“Гэгээн муза-2011”-ийн эзэд театрын баярын өдөр тодорно

Жил бүр Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Гэгээн муза-2011″ наадам энэ сарын 27-ны өдөр буюу олон улсын театрын өдрөөр шилдгүүдээ тодруулах юм. Энэ жилийн “Гэгээн муза” наадамд төвийн болон орон нутгийн театруудын өнгөрөгч онд тайзнаа тоглосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч нэр дэвшжээ. Эдгээр нэр дэвшигчдээс Гран При шагналын эзэн тодрох бөгөөд таван сая төгрөгийг гардах юм. Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадам “Драмын жүжгийң төрөл”, “Хөгжимт бүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл” гэсэн гурван номинацид шилдгүүдээ тодруулна. “Гэгээн муза-2011″ наадам нь өмнөх жилүүдээс харьцангуй олон түүхэн бүтээл өрсөлдөж байгаагаараа онцлог болж байна. Түүнчлэн “Мөрөөдлийн театр”, “Гацуурхан” зэрэг залуу уран бүтээлчдийн театрууд анх удаа энэ өрсөлдөөнд орж байгаа гэнэ. Нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг энэ сарын 19-нөөс 26-ныг хүртэл УДЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн үзэж өөрсдийн үнэлгээгээ өгөх аж. Сонирхуулахад, Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”, Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулга, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр орон нутгаас өрсөлдөж байгаа юм. Шилдэг найруулагч номинацид УДЭТ-ын найруулагчид болох Б.Баатар “Ану хатан”, Ч.Найдандорж “Оролмаа”, Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжгээр өрсөлдөж байгаа бол тэдэнтэй эн зэрэгцэн Залуучууд театрын найруулагч Г. Дэмбэрэлсамбуу “Маргаашгүй хаан” жүжгээр нэр дэвшжээ.

Э.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих