Цахим үнэмлэх хэвлэх ажлыг Ц.Нямдорж биш Н.Алтанхуяг саатуулсан гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ өнгөрөгч даваа гаригт хуралдааны талаар мэдээлэл өгсөн юм. Бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Өнөөгийн Монгол Улсын санхүүгийн байдал ямар байгаа талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас мэдээлэл сонссон байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим үнэмлэх хэвлэн, үйлдвэрлэх ажлын явц болон, Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар санал солилцож гишүүд нэгдсэн байр суурьт хүрсэн гэнэ. Энэ тухай бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ “Санхүүгийн байдлын хувьд өнөө жил урсгал болон хөрөнгө оруулалтын тал дээр онцын бэрхшээл учрахгүй байх төлөвтэй байгаа гэсэн мэдээллийг салбарын сайд нь өглөө. Гэхдээ Хүний хөгжил санд зохих хөрөнгийг даруй нэмэгдүүлэн татах шаардлагатай байгааг мөн хэллээ. 2012 оны манай улсын эдийн засгийн байдал ийм л өөрчлөлттэй байх нь. Харин цахим үнэмлэх хэвлэн, тараах ажлын хувьд ч гэсэн ямар нэгэн онцгой бэрхшээл үүсээгүй байна. АН-ын бүлгийн зүгээс мэдэгдсэн дээ, “Цахим үнэмлэх тараах ажлыг Ц.Нямдорж сайд зориуд удаашруулж байна” гэж. Гэхдээ ийм зүйл болоогүй юм байна. Ажил хэвийн үргэлжилж байгааг холбогдох албан тушаалтнууд, хэвлэх эрх авсан компанийн зүгээс мэдэгдсэн. Эндээс яагаад ийм мэдээлэл гарах болов гэсэн асуулт гарч байгаа. Тэгэхэд энэ асуудлыг хариуцаж байсан Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг ажлын явцыг удаашруулсан байгаа нь тогтоогдлоо. 2011 оны гуравдугаар сард Засгийн газар шийдвэрээ гаргасан байна. Гэтэл Тэргүүн шадар сайд найман сарын дараа ажлыг эхлүүлсэн байгаа юм. Энэ мэтээр ажилласаар цахим үнэмлэхний загварыг өнгөрсөн хоёрдугаар сард баталж, хэвлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Тэгээд ч цахим үнэмлэхийг тараахгүй байх ажлыг МАН-ын зүгээс хийгээгүй гэдгийг мэдэгдэх нь зүйтэй. Манай бүлгийн хэлэлцсэн гурав дахь асуудал бол Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулах эсэхийг шийдэх байлаа. Тэгэхэд бүлгийн гишүүд өмнөх байр сууриа хадгалсаар үлдлээ. Хоёр сонгуулийг зэрэг явуулах ямар ч боломжгүй гэж бүлгийн гишүүд үзэж байгаа юм. Цаашид хэлэлцэж энэ чуулганы хугацаанд асуудлыг шийдэх болно” хэмээсэн юм.

Харин АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн Ж.Энхбаяр сайдыг огцруулах тухай асуудлыг хэрхэхээ шийдээгүй байгаа аж. Уг нь УИХ-ын гишүүн хүн УИХ-д асуудлыг өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай гэдгийг МАН хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Гэхдээ ээлжит бус чуулганы хугацаанд товлосон асуудлыг баталсан хугацаанд нь хэлэлцэнэ гэдэг заалт дээрх хуулийн заалттай зөрчилдөх магадлалтай. Тэгэхээр Ж.Энхбаяр сайдыг хэзээ яаж хэлэлцэхийг одоогоор хэлэх боломжгүй байна гэдэг мэдээллийг бүлгийн дарга Ө.Энхтүвшин өглөө.

Л.ТӨР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих