Гавьяат тамирчин Б.Наранбаатар мөнгөн медалийн эзэн болжээ
Ираны нийслэл Тегеран хотноо чөлөөт бөхийн уламжлалт “Тахтийн цом”-ын төлөөх “Алтан гран-при” тэмцээн эхэлсэн билээ.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоон жинд болж буй тус тэмцээний эхний өдөр 55, 66, 96 кг-ын жингийн барилдаан болсон. Энэ өдөр Монголын таван тамирчнаас 55 кг-д гавьяат тамирчин Б.Наранбаатар, залуу тамирчин Б.Мөнхбат нар зодоглосноос Б.Наранбаатар мөнгөн медалийн эзэн болсон юм.
Тэрбээр өмнө нь 2004 онд энэ тэмцээнээс алтан медаль хүртэж байсан билээ.
Гавьяат тамирчин Б.Наранбаатар энэ удаад эхний тойрогт дэвжээний эзэн орны тамирчин Абдуллах Фбладвандыг 1:0, 1:0, улмаар Казахстаны Расаул Калиевийг 2:0, 2:1, Ираны бөх М.Сллтанихагхиг 1:0, 4:3 оноогоор ялж, финалд үлдсэн байна. Аваргын төлөөх барилдаанд тэрбээр ОХУ-ын бөх Нариман Исрапиловтой таарч, 0:1, 5:3, 7:1 харьцаагаар ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ.
Дугаар шилжих мөчид манай баг тамирчдаас 60 кг-д ОУХМ, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Ням-Очир, “Олимп” төвийн тамирчин спортын мастер Б.Баянмөнх, 120 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ж.Чулуунбат нар барилдаанаа хийхэд бэлэн болсон байв.
URL: