Цагаан сараа зүхээд
Монгол түмний их баяр цагаан сар болоход цөөн хоног үлдээд байна. Монгол гэлтгүй Азийн бараг ихэхи улс энэ баярыг тэмдэглэдэг. Бүгд л гэр бүл хамаатан саднаараа цуглаад улирч буй жилийг дүгнэж, ирж буй жилийг сайн сайханыг билэгдэн угтан авдаг.
Харин энэхүү баярыг болохын өмнөх байдал тун таагүй. Бүгд л цагаан сар гэж нэг ядаргаа, жилийн цалингаа хэдэн өдөр идэж ууна, ууц тавина тавихгүй гэх мэтээр өөлж дургүйцэж өгнө.
Харин цагаан сарын шинийн нэгийн өглөө бүгд л сайн сайхан байлаа гэж худлаа ярьж хоёр нүүр гаргана. Үгүй яахав амны билгээс ашдын билэг гэдэг болохоор л тэр биз.
Гол асуудал нь бүгдээрээ Монгол түмний их баяр цагаан сараа уламжлал болгон сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг болмоор байна. Яг наадам шиг. Хэн ч тэгж дургүйцэж илүү дутуу муу юм ярьдаггүй шүү дээ. Наадамаар сайхан гэр бүлээрээ, хамт олноороо наамдын талбай хэсээд хуушуур идээд сайхан байдаг шүү дээ. Түүн шиг цагаан сараа бүгдээрээ нэг их нэрмээс, ядаргаа мэтээр ярьж, харааж зүхэхээ болцгооё.
Ууц тавих нь тавина л биз. Бэлэг өгөх нь өгнө л биз. Байдгаа барах нь барна л биз. Тэглээ гээд энэ нь тухай гэр бүлийн л асуудал. Баяртаа бэлдэж байгаа сэтгэл хүлээлт энэ бүгдийг нь огоорч илүү дутуу юм ярихаа болцгооё.
Сайхан баяр шүү дээ. Цаг завгүй хүмүүс уулзалдаж, ахмад настнаа хүндэлж мэндийг нь мэдэж, цай цүү, бэлэг сэлт болоод л. Энэ чинь Монгол түмний их баяр цагаан сар шүү дээ. Амны билгээс ашдын билгээ сайхан баяртаа бэлдээд сайхан баярлацгаагаарай.
URL: