ удаа ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг онилж, голчилж ярьсан нь цаанаа учиртай биз.

Н.Энхбаяр онц байдал зарласан тухайгаа ярихдаа “Үймээн самуун эхлэнгүүт С.Баяр онц байдал зарлая гээд байсан. Харин би ийм шаардлага байгаа эсэхийг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдоос асуухад “Хэрэггүй, ердийн байдлаар зохицуулж болно” гэж байсан юм. Гэтэл оройн 22 цагийн үед Ч.Амарболд “Бид зохицуулж хүчрэхээ байлаа” гэсэн. Иймээс 23 цагийн үед Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил бид гурав онц байдал зарлахаар шийдсэн. Гэхдээ онц байдал зарлаагүй байсан бол үймээн самуун туйлдаа хүрэх байсан юм. Харин хүн буудуулж нас барсан тухай мэдээлэл маргааш өглөө, үүрээр ирсэн. Энэ талаар цагдаагийн удирдлагуудаас асуухад гэмт хэрэгтнүүд энгийн иргэдийг буудчихлаа гэсэн. Тэр дагуу би цагдаагийн удирдлагад хүн буудсан хэрэгтнүүдийг ол гэдэг үүрэг өгч байлаа. Дараа нь цагдаа нар энгийн иргэдийг буудсан гэдэг мэдээлэл ирсэн. Ингээд л прокурорын байгууллага цагдаа нарыг шалгаж эхэлсэн юм” гэж байв.

Н.Энхбаярын хувьд эгзэгтэй мөч тулсан энэ үед шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаа гэнэ. Хэрэв шүүх хурал олон нийтийн өмнө нээлттэй явагдвал өдгөө нууцын зэрэглэлд байгаа баримтуудыг дэлгэж ч магадгүй аж. Шүүх хурлыг нээлттэй явуулахын тулд ҮАБЗ дээр яригдсан нууцын зэрэглэлтэй материалуудыг энгийн хэлбэрт шилжүүлж, ард түмэндээ ил тод болгох хэрэгтэй аж. Ингэж чадвал цагдаагийн удирдлагуудыг шүүх хурал нээлттэй болно. Тэр үед одоогийн улстөрийн цорын ганц сөрөг хүчин болчихоод буй МАХН-ын дарга Н.Энхбаяр торох зүйлгүй тушаал өгсөн даргын нэрийг хэлэх бололтой.

Гэхдээ цагдаагийн дарга нарыг шүүх хуралд С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүн­дээ­жанцан нараас гадна Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж нарын хэд хэдэн хүнийг гэрчээр орол­цуулах шаардлагатай гэж байлаа.

Ямартай ч экс Ерөн­хий­лөгч Н.Энхбаяр хам­гаа­лал­тад шилжиж, Ерөнхий сайд асан С.Баяраас гадна ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил дээр тоглолт хийгээд эхэл­чих­лээ.


URL:

Сэтгэгдэл бичих