ФРАКЦЛАГДСАН УЛС ТӨР
УИХ-ын сонгууль хаалга тогшиж эхэлжээ. Улс төрийн намууд ч тус бүртээ бэлтгэлээ базаагаад завгүй. Аль нам ямар зорилго тавьж буй нь ч тодорхой. МАН, АН-ынхан эрх баригчийн хэмжээний суудал авахыг эрмэлзэнэ. Байгуулагдсан цагаасаа УИХ-д тасралтгүй нэг суудал авч ирсэн ИЗНН энэ удаа бүлэг байгуулах буюу найман хүнээ сонгуулахыг эрмэлзэж байна. МАХН, МҮАН тэргүүтэй таван намын нэгдэлд ийм “том” санаа байхыг үгүйсгэхгүй. Бусад гуравдагч хүчнийхэн бол нам байгуулсан мөрөөдлөө биелүүлж, УИХ хэмээх өндөр сэнтийд нэг хүнээ ч болов суулгахыг хүснэ. Жижиг намуудын хувьд зорилго нь тодорхой, хүсэл нь хязгаарлагдмал. Тиймээс гол тоглолт МАН, АН-ын хооронд өрнөх нь мэдээж юм. Энэ хоёр нам л “Эрх бариад, дараа нь… “гэсэн задаргаа хийж, төлөвлөгөөгөө гаргаж чадна. Зөвхөн нам биш, түүн доторх фракцууд “бялуу”-наас хүртэх, ингэхийн тулд нөлөөгөө нэмэх далд төлөвлөгөө боловсруулна. Фракц хоорондын тэмцэл нам дотроо өрнөнө гэсэн үг.
АН ФРАКЦАД “ДАРАГДАЖ” БАЙНА
Өнгөрсөн хоёрдугаар сард АН-д хоёр ч фракц шинээр мэндлэв. Тус намын “эсэргүү” голдуу гишүүдийн байгуулсан Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллагаас “Шонхор” нэртэй фракц төрүүлсэн. З.Энхболд, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Одхүү нар тус фракцынх. АХХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар юм л даа. Шударга ёсны төлөө тэмцэх нь тэдний зорилго. Тэд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, намаа сөрөг хүчин байхыг уриалдаг байв. З.Энхболд намын даргын суудалд санаархдгаа ил тод илэрхийлдэг хүн. Улс оронд шударга ёс тогтооно гэдгийн цаана намын дарга болж, цаашлаад улс төрийн карьераа улам өргөх хүсэл байгаа нь мэдээж. Мөн Б.Батбаатар тэргүүтэн ҮЗХ-ны 30 гаруй залуу гишүүнээс бүрдсэн “Мөнх тэнгэр” фракцтай болсон.
“Мөнх тэнгэр” хүнээр олон ч “Шонхор” нь нөлөөгөөр илүү байгаа юм. Албан тушаал, эрх мэдлийн төлөө өрсөлдөх архаг фракц АН-д олон. Намын удирдах албан тушаалыг “атгасан” “Алтангадас”, нөлөө нь улам л нэмэгдэж буй МоАХ, Р.Амаржаргал тэргүүтэй хашир улстөрчдөөс бүрддэг МҮДН гээд явж өгнө. Сонгогдсон цагаасаа л огцруулах хүсэлд дарагдсан гээд хэлчихэж болох хэцүүхэн тавилан тус намын дарга Н.Алтанхуягийг тойроогүй ээ. АН-ын нэг хэсэг даргаа сонгож байхад нөгөө хэсэг нь огцруулахаар зүтгэдэг уламжлалтай болчихсон хойно. Энэ сонгуульд намаа хэрхэн авч гарахаас Н.Алтанхуягийн хувь заяа шалтаална.
Хамтарсан Засгийн газарт орохдоо ногдсон бүх л албан тушаалыг фракцуудын эхийг эцээж, тугалыг тураалгүйгээр хуваарилсан. Ингэхгүй бол бусад нь гомдоллож, шүүмжлэл, саад мундахгүйг тэр мэдэх нь тодорхой. Ажлаа урагшлуулъя гэвэл аль болох цөөн хүн гомдоохыг хичээ. Ийм зарчим АН-д хэдийнээс үйлчилсэн. Дотроо фракцтайгаа ч тэд нуудаггүй. Хамтарсан Засгийн газраас гарахдаа тэд ирэх сонгуулиар жинхэнэ ардчилсан засаг байгуулахаа мэдэгдсэн. Тус намын уг мөрөөдөл биелбэл албан тушаал горилсон олон фракцын хүсэлт, шаардлагад булагдана. Мэдээж нам дотроо нөлөөгөө нэмсэн фракцад ахиухан хэсэг ногдох учир нэгнийхээ дээр гарах гэсэн хатуухан тэмцэл өрнөх биз.
МАН-ЫН “СОЁМБО”
АН фракцуудаа нуудаггүй, шинээр мэндлэхэд нь ч саад хийдэггүй. Ардчилсан зарчмаар суудал, бялуугаа хуваагаад л явдаг гэхэд болно. Тэгвэл МАН хэзээ ч жигүүр, фракцыг хүлээн зөвшөөрч байсангүй. Гэхдээ жам ёсоор үзэл бодол, ашиг сонирхлоороо нэгдэгчид төрж л таарна. Анх “Шинэ үе” хэмээх жигүүр байв. Мөн “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс”, “Зүүний хүчний холбоо” гэх мэт фракц бий. АН-ын фракц урт удаан насалдаг бол МАН-д жигүүр, фракцын ихэнх нь хэсэг ажиллаад зорилгоо биелүүлээд, эсвэл “буудуулаад” таг болдог. Одоогоор бол тус намд “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс”, У.Хүрэлсүхийн “Зүүний хүчний холбоо” амьд байна. Дээрээс нь Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.БалданОчир тэргүүтэй “эсэргүү” гишүүд “Соёмбо” нэртэй фракц байгуулахаа мэдэгдсэн. Фракц цөөхөн мэт харагдавч МАН-д хотын, Увсын гэх мэтээр бүлэглэл олон. МАН-ын улс төр ч бүлэг, фракцынхаа аясыг харж үргэлжилдэг. Ийнхүү шинэ, хуучин фракц, бүлэглэлээс хараат улс төр өрнөж байна. Ирэх сонгуульд хэн ямар тактик боловсруулсан нь удахгүй тодорхой болно.
С.ТУУЛ
URL: