МҮЭХ-ноос шатахууны үнийг дахин нэмбэл хатуу тэмцэнэ

1690 төгрөг байсан шатахууны үнэ 270 төгрөгөөр нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Харин гурав хоногийн өмнөөс шатахууны үнэ эргээд буурч 1680 төгрөгт хүрсэн. Гэвч энэ нь эмэгтэйчүүдийн баярт  зориулсан хямдрал байсан бөгөөд энэ долоо хоногоос дахин 30 төгрөгөөр нэмнэ хэмээн шатахуун импортлогч компаниуд мэдэгдээд байгаа юм. Харин МҮЭХ-оос бензин дахин нэмэгдэх юм бол дахин тэмцэх болно гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

МҮЭХ-ноос бензиний үнийг нэмэхгүй байхыг импортлогчдоос хүсч байгаа бөгөөд хэрэв нэмэхээр бол хуулиа баримталж төлөөллийн байгууллагуудтай ярилцаж байж нэмэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. Мөн бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Өссөн үнийг эргээд буулгах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаараа МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хэлэхдээ “Дахиад л бид энэ талаараа ярина. Буулгахын төлөө тэмцэнэ.

Хамгийн гол нь судалгаа шинжилгээтэй ажиллах хэрэгтэй байна. Хэрэглэгчийн төлөөх үндэсний хоёр байгууллага байна. Түүний нэгэнтэй нь манайх их ойр ажиллаж байна. Нөгөө нь тэр бүр харилцаа холбоо тогтоож чадахгүй байна. Нэг хамтардаг газартайгаа хамт үнийг барих, хавчих, худалдан авалтаараа хэсэгчилж боомилъё гэсэн уриалга гаргаад байна.

Өөрөөр хэлбэл, импортлогч, үйлдвэрлэгчдийн зүгээс хүнсний барааны үнийг буулгахгүй бол арай хямдыг нь худалдан авч хүнсний барааг нь муудтал худалдаж авахгүй байх арга хэмжээг зохион байгуулна” гэлээ. Мөн ҮЭХ-оос энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал зарлаж хувийн хэвшлийнхний цалинг нэмүүлэх арга хэмжээ авах болсон талаараа мэдэгдэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих