Засаг дарга Ц.Болд гэж хэн бэ?
Ц.Болд дарга ажлын гараагаа дүүргээс эхэлсэн. Хан-Уул дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн хийж байгаад дэвшиж хэлтсийн дарга болсон. 1995 оноос хойш Улаанбаатар хотын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр ОХУ-д боловсрол эзэмшсэн, эрхзүйч, төрийн захиргааны менежерийн мэргэжилтэй. Хотынхон хот тохижилтын “хог”-ийн Болд гэдгээр нь андахгүй мэднэ. Ц.Болд дарга Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэдий ч энэ нь албан ёсны бус гэж яригддаг. Учир нь өнгөрсөн 2010 онд Засаг даргыг томилох дүүргийн иргэдийн хурал болоход тус дүүргийн төлөөлөгчид Ц.Болдыг эсэргүүцэж хурлаа хаяж гарснаар нэр дэвшигдэж чадаагүй. Улмаар Засаг даргад төлөөлөгч Ц.Нүүдэл, Ц.Болд нар өрсөлдсөнөөс Ц.Нүүдэл 20 төлөөлөгчийн санал, Ц.Болд 15 саналыг тус тус авсан боловч Ц.Болд дарга Засаг ноён хэвээр үлдэж чадсан юм. Засаг даргаа тогтоодоггүй гэгддэг Сонгинохайрхан дүүргийнхний энэхүү томилгооны талаар хэвлэлээр олон мэдээлэл гарч байсан билээ. Дүүргийн Засаг даргаар томилогдохдоо нэлээн барцадтай байсан бол Ц.Болд төлөөлөгч тун удалгүй АТГ-т авлигын хэргээр дуудагдах болсон юм. Одоо Ц.Болд дарга АТГ-т шалгагдаж тун удахгүй дээлээ нөмөрч болзошгүй тухай мэдээллүүд гадуур түгэж байна.
Юутай ч тэрбээр Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн” гэх зүйлээр шалгагдаж байгаа. Түүнийг цагдаагийнхан баривчилж хориход шүүгч төрсөн эгчийнхээ дэмжлэгээр Ганц худагаас гарсан гэх яриа ч бас гарсан. Ц.Болд даргыг Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа цас хайлуулах нэрийн дор 300 сая төгрөг хувьдаа завшсан гэдэг нь нэгэнт нотлогдож байгаа аж. Нэгэнт нотлогдож байгаа тул үүссэн хэргийн зүйл ангиар Ц.Болд дарга 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэж болзошгүй болж байгаа юм. Одоогоор Ц.Болд дарга ажлаа хэвийн явуулж байгаа боловч АТГ дээр байнга дуудагдаж байгаа гэх. Ц.Болд дарга цагдаад шалгагдаж байгаа гэдгээ өөрөө хүлээж байгаа бөгөөд хуулийнхан үнэнийг тогтооно биз дээ гэдгээ хэлдэг. Сонгинохайрхан дүүрэгт ирэхээсээ өмнөх ажиллаж байсан газраасаа мөнгө хуссан гэдэг нь илчлэгдсэн нь хэрэг хуучирдаггүй гэдгийн баталгаа юм. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Болдыг сонгогч олон нь буюу Баянзүрх дүүргийнхэн албан тушаалаа ашиглаж мөнгө хусдаг нөхөр байсан хэрэг үү гэж халаглацгааж байна. Өнгөрсөн 2011 онд Сонгинохайрхан дүүрэг тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж олон тэрбум төгрөгийн тендер зарлагдсан боловч нүдэнд торох дорвитой ажил хийгдсэнгүй гэгдэж байна. Тухайлбал, хаврын мод тарих ажлаар тус дүүргийн төр захиргааны байгууллагын ажилчид Таван шарын өмнөх хоёр замын хооронд 800 нарс мод тарьжээ. Уулнаас шууд булга татан авчирсан энэ мод бүгд одоо үхэж, шарлаж хатжээ. Хайран мөнгө, хайран мод ургамал гэмтсэн хэрэг болж. Ц.Болд даргатай холбоотой сөрөг талын мэдээллүүд байдаг боловч Ц.Болд дарга дүүргийн мэргэжилтнээс эхлээд Засаг дарга болж чадсан нэгэн. Түүнийг хамт олонтойгоо эвсэг, удирдан зохион байгуулах авьяастай гэдэг бөгөөд ажилч хөдөлмөрч гэж үнэлдэг. Харамсалтай нь төсвийн мөнгөнөөс хувьдаа халаасласан хэргээр нэр хүнд муутай болчихоод байгаа нэгэн. Нийслэлийн 45 төлөөлөгчийн нэг болох Ц.Болдыг тойрсон нэг иймэрхүү саар, сайн мэдээллүүд байна.
Б.НАРАН
URL: