Монголчууд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хэр хамгаалдаг вэ?
Энэ өдрийг монголчууд бид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах өдөр хэмээн нэршиж, тэмдэглэж ирсэн билээ. Гэтэл бодит байдал дээр ээж, эгч, найз, охин дүү нарынхаа эрх хэрхэн зөрчигдөж байгааг мэддэг бил үү? Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн маш олон гэмт хэрэг гарчээ. Эдгээрээс хамгийн хүндээр хохироосон 10 хэргийг жишээ татан түүвэрлэлээ. Баярын өдөр хэдий ч нөгөө талаас эрхээ хамгаалах, хамгаалуулах өдөр гэдгийг бүү мартаасай гэсэндээ үүнийг бэлтгэлээ. Энд багтсан шиг аймшигт хэрэг дахин давтагдахгүй байгаасай.
1. Одоогоос таван жилийн өмнө Н.Мөнх-Оргил гэгч нь Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, хэргийн мөрөө баллахын тулд охиныг мөчлөн амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байв.
2. 2008 оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай Ж.Хэрлэнчимэг гэгч нь 14 настай Б-г өөрийн найз залуутай хардаж, өмсөж явсан даашинзных нь бүсээр боомилж, амь насаар нь хохироогоод хогийн цэг дээр хаясан байжээ. Түүний дараа “Би чамд хайртайгаа нотлох гэж энэ охиныг алсан” хэмээн орилсон гэж мэдүүлсэн байна.
3. 2009 онд П.Сумьяажав нь найз Д.Бямбадоржтойгоо нийлэн шунахайрч Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байдаг танилынхаа гэрээс хулгай хийхдээ таван настай жаахан охин Н-ийг онц хэрцгийгээр аминд нь хүрчээ. Охины хоолойг хэрчсэний дараа 12 настай эгч О-г нь хүчиндээд мөн адил аргаар хоолойг нь хэрчин зэрэмдэглэсэн аймшигт хэрэг гарч байлаа.
4. 2009 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Н.Алтайбаатар эхнэрээ эзгүйд төрсөн охин 19 настай А-г хүчирхийлж, зүй бусаар дур хүслээ хангасан байдаг.
5. 2010 онд эгч дүүс болох Н.Атартуяа, Н.Атархишиг түүний нөхөр С.Энхжаргал нар нутаг нэгт 16-17 настай зургаан охиныг БНХАУ-ын Эрээн хотын Монгол хоолны газарт зөөгчөөр ажиллуулна гэж БНХАУ-д худалдсан хэрэг гарчээ.
6. 2011 оны дөрөвдүгээр сард Багануур дүүргийн иргэн Г.Мэндбаяр, Д.Батцэцэг гэгч гэр бүлийн хоёр 16 настай охиныг хүнд хэлбэл ална хэмээн сүрдүүлж, биеийг нь үнэлүүлж мөнгө олдог байжээ. Мөн Г.Мэндбаяр нь эхнэрийнхээ дэргэд охиныг хүчирхийлэн бэлгийн дур хүслээ хангасан гэдгийг тогтоосон.
7. 2011 оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн иргэн 16 настай Э.Ууганбаяр, Ч.Ганжаргал нар машин унахын тулд 20 настай эмэгтэйтэй танилцаж, зэлүүд газар амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатаажээ.
8. 2011 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Цэмбэлийн задгайд оршин суудаг 68 настай эмэгтэй Г-г түүний төрсөн хүү 45 настай эрэгтэй О архины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар зоджээ. Эх нь зодуур даалгүй амь тавихад цогцсыг нь шатаасан байна.
9. 2011 оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 настай иргэн С дагавар охин болох 22 настай эмэгтэй Ц-г унтаж байхад хүчирхийлжээ.
10. Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор өртөөний Цагаан толгой гэх газарт 19 настай эмэгтэй Н-ийг Налайх дүүргийн долдугаар хорооны иргэн, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд сурдаг 17 настай С, 20 настай Б нар хүчиндэж амь насыг нь хөнөөгөөд, цогцсыг нь зөөвөрлөн цасанд булсан байна.
Б.Чимэг
URL: