Цагаан будаа тансаг хэрэглээ болов
Өнгөрсөн жил цагаан будааны 55.7 хувийг Япон улсаас, 29.3 хувийг БНХАУ-аас, 8.5 хувийг ОХУ-аас импортолжээ.
Монголчуудын гол хэрэглээ болсон будааны үнэ өссөөр байна. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар зохицуулагддаг цагаан будааны үнэ өнөөдөр 2000 төгрөгт хүрчээ. Энэ бол 100-200 төгрөгөөр нэмэгдсэн үнэ гэдгийг ченжүүд ярьж байсан.
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн гурван жилийнхтэй харьцуулбал 83 хувиар өссөн гэж Дэлхийн банкныхан мэдээлж байгаа бол Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас тооцоолсноор дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс сүүлийн есөн сард 45 хувиар өссөн гэсэн дүнг гаргажээ. Манай орны хувьд үнийн өсөлт нь 2007 оны сүүлийн хагас жилээс эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээрх цагаан будааны үнэ 2007 оны дунд үеэс эхлэн аажмаар өссөөр 2008 оны хоёр дугаар сараас огцом өсч, Энэтхэг, Египет зэрэг орнууд дотоод зах зээлээ хамгаалахын тулд экспортын хориг тавьж эхэлсэн байна.
Дэлхийн цагаан будааны хамгийн том экспортлогч Тайланд, Вьетнам зэрэг улсын цагаан будааны дэлхийн зах зээлийн үнэ 2008 онд гурав, дөрөв дүгээр саруудад огцом өсч тавдугаар сард хамгийн их буюу нэг тонн нь 863-963 ам.долларт хүрчээ. Товчхондоо 2008 оны гуравдугаар сард дэлхийн цагаан будааны дундаж үнэ оны эхэн үеэсээ 74 хувиар өссөн байна. Өнгөрсөн жилүүдэд бага хэмжээгээр буураад байгаа аж. Цагаан будаа экспортлогч гол 10 орон байдгаас манай орны хувьд хүнсний хэрэгцээт цагаан будааныхаа дийлэнх хувийг урд хөршөөс авдаг. БНХАУ үнээ нэмээгүй.
Өөрөөр хэлбэл Хятадын цагаан будаа нэг кг нь 414-421 төгрөгийн хооронд байхад манайд нэг кг нь 1360-1500 төгрөг буюу хилийн үнээсээ бараг 3-4 дахин илүү үнэтэйгээр зарагдсан байх юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэд байгаа билээ. Нэгэнтээ МҮЭХ-ы ерөнхийлөгч С.Ганбаатар “Цагаан будааны импортын үнэ бага байдаг. Ердөө дөрөв тавхан зуун мянгаар худалдаж авдаг хэрнээ манай дотоод зах зээл дээр гурав дөрөв нугалж зарагддаг” гэж ярьж байсан.
Тэгэхээр цагаан будааны үнийг хэн хөөрөгддөг вэ. Үнийн өсөлтийг зах зээл өөрөө зохицуулна гэх зуур иргэдийн хувьд бүх л хүнсний зүйл импортын ч тэр, дотооддоо үйлдвэрлэгддэг хүнсний бүтээгдэхүүн ч тэр ховор бараа болж байна. Зах зээл дээр байгаа хэр нь жирийн иргэд авч чадахааргүй өндөр үнэтэй тансаг хэрэглээ болох нь. Өнөөдөр Засгаас өгдөг 21 мянгаар гол зогоодог айл олон бий. Тэгвэл тэр айлуудын хувьд элсэн чихэр, цагаан будаа тансаг хэрэглээнд тооцогдох болсоор удаж байна.
Малын тоо 40 саяас дээш давсан гэж сайрхдаг хэдий ч махаа авч идэж дийлэхээргүй болж байгаа иргэд импортоор оруулж ирдэг будааны үнийг дийлэхгүйд хүрэх нь аргагүй. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ахлах эдийн засагч Абдолреза Аббассиан “Дэлхийг хүнсний хямралд нэрвэгдэхээс сэргийлж буй цорын ганц бүтээгдэхүүн бол цагаан будаа” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард тэмдэглэж байсан билээ.
Тэгвэл импортынх нь үнэ төдийлөн нэмэгдээд байдаггүй цагаан будаа манайд болохоор эсрэгээрээ үнийн хөөрөгдөлд ороод байдгийн учир юу билээ.
Ц.Цэцэгжаргал
URL: