Сайд асан А.Гансүх сандрахын учир юу вэ

Өдрийн шуудан” сонинд хаягласан “Дэд сайд асан А.Гансүх АТГ-т өөрийгөө шалгуулжээ” гэсэн сүржин гарчигтай мэдээллийг нэгэн зэрэг өдөр тутмын арваад сонин, мэдээллийн тав зургаан сайтад дэд сайд асан А.Гансүх нийтлүүлжээ.     Үүнийхээ төлөө дэд сайд асан хэчнээн хэмжээний мөнгө төлсөн бол гэдгийг үл өгүүлээд, харин юуны учир ийнхүү хичээснийг сонирхоё. Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх “Өдрийн шуудан” сонинд нийтлэгдсэн “Монголд Өөрөөс нь хэн баян бэ” гэсэн нийтлэлийн дагуу өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаж, тус газар шалгаад, сайд асанд хүсэлтийнх нь хариуг өгчээ. “Дэд сайд асан А.Гансүх АТГ-т өөрийгөө шалгуулжээ” гэсэн гарчигтай, төлбөртэй мэдээллээс ингэж ойлгогдож байгаа юм. Уг мэдээнд байгаа, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханы гарын үсэг бүхий албан тоот “Дэд сайд болсноос тань хойш таны орлогод өөрчлөлт ороогүй байгааг судалж тогтоолоо “Өдрийн шуудан” сонин ташаа мэдээлсэнд бид анхаарах болно” гэсэн утга бүхий аж.

Ерөнхийдөө энэхүү албан тоот дэд сайд асанг хүсэлтийнх нь дагуу шалгасан Авлигатай тэмцэх газрын шалгалтын дүн бололтой. Хэрвээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүхийн төрсөн дүү А.Батхуяг Авлигатай тэмцэх газарт ажилладаг. Ажиллах ажиллахдаа яг хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан хэлтэст нь ажилладаг байгаагүй бол шалгалтын дүн арай өөр гарах байсан ч юм билүү. Гэхдээ энэ тухай үл өгүүлж, асуудлын гүн рүү оръё.“Өдрийн шуудан” сонин “Монголд хэн баян бэ” гарчигтай нийтлэлдээ дэд сайд асан А.Гансүх болон УИХ-ын нэр бүхий Авлигатай тэмцэх газрын төрийн өндөр албан тушаалтнуудын орлогод хийсэн судалгааны дүн, орлогынхоо хэмжээгээр бусдыгаа тэргүүлж байгаа тухай хөндсөнөөс бус түүнийг дэд сайд болчихоод баяжсан тухай огт дурьдаагүй. Өөрийнх нь ойлгож, шалгуулахаар хөөцөлдсөнчлөн түүнийг дэд сайдын албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж их хэмжээний орлого олсон тухай бүр ч бичээгүй. Харин нэр бүхий хүмүүс олсон орлогоороо тэргүүлж байгаа тухай дурьдаж, ийм их хэмжээний орлогыг хаанаас, ямар эх үүсвэрээс олж байна вэ гэдэгт холбогдох газрууд анхаарлаа хандуулан шалгаж нягталж байна уу гэсэн асуудлыг хөндөж тавьсан билээ.

“Өдрийн шуудан” сонины энэхүү нийтлэлийг дэд сайд асан ихэд хүндээр тусган авч, өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахад тус газар шалгаад, туүнийг дэд сайд болсноосоо хойш орлого олоогүй байна гэж дүгнэсэн бололтой. Иргэн А.Гансүхэд хариу хүргүүлэх тухай гэсэн албан тоотоос ингэж ойлгогдоод байгаа юм. Дэд сайд асан өөрийгөө Монголд тэргүүлэгч баян хүн биш гэж тооцож, түүнийг нь ч Авлигатай тэмцэх газар баталгаажуулжээ. Уг нь үгүй ядаж албан тушаал хашсаных нь цалин түүнд орлого болон орж ирсэн баймаар юм. Энэ тухай мөн л үл өгүүлээд цааш нь үргэлжлүүлье. Авлигатай тэмцэх газар хүсэлтийн хариу болгож өгсөн албан тоотдоо “Төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт Авлигатай тэмцэх газар орлогын судалгаа хийж, олон нийтэд мэдээлсэн. Түүнд дэд сайд асан А.Гансүхийн нэр дурьдагдсан тухай “Өдрийн шуудан” сонин ташаа мэдээлсэн” гэжээ.

Гэтэл “Монголд хэн баян бэ” нийтлэлд Авлигатай тэмцэх газар орлогын судалгаагаа олон нийтэд мэдээлсэн тухай огт бичээгүй, бүр ийм үг, үсэг байхгүй. Харин ийм судалгаа хийгджээ гэдгийг л ил болгосон юм. Бидэн олдсон мэдээллээр Авлигатай тэмцэх газар энэхүү судалгааныхаа дүнг гаргах, олон нийтэд мэдээлэх хүсэлгүй байгаа юм билээ. Гэхдээ, нэгэнт  хүндтэй холбоотой асуудал хөндөгд байгаа учир “Өдрийн шуудан” coнин хэвлэн нийтлэх үүргийнхээ төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогод хийсэн судалгааны дүн, мэдээллийг бүрэн эхээр нь авч, нийтэд мэдээлэх хүсэлтэй байгаа энэ дашрамд Авлигатай тэмцэх газрын удирдлагуудад уламжлая. Мэдээ ил тод байдал ба мэдээлэл авах тухай хуулийн дагуу бидний мэдээллийг бүрэн эхээр нь өгнө гэдэгт гүнээ найдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих