З.Энхболд:Тэтгэврийн зөрүүг арилгах мөнгө улсын төсөвт суусан. УИХ хуулийг нь батлахгүй байна
-УИХ-ЫН ХҮНД СУРТАЛААС БОЛООД ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ЖИЖИГ АСУУДАЛ-
УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл”-ийн талаар ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл” хэлэлцэгдэлгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Яг хэдийд өргөн барилаа?
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, бид нар “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл”-ийг 2011 оны тавдугаар сарын 30-нд өргөн барьсан юм. Одоо бараг жилийнхээ ойнд хүрэх гэж байна.
-Тэтгэврийн зөрүү бий болсон шалтгаан нь улс орны эдийн засагтай холбогдож бий болсон нь дамжиггүй. Чухам хэдий хэрийн зөрүүг арилгахаар хуулийн төсөлд тусгасан бол?
-Улс, эх орон зах зээлийн шилжилтэд орсон 1990-2000 оны хооронд жил тутам инфляци өссөн байгаа. Ялангуяа 1995-1999 оны хугацаанд инфляци маш ихээр өссөн. Социализмын үед би инженер байсан. Тэр үед 600 төгрөгний цалинтай байлаа. Тэгээд тэтгэвэр тогтоолговол 600 төгрөгнөөсөө бодож тэтгэвэр тогтоолгоно. Гэтэл өнөөдөр багаар бодоход инженер 600 мянган төгрөгний цалинтай байна. 1990 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон инженер одоогийн инженерээс мянга дахин бага тэтгэвэртэй болж байгаа юм. Тэр хүний тухайн үед бүтээсэн ажил, одоогийн инженерийн хийж байгаа ажлын хооронд ялгаа байхгүй л дээ. Энэ жишгээр бодоод үзэхэд 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүний асуудлыг олон жилийн турш Монголын төр шийдэж чадаагүй л байсаар байгаа юм.
-Тэтгэврийн зөрүүг одоо шийдэх боломжтой гэж та үзэж байгаа учраас хуулийн төсөл санаачилж өргөн барьсан байх. Энэ асуудал шийдэгдвэл ч Монголын ард түмэнд тус болох нь дамжиггүй дээ?
-Монгол Улс уул уурхайн баялагтаа түшиглээд харьцангуй мөнгөтэй боллоо. Тиймээс энэ асуудлыг шийдэх нь зөв. Урьд нь тэтгэврийн зөрүүг арилгах талаар хуулийн төслийг яагаад өргөн бариагүй, асуудлыг шийдэж болохгүй байсан бэ гэхээр улс орон маань хүрэлцэхүйц мөнгөгүй байдаг байсан. Монгол Улсын 2012 оны төсөвт анх удаа тэтгэврийн зөрүүг арилгахаар мөнгө суулгасан.
-Санаачилсан хуулийн дагуу ямар өөрчлөлт гарах вэ?
-Бидний санаачилсан хуулиар ганцхан өгүүлбэртэй хуулийн өөрчлөлт байгаа. “Нийгмийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хууль” гэж байдаг. Тэр хуулийн тавдугаар зүйлд дор дурдсан агуулгатай зургаа дахь хэсгийг нэмсүгэй гэж байгаа юм. “1995 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийн хэмжээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оны нэгдүгээр сараас хойшхи үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнээс бодож өндөр настны тэтгэвэр тогтоолгосон даатгагчийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүүлэн олгоно” гэж байгаа юм. Мөнгөний ханшны өөрчлөлт ажил хийж байсан хүнтэй хамаагүй шүү дээ. Мөнгөний ханш өөрчлөгдсөнөөс болж бага тэтгэвэр авах ёсгүй.
-1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмадууд адилхан тэтгэвэртэй болох юм уу?
-Тэгэхээр тэтгэврийн зөрүү гэхээр хоёр юмыг хольж ойлгоод байгаа юм. Бидний өргөн барьсан хууль бол нэг ойлголтыг барьж байгаа. Нийгэмд нэг буруу ойлголт байдаг. Тэр юу вэ гэхээр 1990 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бүх хүн, ахмад настан адилхан тэтгэвэртэй байх ёстой гэсэн. Энэ бол тэтгэврийн зөрүү биш, социализмын тэгшитгэн хуваарилалт. Тэр үед инженер 600, цэвэрлэгч 200-300 төгрөг авдаг байсан. Таван жил дээд сургуульд сурсан, илүү хариуцлагатай ажил хийж байсан эсэх тухай асуудал гарч ирнэ. Тиймээс үүний харгалзан адилхан ажил хийж байснаар нь тэтгэврийн зөрүүг арилгана. Ийм л товчхон хуулийн төсөл болсон. Батлагдахад бэлэн болчихоод байгаа. Уг нь Цагаан сараас өмнө гаргачихсан байсан бол ахмадууддаа барих хамгийн том бэлэг болох байлаа. Үндсэндээ 17 жилийн жилийн турш шийдэж чадаагүй асуудал. Тэтгэвэр нь амьдралдаа хүрдэггүй олон хүн байгаа. Мөнгөний ханш хэд дахин өөрчлөгдсөний бурууг Засгийн газар өөрөө хүлээж байна гэсэн үг. 2001 оноос хойш таван удаа тэтгэврийн зөрүүг ойртуулах, арилгах хэмжээ авсан ч хол хэвээрээ л байгаад байна.
-1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хэдэн ахмад настан байдаг вэ?
-Хуулийн төслийг өргөн барихдаа 95 мянган хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талыг бодсон юм шүү. Хэлэлцүүлгийн явцад А.Тлейхан, Д.Оюунхорол, С.Эрдэнэ нарын гишүүдээс “1995 онд тэтгэвэрт гарсан боловч 1990-1995 оны цалингаараа тэтгэвэр тогтоолгосон иргэнийг хамруулах нь зүйтэй” гэсэн санал гарсан. Нийт 80 гаруй мянган хүн байгаа юм. Засгийн газарт маш их хийх ажил байна. Улсын төсөвт суусан мөнгийг хэрхэн хуваарилах, хэн гэдэг хүнд хэдэн төгрөг өгөх гэх мэт хийх ажил их байна. Ээлжит бус чуулган эхэлж байгаатай холбогдуулан, хуулийг батлуулах хэрэгтэй байна. Одоо хэлэлцэхгүй гэвэл хойшлоод хаврын чуулгантай золгоно. Хаврын чуулган маань сонгуульд тулна. Сонгуулиар ярих цаггүй болчихдог учраас одоохон батлуулж Засгийн газарт ажлаа хийх бололцоог нь өгье гэж бодож байгаа юм. УИХ-ын дарга бол МАН-аас сонгогдсон хүн. Ээлжит бус чуулганы захирамжиндаа “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг багтаагаагүй байна лээ. АН-ын бүлэг цаашид шаардана. Мөнгө төгрөг нь шийдэгдсэн учраас хойшлуулаад байх шаардлагагүй зүйл шүү дээ. УИХ-ын хүнд суртлаас болоод л хүлээгдэж байгаа жижиг асуудал.
-Тэтгэврийн зөрүүг арилгахад хэдэн тэрбум төгрөг шаардлагатай вэ?
-Ер нь жил бүр 25 тэрбум төгрөг төсөвт суулгаад таван жилийн хугацаанд зөрүүг арилгана гэсэн тооцоо байсан. Одоо 1990-1995 оны хооронд тухайн үеийн цалингаараа тэтгэвэрт гарсан хүмүүсийг нэмэхээр зарцуу-ах мөнгө нэмэгдэнэ.
-Тэтгэвэрт гарах нас болон тухайн үеийн тэтгэвэр тогтоолгосон хугацаа өөрчлөгдөх үү?
-Аль аль нь өөрчлөгдөхгүй.
Б.НЭРГҮЙ
URL: