Ноён доллар дахиад галзуурах нь, Л.Пүрэвдоржийг яах вэ
Саяхан даа, долларын ханшийн өсөлт шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмэгдүүлж, тэртэй тэргүй эдийн засгийн хувьд туйлдсан Монголын ард түмний амьжиргааг дахин сулруулсан. Одоо ч юмны үнэ өссөөр байна. Сүүлийн үед валютын ханш дахин чангарч эхлэх төлөвтэй боллоо. Шал танихгүй, шол хийх мэдлэггүй хэн нэгэн цагаан захтны халтар хултар ажлын балгаар ингэж суурь үнэ ганхсаар, Монголын эдийн засаг улам бүр туйлдсаар байна. Нэгдүгээр сарын 20-ны өдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо вальютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн эсрэг 50 мянган гишүүд, дэмжигчдийн хамт жагсаал зохион байгууллаа. Эрх биш ард түмний төлөө гээд тангараг өргөсний хувьд төр энэ асуудалд анхаарлаа хандуулж, гэмтнийг шүүж, зөвийг тодруулахаар болсон. Засгийн газар чамгүй оролдлого гаргаж, УИХ-д асуудлыг тавьсны хүчинд Монгол банк сая арга хэмжээ авч долларын ханшийг бага ч гэсэн буулгасан. Гэвч нэгэнт хөөрөгдсөн үнийн өсөлт хэвэндээ үлдэж, одоо дахин дэвэрч эхэллээ. Энэ нь мөн л ноён доллартай холбоотой хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна.
Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг гарган шатахууны үнийн өсөлт чухам юунаас болсон тал дээр дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахаас өмнө тус байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол банк, МӨХТГ, ГТГ, Сангийн яам, нефт импортлогч компаниуд, МҮЭ зэрэг байгууллагын төлөөллүүдийг оролцуулан хурал хийсэн юм. Гэтэл хурлын үеэр Монгол банкнаас ямар ч хамааралгүй гэсэн тайлбарыг төв банкны эрхтэн дархтнууд өгч байв. Тэгээд ч зогсохгүй Монгол банкнаас гаргасан дүгнэлтэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулралт нь нефтийн бүтээгдэхүүний борлуулалтын үнийг нэмэх үндсэн шалтгаан биш гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед нефть импортлогч компаниуд, нэгдүгээр сарын 6-ны өдөр ам.долларын ханш сүүлийн 3-4 сар тогтмол 100 орчим төгрөгөөр чангарсан учраас нэг литр шатахууны үнийг 200-300 төгрөгөөр нэмэх болсон дүгнэлтээ ШӨХТГ гаргачихсан байж.
Өөрөөр хэлбэл, Монгол банкны 2011 оны есдүгээр сарын дундаж ханш нэг ам.доллар 1260 төгрөг байсан бол 10 дугаар сард 1292 төгрөг, 11 дүгээр сард 1323 төгрөг, 12 дугаар сард 1374 төгрөг болж тус тус өсчээ. Тэгээд ч нефть импортлогч компаниуд бол нэгдүгээрт, бизнесийн байгууллага, хоёрдугаарт, ам.доллараар гүйлгээ хийдэг, гуравдугаарт, манайд шатахууныг хямд үнээр нөөцлөх боломж хомс байдаг. Дайран дээр нь давс нэмсэн энэ үед нефть импортлогчид Монгол банкны нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханш энэ оны нэгдүгээр сарын 7-нд 1475 төгрөг болсныг ашиглан үнээ гэнэт өсгөсөн нь хөдөлшгүй үнэн. Хаана хаанаа буруутай энэ явдалд хамгийн гол нь Монгол банк хяналтаа ч тавиагүй, хариуцлагаа ч үүрээгүй. Өмнө нь иймэрхүү тохиолдолд Монгол банк хөнгөхөн аваад гарчихаж байжээ. Тиймээс шатахууны үнийн өсөлтийн хамгийн гол буруутан бол Монгол банк, дайн дээр дажин нэмсэн нефтийн компаниуд гэдгийг эх сурвалжууд нотолсоор байсан. Харин цаг зуурын Пи Ар-ын хүчинд энэ “хэрэг” ингэсгээд замхарна гэж Төв банкны “том” ноён тооцсон бололтой. Амьдрал тийм биш шүү дээ.
Хүн амласан, хэлсэндээ хүрдэг байх ёстой. Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж валютын ханшийг дахин өсгөхгүй гээд байсан биш үү. Тэгвэл Найман шарга захын ханшийн мэдээгээр хоёрдугаар сарын 25-нд 1330 төгрөгөөр аваад 1335 төгрөгөөр борлуулж байсан долларын ханш аравхан хоногийн дотор 10-12 төгрөгөөр өсчихөөд байна. Гуравдугаар сарын 6-ны байдлаар Найман шарга зах дээр ам.долларыг 1342 төгрөгөөр аваад 1345 төгрөгөөр борлуулж байна. Цаашдаа ч өснө гэж ченжүүд доллараа нөөцлөөд эхэлжээ. Уг нь УИХ дахь АН-ын бүлэг Монгол банк, түүний хариуцлагагүй удирдлагын буруу үйл ажиллагаа, зах зээлийн мэдрэмжгүй, зохион байгуулалтгүйгээс болж иргэдийн нуруун дээр ийм хэмжээний ачаа үүрүүлэхэд хүрлээ гэж үзээд тус банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж тэргүүтнийг албан үүргээс нь чөлөөлөх тухай саналыг хүргүүлээд байсан. Гэвч МАН-АН-гийн Засгийн газар салж, сайд даргын халаа сэлгээ ид өрнөж байсан үе тул үнээ нэм гэж үүрэгдсэн шалтгаанаар угаасаа сайдын суудлаас ховхорч байсан ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсанд хоёр сум зоогоод өнгөрсөн.
Одоо хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж мөнгөний бодлогыг мөрөөдлийн аргаараа бариад л, ноён долларыг дахиад л хаданд гаргаад сууж байна. Тэр мөрөөдлийн арга нь инфляцийг эцэст нь тулгаж, эдийн засгийг мөхөлд хүргэх, мэдээжийн хэрэг МАН-ын төлөө Монголыг залгихад бэлэн нэг тийм хүний хүн шиг хүрэн бөөртэй эд. Худалдааны яамны нэгдүгээр орлогч, Татварын ерөнхий газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга гээд даргаас салаагүй Л.Пүрэвдоржийн карьерийн дардан зам зүгээр нэг зүтгэлээр бас бий болчихоогүйг нь мэдэх нэг нь хэлдэг юм билээ. 2009 оны нэгдүгээр сарын 8-наас хойш Монголбанкны захирлаар томилогдож ажиллаж буй нэгэн. Түүнийг УИХ томилсон. УИХ-ын шийдвэр олонх дээрээ тулгуурлан гардаг. Гаргасан шийдвэрийн ихэнх нь өнгөрсөн хугацаанд МАН-ынх байсныг гараа өргөсөн гишүүдийн гуншингаас харчихаж болох байх. Энд ингэж хэлэхийн учир нь мань нөхөр МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Энэ утгаар нь харвал тэрээр багахан хэмжээний туршлагатай парламентчаас биш, банк санхүүг хянах үндэсний хэмжээний банкир биш гэдэг нь дэндүү ойлгомжтой. Тиймээс түүнд Монгол банкийг авч явахаасаа илүүтэй Монголын төрд шургалах нь сонин. Энэ сонирхлоо ч нууж байгаагүй. Худалдааны мэргэжилтэй болохоороо ч тэр үү, өнгөрсөн онд банкийг худалдааны байгууллагатай хольж хутган банкуудыг нэгтгэх тухай ярьж явсныг өнөөдөр хэн ч мартаагүй. Вальютын нийлүүлэлтийг нэмэхийн оронд гадны томоохон банкуудыг эх орондоо оруулж, мөнгөний бодлогыг гадны гарт өгчихмөөр агуулгатай үгсийг нэг бус удаа унагаж л байсан. Сонирхол давамгайлсан даргад суудал олдохын цагт доллар даам гарч, төгрөг буланд шахагддагийг бид биеэрээ амслаа. Тэгснийх нь төлөөсийг татвараар зохицуулж, түүнийх нь хариуцлагыг монголчууд үүрчихлээ.
Харин Л.Пүрэвдоржийг томоохон “Пи Ар” компани, тэгээд нам нь цээжээрээ хамгаалаад чимээгүй суудалд нь суулгачихсан. Горыг нь хаврын гурван сар мөнгө цагаан, нүд улаан үеэр амсаад элгээрээ мөлхөх нь дээ, бид. Харин өнгөрсөн сард нүүрлэсэн ханшийн өсөлтийг түрүү оныхоо алдагдлыг нөхөхөөр Монгол банкнаас явуулсан бодлого гэх тайлбар гараад байгааг анзааралгүй өнгөрчихөж боломгүй. Монгол банк гэхээр явж явж Л.Пүрэвдорж дээр л энэ бүхэн унана. Монгол хүн байна муугаар бодоод яахав. МАН байгаа цагт суудал тань өнцөгдөхгүй нь бололтой. Гэхдээ чадваргүй байж болно, зүтгэлтэй ажиллаж болохгүй гэж үү Л.Пүрэвдорж ерөнхийлөгч өө.
Б.ЧИНБАТ
URL: