Хар-Ус нуурын шагшуурга Засаг дарга Г.Нямдаваагийн наймаанд гаслах уу
Хар-Ус нуурын хөвөөгөөр давхихад усны шувууд дэрхийн нисэлдэж, үдийн наран хөнгөн мандал дээгүүр нь өнхөрч үзэгддэгсэн. Хүний болоод амьтны үрсийн сэтгэлийг хөдөлгөх ид шидийн увдистай Хар-Ус нуур ховдчуудын бахархал билээ. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа энэ нуурын хөвөөнд төрөөгүй юм шиг, загас жараахайг нь гадныхантай нийлэн алж хядах гэрээ хийсэн тухай сураг дуулдав. Энэ талаар тодруулахаар Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваатай холбогдлоо.
-Та БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Цонж аймгийн Ли ди Ван гэдэг компанитай гэрэлтүүлгийн гэрээ хийсэн юм байна. Тэгэхдээ ажлын хөлсөнд нь Хар-Ус нуураас 250 тонн загас барьж өгөхөөр тохирсон юм уу?
-Сонгууль ойртоод байгаа болоод тэр үү гүтгэлэг дайралтууд гаарч эхэллээ. Хар-Ус нуураас загасыг зарах нь бүү хэл барих ч эрх бидэнд байхгүй. Ямар балай нь тэгж хуцаад байна. Дандаа хүн гүтгэж бичиж байх юм.
-Тэр гэрээн дээр ажлын төлбөр тооцоог загасаар хийнэ гээд биччихсэн байна шүү?
-Ажил гүйцэтгэх гэрээнд загас гэсэн үг байхгүй байгаа биз дээ. Манай аймгаас нэг ч тонн загас хилээр гараагүй.
-Аймгийн 80 жилийн ойгоор хийгдэх гэрэлтүүлгийн хөлсөнд загас өгнө гэсэн гэрээ байна шүү.
-Тийм гэрээ хийх нь хийсэн. Гэхдээ БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Увс аймгийн Хяргас, Ачит нуураас загас барих л ажил байсан юм. Манай аймгийн нутагт Хар- Ус нуур байдаг учраас тэгж гүтгээд байгаа хэрэг.
-Танай аймагт загас барих зөвшөөрөл байгаа юм уу?
-Байхгүй гэлээ.
Засаг дарга Г.Нямдаваа хятадуудтай гэрээ хийсэн гэдгээ хүлээсэн хэдий ч загасаар төлбөр тооцоо хийх яриа хийгээгүй хэмээн улайн цайм мэлзэж байсан юм. Харин тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь салбарын ажилтан “Ховд хотын 11 км явган хүний болон авто замын 247 ширхэг гэрэлтүүлгийн шон, шугам барих, угсрахад хоёр сая зургаан мянган юань, цагийн тохиргоотой дөрвөн ширхэг трансформаторын үнэ болох 30 мянган юанийн хөлсөнд Хар-Ус нуурын шар загас өгөхөөр хятадуудтай гэрээ хийсэн байсан. Энэ гэрээ алдаатай байсан учраас ИТХ-ын зарим төлөөлөгчид эсэргүүцсэн юм билээ. Яаж ч бодсон тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газраас 250 тонн загас барина гэж гэрээ хийсэн юм бол” гэлээ.
Ямар ч байсан гэрээ хийгдсэн юм байна. Тэгэхдээ Хар-Ус нуураас 250 тонн загас барьж хятадуудад кг-ыг нь 900 төгрөгөөр өгөхөөр тохирсон байна. Энэ нь зах зээлийн үнээс нэг дахин бага юм. Энэ жил Ховд аймгийн 80 жилийн ой болж олон зуун сая төгрөг зарлагадсан. Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Ховд хотын төвөө гоё сайхан болгосон талаар хэвлэлүүдэд мөн ч их бичүүлсэн. Тэр гоё сайхны цаана Хар-Ус нуураа цөлмүүлэх далд тохироо явагдаж байсан байх юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын загасны нөөц багасч байгаа учраас ашиглах хэмжээг жил ирэх тусам буурч байгаа аж. БОАЖЯ-наас 2010 онд 100, 2011 онд 80, 2012 онд 65 тонн загас барихаар болсон гэнэ. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа яаж бодохоороо 250 тонн загас Хар-Ус нуураас барина гэж бодоо вэ. Тэрээр “Хар-Ус нуураас нэг ч тонн загас бариагүй” гэсэн. Гэтэл Ярантын боомтоор загас гаргаж байгаад баригдсан гэх мэдээлэл тасрахгүй байгаа юм. Мөн тус нууранд хийсэн нэг удаагийн шалгалтаар хятадуудын тавьсан 184 тор хураагдсан гэх мэдээлэл ч байна. БОАЖЯ-наас энэ жил Ачит нуураас таван тонн загас л барих зөвшөөрөл байгаа аж.
Хулгайн загасчид нуур цөөрмүүдийг цөлмөж байгаа талаар Мэргэжлийн анчдын холбооны гүйцэтгэх захирал Х.Бадамтай ярилцлаа.
-Загасны нөөц багасч байгаа гэдэг үнэн үү?
-Монгол Улсын гол нуурын загасны нөөц баруун таван аймагт л байдаг. Жил ирэх тусам нөөц багасч зарим нууранд загас байхгүй болсон шүү дээ. Ийм байсаар байтал Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа замын гэрэлтүүлэг тавихын тулд 250 тонн загас өгөхөөр гэрээ хийсэн нь харамсалтай. БНХАУ-д нэг кг загас 20 юаниар зарагддаг юм. Үүнээс гадна загасны нөөц ашигласны төлбөрт нэг кг загас тутамд 1000 төгрөг төсөвт тушаах шаардлагатай. Гэтэл тэр гэрээнд нь энэ талаар тусгагдаагүй.
-Ховдын Засаг дарга Г.Нямдаваа Хар-Ус нуураас биш өөр газраас хятадуудад загас барьж байсан гэх юм.
-Ховд аймагт Хар-Ус нуураас өөр газар их хэмжээний загас байхгүй.
-Загасны наймаа ашигтай бизнест орох уу?
-Тэгэлгүй яахав. Баруун аймгуудаас барьсан загасыг 3000 гаруй км замыг туулан Дорнод аймгийн Хавиргын боомтоор Хятад улс руу гаргаж байна. Шар загасыг машин дээрээс нь аваад дуусдаг гэж сонссон.
-Байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд Хар-Ус нуураас загас барих гэрээг эсэргүүцсэн юм биш үү?
-2012 оны нэгдүгээр сарын 5-нд “Тогтвортой хөгжил байгаль орчны засаглал” сэдэвт Үндэсний чуулган болсон. Энэ чуулганд Ховд аймгаас 29 төлөөлөгч оролцохдоо “Засаг дарга Г.Нямдаваа хятадуудтай хууль бус гэрээ байгуулж Хар-Ус нуурын загасыг хядах гэж байгаа талаар нэг ч үг хэлээгүй. Байгаль хамгаалах үүрэгтэй төрийн бус байгууллагууд улстөрчдийн гараар хөдөлж байгааг илтгэсэн явдал боллоо.
-Тэр гэрээ хүчингүй болсон сурагтай.
-Тийм гэж сонслоо. Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Хар-Ус нуураа ашиг сонирхлын нүдээр харж байгаа нь аймшигтай. 250 тонн загасыг Хар-Ус, Дөргөн, Хар нуурыг л цөлмөн дуусгах байсан болов уу. Улсын хэмжээнд барихаар төлөвлөсөн загаснаас дөрөв дахин их байгаа юм. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Хар ус нуур” шүлэгт
Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ.
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торох бараагүй
Нуурийн ус цэнхэртэнэ.
Нутгийн уулс чимээгүй
Өнгөн дээрээ нь сүүдэртэнэ гэж шүлэглэсэн байдаг. Гэтэл Засаг дарга Г.Нямдаваагийн хятадуудтай хийсэн наймаанд Хар-Ус нуурын шагшуурга гасалж, эрдэнэс болсон загас жараахай нь цөлмүүлэн амьгүй ус нь хүүгээ алдсан эхийн харц шиг гөлийх.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: