Н.ЭНХБАЯР: БИ Ч.АМАРБОЛД ГЕНЕРАЛЫН ҮГЭНД ОРЖ, ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл  хийж, 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн болон онц байдал зарласан талаараа ярив. Одоо хэр нь эргэлзээтэй, тодорхойгүй олон зүйлийн  талаар сэтгүүлчид түүнээс  асуухад “Улсын нууц учир би хамаагүй ярьж болохгүй” гэсэн  хариулт өгч байв.

-Та хэд хэдэн газарт хандан шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ уламжилсан гэсэн. Ямар нэгэн хариу ирсэн үү?

-Би УИХ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хандан “Шүүх хурлыг нээлттэй явуулах боломж олгооч” гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл одоо хэр нь ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Энэ үйл явдал хэрхэн өрнөсөн, төрийн өндөрлөгүүд юу ярилцаж, ямар  шийдвэр гаргасан бэ гээд олон зүйлийг ард түмэн мэдэхийг  хүсэж буй. Бидэнд олон нийтээс  нуугаад байх зүйлгүй. Улсын нууц  нэрийн дор хүн хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол надад байдаг.

-Ер нь улсын нууцад хамаарах ноцтой баримт, мэдээлэл энэ хэрэгт байдаг юм  болов уу?

-Хэрэг явдлын талаар тухайн үед Үндэсний Аюулгүй байдлын  зөвлөлөөр ярьсан зүйлийг улсын нууцад хамруулдаг. Би Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд гаргасан албан бичигтээ хурлын протколыг  нээлттэй  болгож, олон нийтэд танилцуулахыг шаардсан.

-Онц байдал зарлах зарлигийг та гаргасан. Онц байдал зарлах л байсан юм бол үймээн даамжраагүй байхад яагаад  гаргаж болоогүй юм бэ?

-Ерөнхий сайд асан С.Баяртай тухайн өдрийн 17.00 цагаас хойш  биечлэн уулзах боломжгүй болж, утсаар ярилцаж байсан. С.Баяр надад “Онц байдал зарлах  төслөө бэлдвэл яасан юм бэ” гэсэн  саналыг удаа дараа тавьж байсан.  Тэрбээр МАХН-ын байран дотор, эвдэн сүйтгэх ажлыг хамгийн ойроос харж байсан болохоор тийм санал тавьсан байх. Харин энэ үймээнийг намжааж, тараах үүрэг хүлээсэн ЦЕГ-ын даргын  үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд “Одоохондоо онц байдал зарлах  шаардагагүй. Бид байгаа хүч бололцоогоо ашиглан үймээнийг  тараах болно” гэж мэдэгдсэн. Тиймээс би үймээнийг тарааж, нийслэлд тайван байдал тогтоох үүрэгтэй ажиллаж байсан генералын үгийг түлхүү  сонсож, хүлээзнэж байсан юм. Байдал ямар байгаа тухай байнга мэдээлэл авч, нөхцөл байдлын талаар Үндсэний Аюулгүй байдын зөвлөлөөр ярилцаж байсан. Тэр оройдоо намуудын дарга нартай уулзсаны дараа Ч.Амарболд генерал “Хүчрэхээ болилоо, онц байдал зарлахаас өөр арга алга” гэсэн. Сүүлдээ Ерөнхий сайд  С.Баяр,  ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх- Оргил, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч нарын санал нэгдсэн учир би Онц байдал зарлах тухай зарлиг гаргахыг үүрэг болгон УИХ-аар хэлэлцүүлсэн. Манай хууль ерөнхийд нь заасан байхаас нарийн процедурыг тайлбарлаагүй юм байна. Тухайлбал, Онц байдлын тухай  хуульд зарлах тухай байхаас зарласнаасаа  хойш  ямар арга хэмжээг, хэний баталсан төлөвлөгөөгөөр хэн, хэрхэн хэрэгжүүлэх тухай ямар ч зүйл заалт байхгүй.  Энэ бүгдийг тодорхой зааж өгөх  хэрэгтэй юм билээ.

-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс галт зэвсэг хэрэглэ гэсэн тушаал өгөөгүй гэдэг. Гэтэл таван хүний амь нас хохирсон. Танд хүний амь  нас хохирлоо гэсэн мэдээлэл хэзээ ирсэн бэ?

-Галт зэвсэг  хэрэглэж   болохгүй гэдэг тушаал өгсөн тухайгаа  би удаа дараа хэлж байгаа. Цагдаа бус гэмт хэрэгтнүүд хүний амь  нас хохироолоо гэх мэдээлэл  долоодугаар сарын 2-ны үүрээр  надад ирсэн. Харин үдээс хойш Ц.Мөнх-Оргил сайд “Гадуур цагдаа  нар иргэд рүү гал нээсэн гэх яриа  гарчээ. Энэ хэргийг Прокурорын  дэргэдэх мөрдөн байцаах алба  шалгадаг” гэж хэлсэн.

-Нөгөөдөр (маргааш) энэ  хэргийг шүүх анхны хурал болох гэж байна. Хаалттай болох  энэ хуралд та оролцож үнэн  бодит мэдээлэл өгөхгүй юм  уу?

-Ямар ч байсан би очно. Нээлттэй хийх талаар шүүх бүрэлдэхүүнд санал тавьж, шаардана.

Х.ОЮУНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих