Гэрч гэж хэн бэ?
2008 оны “Долдугаар сарын 1-ний үймээний” улмаас таван хүний амь нас хохирсон хэрэгт цагдаагийн дарга нарыг шүүх хурал энэ сарын 14-нд болохоор хойшилсон. Цагдаагийн албан тушаалтнуудын өмгөөлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан хүмүүсийг шүүх хуралд гэрчээр дуудах санал тавьсан билээ. Энэ саналын дагуу тухайн үед ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд С.Баяр, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулахаар зарлан дуудах бичиг хүргүүлсэн. Тэдний зарим нь буюу МАХН-ын дарга Н.Энхбаяр гэрчээр оролцохоо мэдэгдсэн. Харин тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа хэвлэлээр мэдэгдсэн билээ. Тэгвэл хуульд зааснаар гэрч гэж хэн бэ, дуудсан цагт очих ёстой юу, ямар эрх, хариуцлага хүлээдэг вэ гэдгийгсонирхлоо.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зургадугаар бүлгийн 45 дугаар зүйлийн 1-т гэрч гэж хэн бэ гэдгийг тодорхой заажээ. Энд тодорхойлсноор “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэжээ.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ДУУДВАЛ ЗААВАЛ ОЧИХ ЁСТОЙ ЮУ?
Эрүүгийн хуулийн 143 дугаар зүйлд заасан журмаар гэрчийг дуудаж байцаах эрхийг хууль хяналтынханд олгосон байдаг аж. Дээрх зүйлд “Гэрч, хохирогч, түүнчлэн гадуур байгаа сэжигтэн, яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудна. Зарлан дуудах хуудсанд хэнийг, ямар зорилгоор, хаана, хэзээ ирүүлэхээр дуудаж байгаа тухай дурдахаас гадна дуудсан хугацаанд ирээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.5.-д “Гэрч нь дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ” гэжээ.
Мөн Эрүүгийн хуульд “Зарлан дуудаж буй этгээдэд, тухайн этгээд байхгүй бол гэр бүлийнх нь насанд хүрсэн аль нэг гишүүнд, түүнийг байхгүй тохиолдолд сум, баг, хорооны Засаг дарга, албан байгууллагынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг авна. Байцаагдах этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд түүнийг энэ хуульд заасны дагуу албадан ирүүлнэ” гэсэн заалт бий.
Тэгвэл гэрчийн үүргийн тухай ийн хуульд зааж өгчээ.
ҮҮРЭГ БА АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.4-т “Гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэнэ. Түүнчлэн тус хуулийн 72.2-т “Энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь хохирогч, гэрч болон бусад оролцогчид дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах, албадан ирүүлэх, торгууль оногдуулах албадлагын арга хэмжээ авах эрхтэй” гэдгийг тодорхой заасан байна.
МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗВАЛ ЯАХ ВЭ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.6-д “Гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээжээ. Харин Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээсэн байдаг юм байна. Цааш нь лавшруулан хуулийн заалт харвал “…хуурамч мэдүүлэг өгсөн түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээжээ.
ЭДЛЭХ ГАНЦ ЭРХ
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зургадугаар бүлгийн 45.7-д “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон гэрчтэй холбоотой ганц эрх бөгөөд энэ хэсэг нь 2003 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуулиар ийн өөрчлөлт оруулсан байна. Хуулийн энэ заалтыг эс тооцвол гэрчид эдлэх ёстой эрх гэж үүнээс өөр хуульд тусгаагүй байгаа аж.
ГЭРЧИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГҮЙ ОРОН
Гэрчийн хариуцлага, албадлагын үүргийн талаар Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ийн олон талаас нь заасан атлаа эрхийг нь хамгаалсан заалт байдаггүй юм байна. Олон улсын жишгээс харж байхад гэрчийг хамгаалах асуудал Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын адил чухлаар тавигдаж, үүнийг дагасан хууль тогтоомж тэр бүү хэл дагнасан үндэсний хөтөлбөрүүд байдаг. Гэтэл манай улсад гэрчийг эрх зүйн талаас нь хамгаалах тухай хуульд тусгаагүй тул ямар нэгэн гэмт хэргээс болж гэрч аюулд өртөх магадлал өндөр. Тэгэхээр хуулийн ямар нэгэн хамгаалалтгүй гэрч хууль хяналтын байгууллагынхны зарлан дуудах хуудсаар очиж мэдүүлэг өгнө гэдэг өөрөө утгагүй асуудал болж байгаа юм. Зарлан дуудах хуудас аваад очиж мэдүүлэг өглөө гэхэд дараа нь тухайн хүн нэр хүндээрээ эсвэл бие махбодь аль ч хэлбэрээрээ хохирч мэдэх юм. Ийм байхад хэний төлөө гэрч очиж мэдүүлэг өгч амиа золиослох ёстой гэж. Гэрчийг албадан дуудах үйлдэл нь өөрөө утгагүй бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон хүн амьд явах эрхтэй гэсэы заалтыг зөрчиж буй юм. Тэгэхээр монголчуудын “Амьд хүний гэрч байснаар үхсэн хүний дэр болсон нь дээр” гэж ярьдаг ам дамжсан яриа дэмий нэг зүйрлэл биш бололтой.
Г.ЯЛГУУН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: