Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг АН-ын бүлгээс УИХ-д өргөн мэдүүлээд арав гаруй хонож байна. Хуулиараа асуудлыг 14 хоногийн дотор УИХ, байнгын хорооны хурлаар хэлэлцэх заалттай. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлыг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

Тэр ч бүү хэл ирэх хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах яриаг гаргаад байв.

Энэ байдалд АН-ынхан тайлбар хийхдээ “УИХ бол хууль тогтоох байгууллага. Тэгэхээр өөрийн гаргаж, баталсан хуулиа зөрчихгүй байх. Хэрвээ Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудлыг энэ ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэхгүй бол хууль зөрчиж, МАН өөрийн сайдаа хамгаалж үлдэх гэсэн оролдлого гэж тайлбарлана” хэмээн мэдэгдэж байсан.

Харин МАН-ын зүгээс “Хэн нэгэн УИХ-ын гишүүн ямарваа нэг асуудлыг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бол 14 хоногийн дотор хэлэлцэх заалттай байдаг нь үнэн. Гэхдээ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдэг бас өөрийн гэсэн хуулийн хүрээнд явагддаг. Тэгэхээр энэ ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудал ороогүй. Энэ хоёрын дундаас гарах хуулийн гарц байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрвээ ээлжит бус чуулганы хугацаанд товлосон асуудлыг л хэлэлцэнэ гэвэл түүгээр л болно” гэсэн мэдэгдлийг хийсэн.

Энэ хоёр тайлбараас харахад, УИХ-ын тухай хуулийн зарим зүйл заалт хоорондоо зөрчилддөг болох нь ил болж байгаа юм. Гэхдээ Ж.Энхбаяр сайдыг огцруулах тухай асуудал энэ тайлбарын хүрээнд замхрахгүй бололтой. Учир нь уг асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар болжээ. Ингэхдээ “УИХ-ын гишүүн асуудал өргөн мэдүүлбэл 14 хоногийн дотор хэлэлцэнэ” гэсэн заалтыг мөрдөж буй аж. Ийн ээлжит бус чуулганаар Ж.Энхбаяр сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр болов бололтой. Учир нь тус байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир “Манайх хууль зөрчихгүй. Хуралдааныг зарлан хуралдуулах болно” гэсэн юм.

Л.ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих