Балбад болсон “Miss Mongol”
Балбын монголчууд хаант засаглалын үед эрх чөлөөгүй, хэлэх ярих гэснээ чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байсан үе саяхан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдөж тэд эрх чөлөөтэй болжээ. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улс болж шинэ Үндсэи хуулиа туурвих замдаа орсон энэ оронтой би 1977 оноос эхлэн ажил төрлийн холбоотой явж ирсэи нэгэн дипломатч билээ.
Энэ удаагийн айлчлалын ганзагын богцоо уншигч олонтой хуваалцахаар шийдлээ.
БАЛБЫН МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗСАН НЬ
Балбад нийтдээ 61 ястан үндэстэн байдгийн 56 нь монгол угсааных гэж надтай уулзсан Балбын 30 гаруй монголчууд мөн тэдний талаар судалгааг хийдэг эрдэмтэд ярив. 1990 оны Балбын Засгийн газрын мэдээгээр Балбын хүн амын 37,2 хувийг монгол гаралтай монголчууд гэж гаргасан удаатай. Түүнийг нь Балбын монголчууд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэдний тооцоолсноор бол монгол хүмүүсийн тоо Балбын хүн амын 42 хувь байгаа аж.
Тэд Хэрэйд, Таманг, Нивас, Гурун, Магар, Нивар, Шерпа, Токали зэрэг Монголын овог аймгаас тасран Балбад ирж суурьшсан болох талаараа уулзалтын үеэр ярьж байв. Тэднийг хэрхэн Балбад ирсэн талаар сонирхоход Түвдийн нутгаар дамжин хэд хэдэн удаа Балбад ирсэн. Түүнээс гадна Энэтхэгийн Зүүн хойт районы нутгаар болон Афганистанаар дамжин Балбын уугуул иргэн мэт болж олон зуун жилийн турш амьдарч байгаа гэнэ.
Балба Улсын хувь заяа Монголтой маш төсөөтэй бөгөөд тэд хойд талаараа БНХАУ-тай өмнөд талаараа БНЭУ-тай хил залгадаг, далайд гарцгүй, Хималайн өндөр уулаар хүрээлэгдсэн орон юм. Аль аль хөрштэйгээ эв зүйгээ олон хамтран амьдрахын төлөө гадаад бодлогодоо удирдлага болгон ажиллаж, эзэн хааныгаа огцруулжээ. Ардчилсан улс болон нээлттэй нийгэмд шилжин ороод удаагүй байна. Улс төрийн амьдралд Балбын хориотой байсан Марксист коммунист нам их нөлөөтэй болж Засгийн эрхэнд орж ирэх хүртлээ хүчтэй болж ирсэн.
Монгол, Балба эрт дээр үеэс хэлхээ холбоотой. Манай жинчид Балбын нийслэл Катманду хотод байдаг Буднат суврагтаа мөргөөд үүрийн таван жингээр тэмээндээ ачаалаад Түвд нутгаар дамжин Монголдоо ирдэг байв. Ийм ч учраас манай хөгшид “Балбын дарханы балбаж хийсэн бас дахин давтаж хийсэн сэлэм, хутга” гэдэг яриа гарчээ.
Балбачууд дэлхийд гурван зүйлээрээ алдаршин гадаадынхны сонирхлыг татаж байна. Юуны өмнө Бурхан багш Балбын Люмбини гэдэг газар анхлан мэндэлсэн учраас тэд Бурхан багшийг төрүүлсэн эх орон гэдгээрээ бахархдаг.
Нөгөөтэйгүүр Хималайн ноён оргил Эвэрст уул Балбын нутагт байрлаж манай уулчид Балбын нутгийн талаас авирч амжилт гаргаж байсан. Бас нэг онцлог нь гэвэл Газар-тэнгэрийг буюу газар дээр байгаа ард түмэнг Бурхан багштай холбож өгдөг КУМАРИ гэдэг амьд гүнж Балбын нийслэл Катманду хотод байдаг болно. Тэр гүнжийг том болоод 12-14 нас хүрэхээр сольдог заншилтай.
БАЛБАЧУУДЫН УРГИЙН БИЧИГ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?
Балбачууд ургийн бичгээ үргэлж хөтөлж ирсэн сайхан заншилтай ард түмэн. Үр хүүхдэдээ чиний удам угсаа Монгол гэж багаас нь зааж өгсөөр өнөөг хүргэж иржээ.
Балбын Вангийн Засгийн газрын үед монголчуудын эрх ашгийг хамгаалдаггүй, үргэлж хар бор ажил хийлгэх бодлого явуулж байсан хэмээн Балбын монголчууд дургүйцэж, энэхүү бодлогыг эсэргүүцэн тэмцэж байсан бол одоо эрх чөлөөтэй болж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж улс төрийн амьдралд идэвхтэй оролцох болжээ. Тухайлбал надтай уулзсан хүмүүсийн дотор Балбын Марксист Коммунист намын улс төрийн Товчооны нэгэн гишүүн хүн байв.
Балбын монголчууд өөрсдийн гарал үүслийн 20 үеийн ургийн бичигтэй хүмүүс байна. Түүнийгээ нандигнан хадгалж үргэлжлүүлэн хөтөлж байна. Тэд “Бид Энэтхэгийн соёл, зан заншилд тууштай орж байгаа. Тиймээс өөрийн соёл, зан заншил, хэлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна” гэж ярьж байв. Ургийн бичгийн сүүлийн 200-250 жилийн удам угсааныхаа нэрийг сонирхоод үзэхэд Хинди нэрс ихээр орж ирсэн талаар тэд онцлон тэмдэглэж, санаа зовж байгаагаа илэрхийлж байв.
БАЛБЫН САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙ- MISS MONGOL OF NEPAL
Намайг Нью Делид Энэтхэг-Монголын судлагдаагүй асуудлын талаар болсон олон улсын хуралд оролцоод дараа нь Хүннү-эртний Энэтхэгийн тухай материал цуглуулж байтал Балбаас захидал ирлээ. Түүнд “Таныг Катмандуд айлчлан ирж 2012 оны Монгол сайхан бүсгүйд шагнал гардуулж өгөхийг урихын зэрэгцээ монголчуудтай уулзахыг нэгэн адил хүсэв” гэжээ.
Балбын сайхан монгол бүсгүй тэмцээн анх 2009 оноос эхэлсэн түүхтэй. Монголчууд өөрсдийгөө хэнээс ч доогуур биш гэдгээ харуулж, гарал үүслээ тодруулж, Балбын Монгол охид улс эх орон болон нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэж чадахаа уралдааны явцад харуулж байв. Анхны тэмцээний үед тэдний үйл ажиллагааг зогсоох хөдөлгөөн гарч, Балба орныг хуваан таслах үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэвлэлд бичиж байсан боловч тэд айсангүй өнөө жил дөрөв дэх удаагийн тэмцээнээ амжилттай сайхан зохион байгуулав.
Монгол сайхан бүсгүй-2012 тэмцээнд Монгол овог аймгаас нийтдээ 66 охид бүртгүүлсэн байв. Тэмцээнд оролцож байгаа охидод хичээл заах эхний үе шатуудыг дуусгахад бүтэн гурван сар зарцуулжээ. Ингэснээрээ Балбын Монгол охидын авьяас чадвар, ухаан, ирээдүйн боломжийг нээж өгөхөд тэмцээний утга учир байгаа талаар над ирүүлсэн урилганд зохион байгуулагч байгууллагаас онцлон тэмдэглэсэн байв.
Намайг зөвхөн сүүлчийн шалгаруулалтын тэмцээний явцтай танилцуулж үзүүлэв. Тэд ястан бүрийнхээ бүжгийг бүжиж, омог бүрийнхээ хувцасны болон эрхэлдэг аж ахуйнхаа онцлогийг харуулсан хөдөлгөөнийг харуулж байв.
Асуулт хариултын тэмцээнд тэд бүгд англиар чөлөөтэй ярьж, хариулж байв. Харин нэгээс хоёр охид Балбаар хариулав. Асуулт англи, балба хэлээр тавьж түүнд дуртай хэлээрээ хариулах боломжийг олгосон байна.
Шүүгч “Танд боломж олдвол Балба нутгаа сонгох уу эсвэл Лонгол Улсыг сонгох уу ?” гэж тэмцээнд оролцсон нэгэн охиноос асуув.
Энэ асуулт их өдөөн хатгасан, улс төрийн чанартай асуулт байв. Гэвч тэр охин маш ухаалаг тайван байж “Тийм ээ, би монгол хүн, миний зүрхэнд монгол цус гүйж байгаа. Өнөөдөр би Балбад амьдарч байгаа иргэний хувьд олон улсын тавцанд Балба орноо төлөөлөн ажиллана” гэсэн хариулт өглөө.
Балбын сайхан бүсгүйн эхний гурван байрнаас гадна, авьяаслаг, олон нийт үзэгчдийн сэтгэлд таалагдсан, хувийн шинж чанараар тэргүүлсэн, тэмцээний дүрэм журмыг хатуу нарийн сахисан, хамгийн сайхан инээмсэглэлтэй, 2012 оны хамгийн сайхан арьстай, оны фото модель, хамгийн сайхан үстэй, тэмцээний үйл ажиллагааг сайн хангаж бүрэн оролцсон охин гэсэн шагналуудыг нэгэн адил олгож аль болох олон охидыг хамруулахыг оролдож байв.
“Мисс Монгол”-д шагнал гардуулах ёслолд оролцож олон хүнд би шагнал гардуулав. Эцэст нь тэдэнд амжилт хүсээд 2011 онд Монгол Улс Хүннү гүрний 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснээ дурдаж “Та нар бол түүний нэгэн хэсэг. 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний УИХ-ын тусгай чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос монголчуудад хандаж хэлсэн үгийг” онцлон тэмдэглэв. Эдгээр үйл ажиллагаанд манай орныг төлөөлөн Балбад ажиллаж байгаа ноён Цэдэн Журмэ болон тэдний хүү идэвхтэй сайн оролцсоныг тэмдэглэхийг энд хүснэм.
Тэмцээний зарим шагналыг манай Монголын төрийн бус байгууллага дааж байвал тэднийг дэмжсэн том үйл ажиллагаа болох юм даа гэсэн бодол төрж байлаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан хүн бол Ашок Пяси Рэй гэдэг залуу. Тэрээр надад ирүүлсэн урилгадаа “Та энэхүү тэмцээнд байлцаж, зарим шагналыг олгосноор манай тэмцээний нэр хүндийг өсгөх болно” гэж тэмдэглэсэн байв.
Намайг энэхүү тэмцээн, уулзалтад оролцоод ирсний дараа тэнд байлцсан хоёр хүнээс захидал ирүүлж монголчуудын төлөө ирээдүйд Тантай хамтран ихийг бүтээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байв.
“МОНГОЛ ЗҮРХ” ХАМТЛАГ
Балбын монголчуудын бас нэгэн бахархан гайхуулдаг зүйл бол “Монгол зүрх буюу-Mongolian Heart” гэдэг хамтлаг юм. Энэ хамтлаг Катмандуд их нэртэй бөгөөд тоглолтын билетийг олоход хүнд байдаг талаар нэгэн оюутан ярьж байсан. Тэд Балбадаа нэртэй төдийгүй гадаадад бас нэртэй гэнэ. Намайг Катмандуд байх үеэр гадаадад тоглолтоор явсан байв.
Тэдний хийсэн цомгуудын гол дуунууд нь монгол үндэстэн ястнаа дурсан санасан, өвөг дээдсээ магтан дуулсан агуулгатай гэнэ лээ.
Тийм ч учраас Балбын монгол залуучуудын дунд маш ихэд нэрд гарч алдаршиж байгаа хамтлаг гэнэ. Энэ хамтлаг Монголд ирж тоглох өдөр удахгүй ирнэ биз ээ.
МОНГОЛЧУУДЫН ДУУ ХООЛОЙ СЭТГҮҮЛ- MONGOLIAN VOICE
Балбын монголчууд өөрсдийн цуу хоолой- “Mongolian voice” гэсэн сэтгүүлийг нэгэн адил гаргаж түүндээ өөрсдийн үйл амьдрал, тэмцээнийхээ талаар нийтэлдэг. Уг сэтгүүлд манайхан өгүүлэл өгвөл хэвлэн гаргах бүрэн боломжтой гэж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
Балбын Вант улсад 1999-2002 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан О.НЯМДАВАА
URL: