Стратегийн ордууд уу? аль эсвэл стратегийн компани уу?
Эртний Хүннү гүрний түүх, соёлын өвийг хадгалагч олон булш, бунхныг хэвлийдээ агуулсан Ноён уулын зүүн суга, Нарийн Гацууртайн голын хөндийг харийнхан ухаж төнхөж, хэвлийд нь байгаа алт эрдэнэсийг цөлмөх бэлтгэлээ хангаж байна. Уг нь 2009.07.16-ны өдөр УИХ-аас нэгэн чухал хууль баталсан нь: “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” юм.
Энэ хуулиар дээрхи газруудад ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ба гагцхүү стратегийн ордод энэ хориглох заалт нь үйлчлэхгүйгээр хуульчлагдсан билээ. Миний ярьж буй Ноён уулын зүүн суганд байх алт эрдэнэс нь Гацууртайн орд гэдэг нэртэй үндсэн орд бөгөөд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007.02.06-ны өдрийн 27 тоот тогтоолын 1 ба 2-р хавсралтуудад дурьдсан 15 дээр нэмэх 39 ордууд дотор ог дурьдагдаагүй орд юм.
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Хүдэр сум дахь Төмөртэйн орд, Баянгол сум дахь Бороогийн алтны орд гэсэн хоёрхон ордыг л стратегийн ордод хамааруулсан байна. Бороогийн алтны ордыг ашиглахаар Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” ХХК Монгол улсын Засгийн газартай “Тогтвортой байдлын гэрээ” гээчийг үйлдэж, 40 тн алтыг маань хэрхэн цөлмөснийг та бид нар дуулж мэдсэн билээ.
“Бороо гоулд”-ын баяжуулах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгоны нутаг Ноён уулын Нарийн Гацууртайн амнаас 60-70 км зайтай оршдог, Гацууртайн орд нь Бороогийн алтны ордтой ямар ч хамаагүй орд атал “Бороо гоулд” ХХК нь уг ордыг луйврын аргаараа цөлмөхийн тулд бидний ярьж буй Ноён уулын орчимд мөн Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд”ХХК-ий эзэмшиж буй 372 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 416 га талбай, 431 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1820 га талбай зэрэг жинхэнэ голын эх, ойн сан бүхий талбайнуудаас одоогоор тогтоогдоод буй 50 гаруй тн алтыг авч идэх нарийн арга боловсруулж, “Бороо гоулд” ХХК, “Сентерра гоулд” ХХК-уудын хамтарсан “Гацууртай төсөл” гээчийг гарган ирээд, юу ч үгүй идээд дууссан Бороогийн страгтегийн ордын нэрийн дор “нуруулдан ашиглах технологи”-оор ашиглах зөвшөөрөл авна хэмээн төр, засаг, ард иргэдийг мунхруулсаар байна.
Энэ технологио ашиглах зөвшөөрлөө УИХ- ын Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрүүлж байгаа сурагтай. Цаана нь Бороогийн ордын ашигласан шорооноос алт ялгах нэрийн доор Ноён уул орчмын ойн санг сүйтгэх, Гацууртайн ордыг буюу Нарийн Гацууртайн голын эхний газрын хэвлийн бүх чулуулгийг 60-70 км-т зөөн аваачиж, алтыг нь ялган авах нууц заль, луйврын ажиллагаа явагдаж байна.
Энэ хавийн нутаг нь түүх, соёл, палеонтологи, археологийн асар их үнэ цэнэтэй материал агуулсан нутаг бөгөөд “Газрын хэвлийн тухай хууль”-ийн Шинжлэх ухаан, түүх, соёлын онцгой үнэт зүйлийг агуулсан газрын хэвлийн хэсгийг хамгаалах тухай 43-р зүйлд зааснаар
1. Геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, палеонтологийн болон шинжлэх ухаан, түүх, соёлын хувьд онцгой үнэт зүйл бүхий газрын хэвлийн хэсгийг төрийн хамгаалалтад авна. Төрийн хамгаалалтад авсан газрын хэвлийн хэсгийн бүрэн бүтэн байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
2. Газрын хэвлийг ашиглах явцад геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, солир, палеонтологи, археологийн болон шинжпэх ухаан, түүх соёлын хувьд сонирхол татах бусад зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагчид ажпаа зогсоож, энэ тухай төрийн зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтууд шууд хамааран үйлчлэх ёстой нутаг билээ.
Гэтэл энд хайгуул хийж байсан гадаадын компанийнхан Арслан зааны хоёр соёо олоод, зургаа хамт авахуулж байснаас бус Археологийн хүрээлэнд хүлээлгэн өгч, үйл ажиллагаагаа зогсоолоо гэсэн мэдээлэл сонсогдоогүй билээ. Монгол улсын УИХ-аас Страгтегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтыг батлахад Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Бороогийн алтны ордыг энэ жагсаалтад хамруулснаас бус стратегийн ач холбогдол бүхий компаниудын жагсаалт хэмээх баримт бичиг огт батлаагүй бйлээ.
Ийм баримт бичиг гардаг ч байлаа гэсэн хамаг баялгийг маань цөлмөж дуусгаж буй “Бороо гоулд” ХХК-г энэ жагсаалтад хамруулан батлах УИХ-ын гишүүн олдохгүй гэдэгт найдаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Түнхэлийн хөгжил”ТББ. “Түнхэлийн өглөө”ТББ, “Хараа голыг хамгаалах иргэдийн бүлгүүдийг дэмжих сан”, “Монголын Байгаль хамгаалах бүлгүүдийг дэмжих холбооны Сэлэнгэ аймаг дахь зөвлөл” зэрэг ТББ-уудын мэдээлээр бэлтгэв.
Эх сурвалж: “Байгаль”
URL: