Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе

Монголынхоо тэнгэр заяат нийт ээжүүд болон охид бүсгүйчүүддээ Цогц Харилцаа Төв ТББ -н хамт олны зүгээс баярын мэнд дэвшүүлж байна.  /түүх/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг.

1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ.

1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.
1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний өдөр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд “эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. Үүнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байлаа.

Сонирхуулахад
Энэ өдрийг сонгох хувь тохиол Клара Цеткинд оногддог ч үүнтэй нэгэн адил Эсфирийн тухай домог ч бас яригддаг ажээ. Олон зууны өмнө Эсфирь гэгч бүсгүй ард түмнээ дарлан зовоогч эзэрхэг мангасаас аварчээ. Иймээс түүнд зориулан жил бүр еврейн ард түмэн (Клара Цеткинийг еврей байсан гэсэн сурвалж байдаг) Пурим хэмээх хамгийн хөгжилтэй баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ баяр нь өвлийн адаг хаврын эхэн сард болдог ажээ. Магадгүй олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болсон тэр өдөр буюу 3-р сарын 8-нд Пуримын баярыг тэмдэглэж байсан ч байж болох юм. Хэдийгээр Еврейн Пуримын баяр нь үнэн алдартны Пасхи буюу улаан өндөгний баяртай бараг давхцдаг ч өдөр нь зөрдөг байв. Пуримын баяр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч шашны баяр биш байжээ. Магадгүй үүгээрээ ч 3-р сарын 8-ны баяртай утга дүйх болсон байх.

Мартын найман чи марксист Клара Цеткинд өрөө төлөөч

Харин орчлонгийн сайхан бүсгүйчүүддээ дундуур дүүрэн жаргалыг хамгийн гол нь эрүүл энхийг хүсэн ерөөе. Жаргал бялхсан хүн дунд нь хэт автчихаараа буг ч биш, бурхан ч биш болдог. Тиймээс жаргалыг амсч, зовлонг эдэлж яваарай гэж ардын дуунд хүртэл өгүүлдэг билээ. Бие эрүүл, ухаан саруул байхад юуг ч бүтээж, юунд ч хүрч болно шүү дээ. Нэгэн биений минь нөгөө тал, нэгэн улсын нөгөө тулгуур багана болсон бүсгүй та, улсын хэрэгт оролцохдоо ч,  ууж идэхээ бэлдэн гал тогоондоо суухдаа ч эрчүүд биднийхээ биеийг давхар бодож гамнахад гэмгүй шүү. Гэрийн эзэн гэж нөхөртөө өөхтэй тостой дээжийг нь өгч ходоодыг нь муутгаад, өөртөө яаг таарсан шимтэйг нь битгий үлдээж байгаарай. Энэ  муу ч яахав эр юм чинь болж таараа гэж галаа манаж, удмаа залгуулах хөвгүүдээ гаргуунд нь битгий орхиорой. Манайд бүсгүйчүүд та нарын оролцоогүйгээр бүтэж  боссон юм цөөхөн  ч гэсэн бас эрчүүд байхгүй бол яахыг “ Тангуд улс мөхөөгүй шүү” гэдэгтэй адил санаж, сануулж яваарай даа.  Гэхдээ л бид чинь эр эмгүй нийлээд энд тэндэхийн баярыг ёс юм шиг тэмдэглээд л нэг л биш байна шүү.

Манай  улс баяр, амралт хоёроор бялхсан бас бялуурсан Монгол болчихож. Жилийн 366 хоногийн 112 өдөрт нь хагас, бүтэн сайн бас элдэв тэмдэглэлт баярууд  тохиодогоос болоод  254 өдөр л ажилладаг болж.  Бүгд тийм биш ч гэсэн энэ ер нь нийтлэг дүр зураг маань шүү.  Цагаан сар дуусав уу үгүй юу март залгана. Тэгээд цэргийн баяр.  Инээснээ бас хүн хуурч дургүйг нь хүргэснээ хүртэл баяр болгон тэмдэглэдэг хэнээтэй улс даа бид нар. Харин эмэгтэйчүүд та нар жилдээ хоёр удаа баяраа тэмдэглээд авдаг зайтай хүмүүс. Атаархаагүй ч гэсэн ингэж баярласнаараа бид юу хожив юунд хүрч, юуг бас алдсан бол…?

Өнгөрсөн долоо хоногийн дундаас л энд тэндгүй найгасан хүүхнүүд бас эрчүүд эх дэлхийнхээ эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглээд эхэллээ. Өнөө маргааш гээд хоёр  өдрийн турш нийслэлийн төдийгүй 21 аймаг, 365 сум суурингийн хүнсний дэлгүүр, бар, ресторан, пабууд суух суудалгүй болтолоо дүүрнэ. Ууж, идэж гоёж, гангалж улсдаа орлого оруулж байгаа гэхээсээ илүү хувийн компаниудын хуримтлалыг зузаатгаж байна даа. Сарын  татварын тайлангаа гаргаж татварт мөнгө тушаах хүртэл зай ч байна бас лай ч байна даа. Тэгээд цэргийн баяр залгана гэж байгаа. Ингэж л  цагаан сараар үүцээ задлаж, дараачийн хоёр баяраар нь архин далайд эр, эмгүй живдэг баярсаг ард түмэн дээ бид нар.

Харин бүсгүйчүүд   минь Ц.Элбэгдорж шиг сүү өргөж “марзаганах”-ын оронд нийтийг хамарсан нэг юм хийгээч гэж хүсэх гэсэн юм. Төрийн тэргүүнээ архи биш сүү ууж баярлая гэж уриалаад үгнийх нь эрч сулраагүй байхад “ хөлчүү ” зөвлөх нь хүн дайраад нухчихдагаас хойш хатуу юмнаас татгалз гэж өвчигнөөд яахав. Тэрний оронд тааруулж уу. Тэгэхдээ бас нэг юмыг санаж уугаарай.

1909 оны 2-р сарын 28-нд  архийг тас хорьсон хуурай хуулинд “ дарлагдаж ” байсан Америкийн хотуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах анхны өдрийг тэмдэглэж жагссан юм билээ. Баяр тэмдэглэж байгаа хүмүүс хоолойгоо бас норгоод авахаа мартаагүйг зарим нэг кинонд харуулдаг л юм.  Яг нэг жилийн дараа  Копенгагенд болсон олон улсын зөвлөгөөн дээр Германы социалист хөдөлгөөний гишүүн Клара Цеткин гэгч эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсныг тэмдэглэдэг дэлхийн өдөртэй болох санал дэвшүүлсэн байдаг. Социалист үзэлтэй улстөрч ч байсан болохоос биш аймшгийн коммунист  байгаагүй юм билээ. Гэхдээ л Марксист  байжээ.  Хөрөнгөтнүүд биш хөөрхий бор л тааруудад бас хүнд бэрхээр дарлагдсан бүсгүйчүүдэд бүхнийг зориулах ёстой гээд хашгирдаг хүүхэнд хөрөнгөний эзэд яаж л дуртай байхав. Тиймээс Клараг барьж хорьж л дээ. Сүйхээчилж байгаад Парис руу зугатааж, Оросын хувьсгалч  Оссип Цеткинтэй учирсан байдаг. Бүр Цеткин нэрийг нь авсан болохоор тэдний харьцааны тухай олон таван юм бичилтгүй танд ойлгогдоно.  Харин эмэгтэйчүүдэд олон эрхийг нь эдлүүлэхийн төлөө тууштай тэмцснээрээ, бас большевик Ленинд хөөрхий  бүсгүйчүүдийг хөгжлийн замд нь залах арга зааж нэмэр тус болсноороо ихэд алдаршсан юм. Сайн ханьтай мөртлөө сайхнаас нүд буруулж яваагүй Володя ч бас өгөө, аваатай эрийн хуйх байж шүү зайлуул гэж.

1910 оны 8-р сарын 27-нд Копенгагенд болсон олон улсын социалист эмэгтэйчүүдийн 2-р их хурал дээр Клара Цеткин намынхаа эрчүүдтэй сөргөлдөн байж олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тунхаглан зарласан юм. Дараа жилийнх нь 3-р сарын 11-ээс эхлэн тэмдэглэх байсан боловч юм юмнаас болоод хойшлочихжээ. Тэрнийг ярьвал урт түүх болно.

Бүр сүүлд буюу 1921 оны 3-р сарын 8-нд л анх тэмдэглэсэн байдаг юм. Харин Эмэгтэйчүүдэд эрхийг нь эдлүүлэх олон улсын өдөр болгоё гэж зарласан нь 1910 оны 8-р сарын 27 шүү. Тэрнээс хойш  1911 онд баруун Европод, 1913 онд Петербургэд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлмээр аяджээ. Харин дэлхий нийтээрээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг  тунхаглан зарласан тэр өдрийг эндүүрч тэмдэглэдэг болсон нь 3-р сарын 8.  Тиймээс манай дэлхийн шар, хар, улаан, цагаан гэлтгүй Мартын найман чамайг мартахааргүй болтол нь мандуулж, мөнхжүүллээ.  Бас олон ч хундага өргөж, дуу шүлгэнд орууллаа.

Харин Мартын найман чи марксист Клара Цеткинд өрөө төлөөч.  Монголын байтугай дэлхийн сарангуа бүсгүйчүүд минь  та нар түүхт төрийнхөө ноён нуруу, түших гэрийнхээ  хос багана эрчүүдээ хүндэлж сайхан баярлаарай. Бас байнга л амарч, баярлах дуртай  Монголыг биш байгуулж, бүтээдэг бас хөгжиж чадсан Монголын төлөө үсээ тайрсан ч хамаагүй хамтдаа зүтгэсэн шиг зүтгээрэй. Үс урт богино байтугай ямар ч өнгөтэй байсан хамаагүй юм байн лээ ш дээ. Хэзээ ч хүний ухаан, хайр хоёрыг урт, богино үс гүйцдэггүй гэдэгт  итгэж яваарай.


URL:

Сэтгэгдэл бичих