Х.Болорболд: Гадныхан л орж ирж байвал бүх зүйл сайн сайхан болдог гэж манай гэнэн либералчид хашгиралддаг

Эдийн засагч, судлаач Х. Болорболдтой хийсэн цуврал ярилцлага – 3
-Социализмд мухардах шалтгаан мэдээж байсан. Гэтэл ардчилал маань бас л мухардчихлаа. Тэгвэл одоо гурав дахь ямар зам байна вэ?
-Сүүлийн үед Америкт, Европт, Латин Америкт юу болж байна вэ? Хүн төрөлхтөний хувьд ардчилал нь байна уу, социализм нь байна уу, коммунизм нь байна уу ер нь эцсийн эцэст ихэнх хүн ардын сайн сайхан өөдрөг тайван амьдрал, шударга байдал, хүнлэг энэрэнгүй сэтгэл ёс суртахуун, айдас түгшүүргүй, маргаашийн ирээдүй нь гэрэлтэй тийм нийгмийн төлөө засаглалын хэлбэр хэрэгтэй болоод байна даа. Америк, Европт ардчилал, сонгууль, хүний эрхийг дээдэлсэн учраас л өнөөгийн баян тансаг амьдрал, хөгжил дэвшилд хүрсэн хэрэг хараахан биш юм, үүнийг Европын түүхийг нилээд судалж баримтат кинонууд үзэж судалгааны бүтээлүүд номуудыг уншсны дараа ойлгосон. Гэтэл бидний олонх тэнд шал өөр далд механизмууд, зарчмууд үйлчилж байдгийг анзаардаггүй, аргагүй юм даа, ер нь ил ярьж хэлж болдоггүй хориотой сэдвүүд одоо ч олон байна шүү дээ. Олон улсын мөнгө санхүү, үйлдвэрлэл худалдааны, ялангуяа банк-санхүүгийн механизмыг ойлгохгүйгээр тэр бүх зарчмуудыг нь ухаж ойлгох ямар ч боломжгүй юм. Жишээ нь, энгийн телевизороор жишээ аваад үзье л дээ. Бид телевизийн дэлгэцэн дээр юу гарч байгааг үзэж хардаг . Харин телевизийн дотор хэсэгт нь ямар эд ангиуд хэрхэн ажиллаж байдгийг ядаж багцаадахгүйгээр яагаад эвдэрч саатав гэдгийг нь хэлж болохгүй Иймээс аливаа юмыг гадна талаасаа харагдаж байгаагаар нь, санагдаж байгаагаар нь ийм тийм гэж яаруу дүгнэлт хийх нь эрсдэлтэй. Тиймээс гол гол зарчим механизмыг нь дор хаяж багцааддаг байх ёстой. Үүнийг л хүмүүс ойлгоосой. Миний орчуулж байгаа номнууд хүмүүст өөрсдөд нь оюун санааны гарц, өөр хараа өнцөг, тусламж болж байгаа талаар их ярьдаг. Гэхдээ Монголын ард түмний нилээд хэсэг нь бид чухам ямар байдалд орж байж одоо ойлгоогүй байгаа, ойлгохыг хүсэхгүй байгаа зүйлсээ сая ойлгож ухаарах вэ гэдэг асуултыг би өөртөө тавьж байна. Монголын ард түмний, манай үндэстний тэр цөм багана нь байхгүй болох аюул нүүрлээд байна. Үндэстний гол цөм хэсэг нь төөрөгдөл, ядуурал, цөхрөлдөө живж задран унах юм бол дундаж цөөхөн бид хэд, асар баян маш цөөнх бүгд хэн ч биш, улс гэр оршин тогтнож байхын тулд юу ч хийж чадахгүй, боломжгүй болох юм. Иймд бид маш цөөхүүлээ учир нийт хүн ардаа ажил эрхлэлт ашиг орлогын хувьд, эрүүл мэндийн хувьд, хүн амын тоо чанарын хувьд, соёл боловсрол соёлын хувьд гаднын явуулгаас хамгаалж аврах, ингэснээрээ бид өөрсдийгөө аврах цаг ирээд байна. Засаж болдоггүй алдаа гэж бас байдаг. Үүнийг л хүн бүр ойлгох ёстой. Либерал аминчхан зан бол бидэнд тохирохгүй ээ.

-Сүүлийн 20 жилд Монголчууд зөндөө алдлаа гэж ярьж байгаа ч заавал ийм зүйл л үзэж, яс махаараа мэдэрж байж л ухаарах байсан гэж ярих хүмүүс ч байна. Энэ талаар?
Ийм юм ярьж байгаа хүмүүс бол өөрсдөө ч энэ байдлын цаад сөрөг үр дагаврууд, аюул заналыг бас сайн ухаараагүй байна гэсэн үг юм. Тэд л нийгмийг төөрөгдөлд оруулж байж хүмүүст элдэв хоосон зүйл амлаж байж тэднээс эрх мэдлийг авсан хирнээ тэдний амь амьдралаас дөлж зугтааж байж одоогийн ийм байдлыг бий болгосон шүү дээ. “ Ганцаараа л яриад байсан хүний бүх юм нь үнэн шиг болчихдог” гэсэн Бальзакын ёжтой нэг үг байдаг даа. Энэ 20 жилд маш цөөхөн хүмүүс л ярих бичих бодит бололцоотой байлаа шүү дээ. Бас нэг үг байдаг даа, ухаалаг хүн бусдыг алдаанаас суралцдаг гэдэг. Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаггүй гэдэг. Зөрүүд мунхаг хүн бусдын алдаанаас бүү хэл өөрийнхөө алдаанаас ч суралцдаггүй юм байна лээ…

-90-ээд оны үед бид энэ бүхнийг сэхээрч харах боломж хэр байсан бэ?
-Ер нь одоо эргээд харахад үгээ хэлэх эрх чөлөөний тал дээр хязгаарлагдмал зүйлүүд үнэхээр байсаан. Тэр мөч одоогийн байдалтай харьцуулаад үзэхэд тухайн үед илүү муу байсан. Харин ажилгүйдэл, хавтгай ядуурал, боловсролын уналт бол манайд байгаагүй шүү дээ. Энд тэмдэглэн хэлэхэд бид дайны /Хүйтэн/ нөхцөлд байсан гэдгийг мартаж болохгүй. Дайн бол дайн, бүх зүйл дээр хавчигдаж байсаан. Харин одоо бол нийгмийн үнэмлэхүй олонхийн хувьд ажилгүйдэл, ядуурал, цөхрөл мөхөл, ёс суртахууны уналт, үндэстний боловсрол, эрүүл мэндийн дампуурал бол манай нийгэмд цоо шинэ үзэгдэл болон гарч ирсэн, энэ бол факт шүү. Сүүлийн хорин жилийн хугацаанд олон улсын банк, санхүү, зээл тусламжийн байгууллагуудын явуулсан олон төсөл хөтөлбөрүүд төдийлөн ашиг тусаа өгөөгүй харин ч манай нийгэм, эдийн засгийн суурь бааз, аж үйлдвэрлэл нуран унах бүх нөхцлийг бий болгосон. Одоо наад зах нь утааны асуудлыг амтай бүхэн ярьж шоудаж байна. Гэвч энэ их утааны шалтгаан болсон манай хүмүүсийн асар том нүүдэл шилжин сууршилтыг цаад шалтгаануудыг огт авч үзэхгүй байна. Энэ бол бас л манай нийгмийн цоо шинэ үзэгдэл, хязгаар хөдөө орон нутаг Монгол орон эзгүйрч байна шүү дээ. Энэ нь нэг талаараа эдийн засгийн неолиберал бодлогын шууд үр дүн, өөрөөр хэлбэл улс төр – эдийн засаг нийгмийг сөхрүүлэх зохион байгуулалттай зориудын том явуулга юм шүү. Одоо манай улс бүх банк санхүүгийн тогтолцоогоо гадныханд өөрсдөө өгчихсөн байгаа. Гадныхан л орж ирж байвал бүх зүйл сайн сайхан болдог гэж манай гэнэн либералчид хашгиралддаг. Энэ бүгдийг, өнгөрснөө, одоо байгаагаа ойлгож ухаарахгүйгээр бид улс үндэстний хувьд цаашаа хөгжин дэвших ямар ч үндэслэл байхгүй гэдгийг ойлгох ёстой. Харин улс үндэстэн суларч доройтон дампуурвал баян ч бай, ядуу ч бай чи хэн ч биш, ямар ч их хөрөнгө мөнгө хэнд ч тус болохгүй, хүний нохойн хоол болдог жамтай, хүн төрөлхтний түүх ийм л байсан, цаашдаа ч ийм л байх болов уу.
-Төвлөрөл бий болж байна. Хөдөөнийхөн хот руу орж ирэхээр хөдөө малчин байхгүй болно. Ингэхлээр махгүй болно. Мах Монгол хүний хувьд чухал хүнс….
Энэ бол төвлөрөл бус юм. Энэ бол манайдаа хүн ардын том нүүдэл, шилжин суурьшилт юм. Түүхээс үзвэл том нүүдэл, шилжин суурьшилтанд дайн дажин, өвчин дэгдэлт, цаг уурын онцгой өөрчлөлтүүд, ер нь тэвчихийн аргагүй нөхцөл байдал нөлөөлсөн байдаг. Харин 1996 оноос манайд эхэлсэн их нүүдэл нь неолиберал бодлогын шууд үр дагавруудын нэг юм. Хүмүүс урьд өмнө нь амьдран сууж байсан амьжиргаагаа бас нутаг орноо хаяад дүрвэж хотын гэр хороололд ирж амь зууж байна гэдэг бол тэд нийгмийн маш том цохилтыг авсан гэсэн үг юм. Энэ бол тусдаа иж бүрэн том сэдэв юм шүү.

-Энэ үзэгдлийг геноцид хэмээн та хэлж байсан. Үнэхээр ингэж хэлэхэд арай хатуудах биш үү? Зориудаар монгол хүний эсрэг ийм зүйл хийж байна гэхэд итгэхэд бэрх байна.
1949 оны 12 сарын 09-ны өдөр НҮБ Геноцидын эсрэг конвеци батлан гаргасан байдаг. Үүнийг би зориуд олж үзлээ. Геноцидыг тодорхойлох шалгуур хүчин зүйлүүд байдаг. Эдгээрийг аваад үзэхэд Монголд нийгмийн геноцид явагдаж байна гэж хэлэх бүрэн үндэс бий. Энэ бол харийн хоосон номлол, загварыг тулган хэрэгжүүлсний, манай эрх баригчдын тэдний зөвлөгөөгөөр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны шууд үр дагаврууд юм. Гол нь бид нар үүнийг олж харахгүй, хүсэхгүй байна. Үүнийг олж хараад ярихад тодорхой хэмжээний иргэний зориг гаргахаас өөр арга байхгүй. 1991 онд бол үнэхээр том, алсын үр дагавруудтай форматлал байсныг одоо улам бүр ойлгож байна.

-1990 онд ардчилсан хувьсгал болсон юм бишүү?
1990 оны хувьсгал бол монголын ард түмний үндэсний чөлөөлөх хөдөлгөөний давалгаа байсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. 1989 оны 12 сарын 10-нд цуглаан болсон, дараа нь 1990 оны 3 сарын 18-нд өлсгөлөн болоод хавар нь гэхэд бидний дэвшүүлж байсан санаануудыг хэрэгсэхгүй үлдээгээд тэмцлийн нэрийг ардчилал /цаагуураа барууны маягийн гэсэн үг/ хэвээр үлдээгээд агуулгыг нь бүрэн өөрчилсөн байсан. “Ардчиллын төлөө 20-н жил” гэдэг баримтат кинон дээр тэр хүмүүс нь ярилцлага өгсөн байдаг. Ард түмэнд бол тэр үед капитилист ниймийг байгуулах гэж байгаа гэдгээ хэлж болохгүй байсан, ардчилал зах зээлийн онол гэсэн тэр үед сайн ойлгомжгүй үгсээр орлуулж байсан гэж. Яг үндсэндээ эдгээр нь манипуляцийн технологиуд байхгүй юу. Эхний хамгийн хүчтэй хийсэн цохилт нь бол 20-р тогтоол. Энэ нь манай банк санхүү мөнгөний тогтолцоог форматлах үйл явцын яг эхлэл нь байсан, маш хүчтэй хоёр дахин девальвац хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ. Энэ нь гадна талдаа бол доллартай хүмүүст монголын бүх юмнууд хоёр дахин хямдарчихлаа гэсэн үг. Өнөөдөр монгол төгрөгийн ханш ямар байгаа билээ дээ? Монгол хэд хэдэн хямдарсан гэсэн үг вэ, 250 гаруй дахин! Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг дээр нь үнэт металл буюу олон улсын валютаар баталгаажна гэсэн үг байдаг байсан, одоогийн төгрөг дээр бол юу ч байхгүй. Энэ бүхний хууль ёсны эзэд , монголчууд бидэнд ойлгуулахгүйгээр маш хүчтэй эдийн засгийн “төрөл арилжилт” явагдсан даа, иймээс бид бүхний мэдлийн, бидний тулд эдийн засаг биш болсон шүү. Улс орны эдийн засгийг, түүгээр дамжуулаад ард түмнийх нь хувь заяаг эрхшээлдээ барихын тулд мөнгөний бодлогыг нь гаднаас барьчихдаг. Тэгээд дараа нь хэвлэл мэдээллийнх нь салбарыг гартаа хийдэг, ингээд л дуусаа. Энэ бол олон газар хэрэглэгдсэн сонгодог арга. Бусад Гурав дахь ертөнцийн колони орнуудын хувьд ч яг ийм.

-Улс орон тун удахгүй үсрэнгүй хөгжинө гэж эдийн засагчид, улс төрчид, төрийн зүтгэлтнүүд маань их ярьж байгаа. Ард түмний дунд ч тийм нэгэн итгэл найдвар, хүлээлт бий болчихлоо шүү дээ?
- Тэгэлгүй яахав. Тэд одоо удахгүй ДНБ 10 мянган доллар, бас тун удахгүй 30 мянга болно, ДНБ 2011 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад хорин хувиар өссөн гээд яриад бичээд, бичүүлээд байна. Энэ бол монголын байгалийн нөөц баялгийг хамах тусгай ажиллагааны пиар хэсэг нь шүү. Манайхан бол ДНБ өссөн гээд байхад амьдрал ерөөсөө ийм хэмжээгээр өссөнгүй гээд яриад байгаа. Угаасаа одоогийн энэ ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засгийн үзэл санаа бол нийт хүн ардын төлөө, баялгийн шударга хуваарилалтын төлөө систем угаасаа биш байхгүй юу. Зөвхөн үг хэлэх, сонгууль хийх, хэвлэн нийтлэх гэх мэт хүнд зайлшгүй хэрэгтэй боловч харин хүний амь амьдралд хамгийн хэрэгтэй зүйл болох эдийн засгийн шударга байдал, баялгийн шударга хуваарилалтын тал дээр бол таг чиг, үнэндээ бол хүнд амин чухал хэрэгцээтэй бус тэр хийсвэр боломжуудыг л тунхагладаг үзэл суртал шүү дээ. Хамгийн гол нь эдийн засгийн бодит эрх тэгш эрх чөлөө, нийгмийн баялгийн шудрага хуваарилалт юм шүү дээ! Монголын ард түмнийг 10-уулаа гэж үзвэл тэрний дотор ганцхан хүний орлого олон дахин нэмэгдсэн л бол бүх хүмүүсийн нийт орлого нэмэгдсэн юм шиг ДНБ харуулдаг. Үлдсэн есийнх нь орлого бүүр буурсан ч байж болдог. Тиймээс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол бүх хүмүүс нэг хүнд дундажаар тийм хэмжээний орлого олсон гэсэн хэрэг огтхон ч биш ээ. Ийм энгийн юмыг бид нар олж харахгүй байна даа. Сургаар итгэж суутныг биширдэг гэнэн зуршлаасаа салах ёстой болжээ.

-Удахгүй монголчууд маш том сонголт хийнэ. Энэ сонгуулиар ер нь урьдын байдал засагдах боловуу. Үүнийг засаж чадах улс төрийн хүчин хэн байна?
Миний үзэж байгаагаар бол одоогоор тийм улстөрийн хүчин харагдахгүй, сонсогдохгүй байна. Яагаад гэвэл ямарваа нэг үзэл санаа бодлого үйл ажиллагааг хөтөлбөр зорилго болгож тэрийг нь ард түмэн гарцаагүй ойлгож дэмжиж хүч чадлаа дайчилж байж амжилт болдог жамтай. Үүнийг манай улсын эрх баригчид иргэд ойлгоогүй цагт бидэнд юу ч туслаж чадахгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Үнэндээ бол сонгууль явуулаад ч утга учир багатай, учир нь үзэл санаа, улстөр-эдийн засгийн чиг баримжаагаа өөрчлөөгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, боломжгүй юм. Одоогийн энэ сонгууль бол нөгөө л хуучин эрх баригчдыг , тэр бүлэглэлийг дахин 4 жил суух хугацааг нь сунгаж өгөх ёслолын ажиллагаа төдий юм.

-Өөрчлөхийн тулд яах ёстой вэ?
Ер нь бол бид нар өөрсдийнхөө сүүлийн 20-иод жилд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа эргэн харах шаардлагатай. Гол нь үнэмлэхүй олонхийн маань амьдралыг боомилоод байгаа тэр зүйл буюу эрх баригчдын бас бид бүхний тархин дотор зориуд суулгасан ташаа ойлголтууд, төөрөгдөл юм. Энэ төөрөгдлөөсөө бид гарах ёстой. Одоо Монгол улсад бахархдаг ганцхан юм нь бол ардчилалд тууштай байсан гэдэг. Миний бодлоор бол, Азийн бар орнуудыг бас судалж үзэж байснаар бол манайхан Азид ардчиллын цаад үнэнийг нь ойлгоогүй яваа ганцхан улс юм. Азийнхан маш прагматик, хоосон үзэл суртал гэдэг юмны үнийг мэддэг улсууд шүү. Харин манай дэндүү гэнэн эрх баригчид хоосон үзэл суртлуудаар, үнэндээ бол капиталист зэрэглээнд дотор амьдарцгаадаг, тэдэнд бол болж байгааг бид харж байна. Гэвч тэд л ард түмнээ одоогийн энэ нүх үрүү чирч авчирч унагасан шүү дээ.

-    Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ? Мэдлэг боловсролын талд юу хэлэх вэ?
-    Боловсролын асуудлыг бол тусад нь сэдэв болгож нилээд харсаан. Тэгээд би “Хүн сүргийн үйлдвэрлэл” гэдэг ном орчуулж хүмүүст хүргэсэн. Энэ ном бол манай хүүхэд залуучуудын хүмүүжил, ойлголт төсөөлөл, мэдлэг боловсролыг хэрхэн “стандартдаа” оруулж авах замаар ирээдүйн монголыг бэлтгэж байгааг илчлэн шүүмжилсэн, олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл юм. Яагаад намайг өөрөө ном бичихгүй, барууны авторуудыг орчуулаад байна гэж хүмүүс их асуудаг. Гол нь монголчууд бид өнөөдөр бие биенээ сонсохоо, итгэхээ, хамтрахаа бүүр больчихсон. Энэ бол хамгийн эмгэнэлтэй буюу оюун санааны колоничлолд орчихсон байна гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү. Бид нарыг гагцхүү гаднын хүмүүсийг бараг мөргөж шүтдэг болгочихсон. Иймээс эхний үед монгол хүмүүсийн оюун ухаан уруу өнгийж тэдний зүрх сэтгэлийн хаалгыг нь тогшихын тулд юуны өмнө барууны шударга олон хүмүүс, эрдэмтэд судлаачдын бичсэн хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг орчуулж хүмүүст хүргэж байгаа. Энэ үүднээс Баруун Европын, Канадын, Америкын судлаачид, эрдэмтдийн одоогийн энэ шударга бус тогтолцоог илчлэн шүүмжилсэн, бид цаад сэдэл механизмуудыг нь ойлгон санаа авч өөрсдийнхөө байгаа байдлыг олж харахад их тус болохуйц номуудыг түүж орчуулж хүмүүст хүргэж байгаа. Хамгийн сүүлд “Эрин цагийн дуудлага”, “Эдийн засгийн алуурчдын золиосууд” номуудыг гаргаад байгаа, хүмүүс маш сайн хүлээн авч байгаа.
Ярилцлсан С.Энх-Амар
Үргэлжлэл бий.


URL:

Сэтгэгдэл бичих