Дотоодын луйварчдаа яая гэж байхад гадны луйварчид юу вэ

Монголд залилан хийх олон арга байна. Гол нь салбараа л олж харах хэрэгтэй. Хадгаламж зээлийн хоршоо, сүлжээний бизнес гээд мөнгө олох зөндөө арга байна.

Гэхдээ энэ бол хуваах хүн олонтой, ашиг багатай салбар, тэгээд ч хүмүүс луйвардуулж байна гэдгээ мэдээд цэрвээд байдаг болсон шүү дээ. Гэтэл сүүлийн үед тултираа хэлтэй сэргэлэн залуу гарч ирээд хөөрхөн юм хийгээд эхэллээ цаана чинь. Тэрбээр “Зөн билгийн академи” ТББ байгуулаад баахан үздэг хардаг гэж өөртөө итгэчихсэн нөхдүүдэд зар тараагаад бүртгэж аваад нэвтрүүлэг хийдэг юм байна. Тэгээд ялагчид нь гарын таван хуруутай цом, өргөмжлөл өгөөд л гүйцээ. Энэ мэтээр хэд хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгээд олон нийтэд хүргэсэн байгаа юм.

Тэгээд болоогүй ээ, сүүлийнхээ нэвтрүүлгийн ялагчийг шалгаруулах шоундаа Оросоос хоёр “түнш”-ээ урьжээ. Мехди Ибрагим Вафа, Нонна Хидирян гэдэг хоёр хүн бол Оростоо “Алдартай зөн билэгтэн” гэдэг цолтой юм байх. Үүнийг нь мэдсэн манайхан ч тасалбарыг нь дугаарлаж аваад үзсэн гэнэ. Бас хэдэн хүнээс илүү мөнгө аваад нөгөө хоёр оростойгоо уулзуулжээ. Энэ бол бас л сайхан санаа. Н.Өнөрбаяр гэж тэр залууд бас л толгой байна шүү. Элэг нэгтэй ахан дүүсээ инээж байгаад сайхан даапаалж чадаж байна. Ингээд харахаар Монголд санаа л байвал хүн хулхидаж мөнгө олох арга байж л байгаа биз дээ.

Тэр үеэр бас цагаа мэдэрсэн хэдэн хүн хэвийн боов хийж зарсан байна лээ. “Мехдигийн шившсэн аз жаргалын боов” гээд зарсан юм гэсэн. Ер нь хүний оюун санаа дээр тоглосон иймэрхүү юмыг мэддэг байж итгэдэг монголчуудыг яамаар ч юм бэ дээ, толгой дараалан загналтай биш. Элэг нэгтэй олон, түмнийхээ итгэлээр наадаж буй тэр академийг ч яалтай. Дотоодын луйварчдаа яая, гэж байхад гадны луйварчид бидний оюун санаанд өнгөт хувьсгал хийж эхэллээ.

Б.Энхмөнх


URL:

Сэтгэгдэл бичих