Салхин цахилгаан станцыг энэ онд ашиглалтад оруулна

Өндөр хүчдэлийн шонгуудыг Налайх дүүргийн цахилгаан станцтай холбож дуусчээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд салхин цахилгаан стан­цыг барих ажил ид хийг­дэж байна. Энэ жилдээ багтаан сал­хинаас эр­чим хүч гарган авах станц ашиглалтад орох учиртай. Хэрэв уг салхин цахилгаан станц ашиглал­тад орох юм бол нийс­лэлийн цахилгаан хэрэг­лээ­ний 20 хувийг хангах юм билээ.

Уг салхин цахилгаан станцыг “Ньюком” групп барьж байгаа юм. Дээрх бүтээн байгуулалтын ажил хэрхэн хийгдэж байгаа талаар сурвалжлахаар Сэргэлэн сумын Салхит уулыг өнгөрсөн бямба гаригт зорилоо. Ингээд нийслэлээс зүүн тийш 60 гаруй километр явсаар үд хэвийх алдад Хоолтын даваанд хүрлээ. Хаврын урь орж,  уулын цас хөлөрчээ. Говь-Сүмбэр аймагтай холбогдсон хатуу ху­чилттай замаас зүүн тийш салсан сайжруулсан замаар 20 гаруй километр давхисаар Салхит уу­ланд очсон юм. Сайжруулсан замыг салхин цахилгаан станцын тоног төхөөрөмжийг  зөө­хөд зо­риулан тавь­жээ.

“Ньюком” группийн ажилчид ажилдаа гараад хоёр хонож бай­гаа гэнэ. 20 гаруй залуус өнгөрсөн жил тус газраас Налайх дүүргийн дэд станц руу 28 километр зайд холбож буй цахилгаан дамжуулах шонгуудын утсыг бэхлэх ажил хийж байлаа. Тэд “Гадаа дулаан орж байгаа болохоор гутал нороод байх юм” гэсээр угтсан юм. Ингээд 110 сая ам.долларын өртөгтэй салхин ца­хилгаан станцын бүтээн байгуулалт хэрхэн хийгдэж байгааг төслийн инженер Н.Баярмөнх та­нил­цуулав. Өнгөрсөн жил хоёр том ажил хий­жээ. Говьсүмбэр аймаг руу явдаг засмал замаас Салхит уул руу  сайжруулсан зам тавьсан байна. Мөн Налайх дүүргийн станцтай холбосон цахилгаан дамжуулах шонгуудыг суулгасан аж. Одоо үндсэн ажилдаа оро­хоор төлөв­лөжээ.

Ойролцоогоор 57 тонн жинтэй 31 ширхэг турбинуудыг  уулын оройд босгох хэцүүхэн ажил тав­дугаар сараас хийгдэхээр болсон гэнэ. Энэ сарын 15-наас эхлэн уулын хяраар 31 газарт доош нь турбин суулгахаар ухах ажил хийгдэх юм байна. Дээрх ажлуудыг намар хүртэл хийчих юм бол гол ажлаа нугалчихаж байгаа гэдгийг төслийн инженер Н.Баярмөнх он­цолж бай­лаа. Мөн нэг турбин суулгахын тулд 800-900 тонн бетон зуурмаг хэрэг болох гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр орцтой есөн давхар барилгад ордог бетон зуурмаг  нэг  суурьт орох юм билээ. Үүнийг та­сал­далгүй нэг дор цутгах ёстой аж. Бетон зуурмагийн компаниудтай гэрээ хийж хамтран ажиллах  гэнэ. Сал­хин цахилгаан станцын гол суурь тоног төхөөрөмж болох сал­хин турбины эд ангийг АНУ-ын “Же­нерал Электрик” компани ний­лүүлэхээр  гэрээ хэлэлцээр хий­чихсэн байна. Салхин турбины тухайд, нэг бүр нь 1.6 мВт-ын цахилгаан  үйлдвэрлэх хүчин ча­дал­тай гэсэн.  Салхин турбины өндөр нь 80 метр бөгөөд сэнс нь 82,5 метрийн урттай юм байна.

“Салхит” салхины станцын үйл ажиллагааны дүнд жилдээ 168 сая кв.ц эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх юм байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг 185 мянган тонноор бууруулахын зэрэгцээ 1.6 сая тонн ус хэмнэх учир ду­лаа­ны цахил­гаан станцаас давуу байх талаар “Glean Energy” компа­нийн гүйцэтгэх захирал  Ц.Сүхбаа­тар онцолж байв. Өнгөрсөн намар арван­нэгдүгээр сар хүртэл хийгдсэн  Төвийн бүсийн цахил­гаан дам­жуулах сүлжээ ТӨХК-ийн Налайх дэд станц ба Салхит стан­цын дэд станцын 110кВ-ын хоёр  хэлхээт өндөр хүчдэлийн шугам тавигдах үед олон хүндрэл бэрх­шээл тул­гарч байсан талаар залуус ярьж байна.  Өндөр хүчдэлийн шонгуу­дыг угсарч байгаад тал талаас нь уяагаар бэхлээд ма­шинаар татаж оруулсан гэнэ. Га­даа жавар та­чигнаж байгаа үед шонгуудыг суурилуулахад  хүнд байжээ.  Мөн төмөр замаар ирэх ачааг буулгах зориулалттай сал­бар төмөр зам тавигдах ажил хийгдээд дууссан байв. Европын сэргээн босголт, хөгжлийн банк ба Нидерландын хөгжлийн банк санхүүжүүлж байгаа энэхүү ажил арваннэгдүгээр сарын сүүлчээр бүрэн ашиглалтад орох төлөв­лөгөөтэй аж.

Э.ХҮРЭЛБААТАР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих